Дотоодын цэргээс халагдсан бөх Зэвсэгт хүчний Барилгын цэргийг удирдах болжээ

зэвсэгт хүчний Барилгын цэрэг

Зэвсэгт хүчин, хилийн болон Дотоодын цэрэг, тагнуул, онцгой байдал, цагдаа гээд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагад бөхчүүд олноор ажиллаж, харьяалах спорт хороодынх нь нэр дээр барилддаг атлаа тухайн салбарынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй. Тийм нэгэн бөхийг Дотоодын цэргийнхэн ажлаас нь халсан ч хэн нэгний татаасаар Зэвсэгт хүчинд даргын албан тушаалд томилогджээ.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбатын тушаалаар Зэвсэгт хүчний 017 дугаар анги буюу Барилга инженерийн тусгай хорооны захирагчаар батлан хамгаалах салбарын бус, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулын салааны даргаар ажиллаж байсан, ахмад Т.Амартүвшинг томилсон байх юм. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, улсын харцага цолтой тэрбээр биеийн тамирын сургууль төгссөн гэдгийг нь Дотоодын цэргийнхэн ч, өдгөө томилогдоод буй Зэвсэгт хүчнийхэн нь ч хэлж байна.

Хууль, журмынхаа дагуу бол Зэвсэгт хүчний хорооны захирагчаар цэргийн академи төгссөн, батальон захирагчаас хорооны штабын дарга хүртэлх албан тушаал хашсан, ахлах офицерыг томилох ёстой. Гэтэл Т.Амартүвшинг томилуулахаар зүтгэсэн эздэд нь Зэвсэгт хүчний салбарын хууль, журам хамаагүй бололтой. Байлдах чадвартай, байгуулсан гавьяатай, өдгөө ч бүтээн байгуулалт өрнүүлж буй барилга инженерийн цэргийн ахлах офицерууд дотор хорооны захирагч хийх хүн олдоогүй л юм байх даа. Ийм байдлаар мэргэжлийн бус хүн томилох юм бол гадаад, дотоодын цэргийн академи, сургуульд татвар төлөгчдийн мөнгөөр мэргэжилтэн бэлтгэх хэрэг байна уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (35)