Дотоодын цэргийн штабын даргаар С.Ганбатыг томилжээ

Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байхдаа Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчилж, 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Дотоодын цэргийг татан буулгасан билээ. Дотоодын цэргийг татан буулгах шийдвэр нь нүдээ олоогүй учраас 2016 онд Дотоодын цэргийн тухай хууль батлуулахаар болсон юм. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 9-нд өнөөгийн УИХ дээрх хуулийг батлан, энэ сарын 1-нээс дагаж мөрдөж эхэллээ.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Дотоодын цэргийн штабын даргыг томилжээ. Уг нь энэ албан тушаалд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, дээрх хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, хурандаа П.Энхтогтох, эсвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт, ОХУ-д Жанжин штабын академи төгссөн, Дотоодын цэргийн штабын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Амгалан нарын нэр дуулдаж байв.

Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хурандаа С.Ганбатыг томилжээ. Дотоодын цэргийн тухай хуулийн 6.1.4-т “Дотоодын цэргийн командлагчийн саналыг үндэслэн дотоодын цэргийн штабын даргыг томилж, чөлөөлөх эрх нь Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд байхаар тусгасан. Дотоодын цэргийн дарга нь ЦЕГ-ын дарга байхаар хуульчилсан юм.

Хурандаа С.Ганбатын хувьд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад АН Засгийн газарт олонх болох үед ажлаасаа чөлөөлөгдөн, Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулын алба хашиж байгаад эх орондоо ирээд удаагүй байгаа нэгэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)