Дотоодын аялал жуулчлалыг дэмжих төрийн бодлого үгүйлэгдэж байна

“Ковид-19” хэмээн нэрлэх болсон, шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Ухань хотод гар ч дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа билээ. Өнгөрсөн өвөл дэгдсэн эл өвчин олон тэрбум иргэнийг хөл хорионд байлгав. Урин дулаан цаг ирж хүмүүс аялал, зугаалгад явахаар зэхэж буй энэ үед манай улсын төдийгүй дэлхийн аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийгээд буй. Хөл хорио тогтоож, хил хааснаас үүдэн бүтээгдэхүүн буюу гадаадын жуулчид ирэхгүй болсон учир тэг зогсолт хийсэн гэж албаныхан мэдээлсэн.

Манай улсад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй компани, тур оператор бий. Уг салбарт 54 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд коронавирусийн дэгдэлтээс үүдэн жуулчин хүлээн авах боломжгүй болжээ. Цар тахал аялал жуулчлалын салбарт 100 хувь сөргөөр нөлөөлж эл салбараас манай улсад орж ирдэг 600 гаруй сая ам.долларын орлогыг “боомилоод” буй. Гэвч тэдний бүтээгдэхүүн буюу жуулчид нь дан ганц гадаадынхан гэвэл өрөөсгөл. Хэдийгээр тэдний тоонд хүрэхгүй ч дотоодын жуулчдын тоо 2018 онд давхардсан тоогоор хоёр сая гаруйд хүрч байсан. Үүнээс үзвэл манай улсын аялал жуулчлалын салбар арай ч тэг зогсолт хийх хэмжээнд хүрээгүй байгаа нь харагдана. Тиймээс дотоодын аялагчдаа хүлээн авахын тулд аялал жуулчлалын компани, тур операторууд юу хийх шаардлагатай, мөн иргэд тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг хөндөхийг зорив.

Ихэнх жуулчны бааз гадаадын аялагчдад үнэтэй, харин дотоодынхонд хямдхан үйлчилдэг. Манайхан аялсан, үйлчлүүлсэн өртгөө төлөхдөө муу унждаг учир аяллын компаниуд өөрсдөд нь зориулж хямд үнийг санал болгодог гэх. Гэвч монголчууд жуулчны баазын үйлчилгээг муулж, хоолыг нь голдог. Иргэдийн шүүмжлэлд байнга өртдөг жуулчлалын компани, тур операторууд үнээ хэрхэн тогтоодог юм бол. Нэгдүгээрт, хүний амь гэдэг хамгаас чухал учир тэд аяллын машин, хоол, жолоочийн төлбөрт багагүй мөнгө зардаг. Тиймээс л жуулчлалын компаниар дамжуулан хийсэн аялал үнэтэй байх нь ойлгомжтой. Уг нь аяллын турш хоол хийх, жолоо барих, машин эвдэрвэл яаж заснаа гэж толгойгоо “гашилгахгүй” байх бүхий л тав тухыг тань хангасан аялалд харин ч тохирсон үнэ байлтай. Гадаадын жуулчид санаа амар аялал гэж юу болохыг мэддэг учир тохирсон үнийг нь төлж, жуулны компаниудыг сонгодог.

Дотоодоос цөөнгүй жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын салбар өөрсдийгөө тэг зогсолт хийж буй гэж зарласан нь цаанаа учиртай. Монголчууд нүүдэлчин ард түмэн учир эрх дураараа байх дуртай. Тиймээс зуны улиралд гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн аялалд гарах нь элбэг. Хаа таарсан газартаа майхнаа бариад, хоолоо хийгээд хоноглочихдог. Багадаа долоо, ихдээ сар гаруйн аяллаас бухимдсан, ядарсан хүмүүс буцаж ирдэг. Нэгэнт л ийм жишигт дасчихсан хүмүүс учир аяллын компани сонгож илүү мөнгө үрэх дургүй байдаг биз. Дотоодын аялагчид байлаа ч гэсэн энэ салбар тэг зогсолт хийж буй нь ийм учиртай. Нэг ёсондоо дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлээгүй, хүмүүсийг компаниудаар дамжуулан аялж сургаагүй нь ийн хохирол учруулахад хүргээд буй хэрэг. Тиймээс одоо ирээдүйгээ харж, оновчтой сонголт хийх шаардлага жуулчны компани, бааз, тур операторуудын өмнө тулгараад байна. Энэ жил аялал жуулчлалын салбар амаргүй давааг туулж гарах учир саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр тэг зогсолт хийнэ гэж яаран дүгнэхээсээ өмнө дотоодын аялагчидаа хямд, чанартай үйлчилгээг хүргэх, өөрсдөдөө татахад анхаарах хэрэгтэй болов уу.

Уналтад орсон аялал жуулчлалын салбараа дэмжихийн тулд иргэд, дотоодын жуулчдыг хүлээн авахдаа аяллын компаниуд юу анхаарах ёстой талаар Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Энэ жил манай улсын аялал жуулчлалын салбар томоохон бэрхшээлтэй нүүр тулаад буй. Бэрхшээлийг давах арга танихаар юу байна вэ?

-Дэлхийн бүхий л орны аялал жуулчлалын салбар цар тахлаас үүдэн уналтад орсон гэвэл өрөөсгөл. БНХАУ-ын иргэдийн 80-90 хувь нь дотооддоо аялдаг. “Ковид-19” гарч, хилээ хаасан ч гэсэн Хятадын аялал жуулчлалын салбарт айх зүйл үгүй. Цар тахал бидэнд олон зүйлийг эргэцүүлэх боломж олголоо. Бид дотоод болон гадаадын аялал жуулчлалыг “хос морь” шиг хөгжүүлэх хэрэгтэй байж. Дотоодын аялагчдыг үл тоон, орхигдуулсан нь бидний алдаа болжээ.

Нэг талаас монголчууд аялал жуулчлалын салбараа дэмжих, нөгөөтээгүүр жуулчны баазууд дотоодын аялагчиддаа хөнгөлөлт үзүүлэх нь хямралыг давж гарах хамгийн зөв шийдэл. Өөрөөр хэлбэл, иргэд уналтад орсон салбараа дэмжих, монгол орноо үзэх гэсэн хүмүүст жуулчны баазууд хямд үнэ санал болгон, харилцан ашигтай ажиллах гэсэн үг.

-Жуулчны баазуудын үйл ажиллагааг сайжруулах, хямд үнээр үйлчилдэг болгох арга бий юу?

-Баазууд эхнээсээ үнээ буулгаад эхэлчихсэн. Архангай аймгийн хэд хэдэн бааз үйлчилгээнийхээ үнийг 40 хүртэлх хувиар буулгаж, үүнийгээ бусад аймгуудад уриалаад буй. Мөн шийдвэр гаргагч байгууллагууд дүрэм, журам, стандарт боловсруулж байгаа. Монголчууд нүүдэлчин ард түмэн учир нэг газарт удаан тогтдоггүй. Нэг аймгаас нөгөө аймаг руу дамжиж, хөдөө хээр хоноглох нь их. Энэ жил өмнөх шигээ майхнаа аваад, найзуудаараа аялалд гарах нь эрсдэлтэй. Тахал гарсан үед хөдөө хээр, хүн амын суурьшлаас хол байрлаж байгаад халуурч, бие нь муудвал хаана хандах вэ. Хүнгүй газарт эмнэлгийн тусламж авч чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс ядаж л очсон газар бүртээ төв суурин бараадаж, жуулчны баазуудад амарсан нь зөв. Бид жуулчны баазуудын иргэдэд үйлчлэх хамгийн доод болон дээд үнийг тогтоосон. Тухайн баазууд тогтоосон үнэд тохируулан үйлчилгээгээ гаргана. “Дотоодын аялагч олон ирэх учир үнээ нэмж мөнгө олно” гэсэн зарим баазуудын үйл ажиллагааг ийн “хазаарлаж” байна. Тиймээс иргэд санаа амар байж болно.

-Жуулчны баазууд багагүй эрсдэл гаргаж байгаа юм байна. Тэд энгийн үед дотоодын жуулчдаас олдог орлогынхоо бараг талыг алдах нь ээ. Тэгвэл иргэдийн зүгээс аялахдаа юу анхаарах ёстой вэ?

-Тэд тал хувиасаа ч илүүг алдаж байгаа. Бараг л ашиг олохгүй гэсэн үг. Учир нь цар тахлаас болж нэг гэр, байшинд хонох хүний тоог хоёр гэж заасан. Бүрэн хүчин чадлаараа бус тал дүүргэлтээр зочин авах юм. Мөн халдвар тархаахгүй байх үүднээс өндөр стандартууд гаргасан. Аялагчдыг тусад нь хооллуулах, гэрт ариутгалын бодис байршуулах, тогтмол цэвэрлэгээ хийх гэх мэт. Ашиг олохгүй байж яагаад ажиллах гээд байгаа юм бол гэж зарим нь гайхаж магадгүй. Учир нь бүх аялагч очсон газар болгоныхоо жуулчны баазуудад хоногловол уг алдагдлыг бууруулах боломжтой. Жуулчны баазууд, төр, иргэд хичээхгүй л бол уг салбар энэ жил тэг зогсолт хийхээс өөр аргагүй.

Иргэд энэ жил маш өндөр хариуцлагатай аялах хэрэгтэй. Манайхан ч гэсэн гадагшаа явж чадахгүй учир дотоодын аялал нэмэгдэх учир олноороо бөөгнөрдөг, аялал жуулчлалын гол бүс нутгуудаас гадна аяллын төрлүүдийг сонгох хэрэгтэй. Жишээлбэл, морин, дугуйн, явган, бартаат замынхаас гадна завин аяллыг сонгож болно. Мэргэжлийн хөтөчтэй, баг хамт олон бартаат болон завин аяллыг сонирхолтой байдлаар зохион байгуулдаг. Иргэд энэ жил аялал жуулчлалын салбарыг үндэсний үйлдвэрлэл гэж ойлгон олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийх хэрэгтэй. Ингэснээр иргэд ч сэтгэл ханамжтай аялж, жуулчны баазууд ч орлого олох юм.

-Манайхан байнга жуулчны баазуудад очиж хоноглохгүй. Аялал эрсдэлтэй, сонирхолтой байвал сайхан гэж боддог. Сониуч, эрсдэлийг туршиж үзэх гэсэн хүмүүсийн хүслийг нь яах вэ?

-Монголчууд, тэр дундаа залуу хүмүүс яг ийм адал явдалтай аяллыг хүсдэг. Тиймээс сониуч занг нь хязгаарлаж байнга баазуудад байрлуулна гэдэг хэцүү. Долоо хоног аялах ёстой хүмүүсийг 2-3 хоногоо онгон байгаль, зэлүүд талд тухтай амрах боломжоор хангах хэрэгтэй. Би дээр дурдсан, суурьшлаас хол байх нь өвчний үед эрсдэл өндөр гэж. Гэхдээ аялал жуулчлал нь өндөр хөгжсөн Барууны орныхон хээр хоноглох отог бэлдэж өгдгөөрөө давуу талтай. Гадаа байгальд хоол хийх, майхнаа барих газруудыг нь зааж өгөөд, тохижуулчихсан байдаг. Ийм газар байхгүйгээс болж хог хаях, хараа хяналтгүй архидан согтуурах явдал гаардаг юм. Тиймээс иргэдийн аюулгүй байдалд санаа тавьж, мөн аялал жуулчлалаа дэмжин отоглох газруудыг аяллын бүс нутагтаа байгуулах хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)