Дотоодын аялагчдын дорой боловсролыг дээшлүүлэх шаардлагатай

“Дэлхийд хадны зургаараа танигдсан, байгалийн гайхамшигт тогтоцтой Хойд цэнхэрийн агуйг дотоодын аялагчид сүйтгэсээр. Агуй доторх хадан дээр чулуу, балаар сийчдэг дотоодын аялагчид энэ жил аялал жуулчлалын салбараа аварч чадахгүй л болов уу. Аялахад тэдний боловсрол жулдаж байна” гэж нэг иргэн нүүр номдоо нийтэлжээ. Хүний нэрээс эхлээд хүссэн үгсээ энд тэндгүй сийчсэн зургийг түүний нотолгоо болгож хавсаргасан байв. Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Хойд цэнхэрийн агуйд 40 мянган жилийн тэртээх үед хамаарах хадны сүг зураг олон бий. Дотоодын аялагчид энэ янзаараа соёлын өвдөө халдсаар байвал тэмээн хяруул, арслан заан, одос үхэр зэрэг хадны боржин чулуунд мөнхөрсөн эртний амьтдын зургийг хойч үеийнхэн минь харж чадахгүйд хүрэх нь.

Байгаль орчин, түүх, соёлын дурсгалт газрыг дотоодын зарим аялагч сүйтгэж, бусдынхаа нэрийг гаргадаг. Хөвсгөл аймгийн иргэн Нямсүрэн энэ талаар “2018 онд манай аймагт зочилсон аялагчдаас санал асуулга авахад олонх нь аялал огт таалагдсангүй гэж хариулсан. Гэр бүл, найз нөхөд, хамаатан садан гээд дотоодын 130 орчим аялагч бидний очсон амралтад байв. Хүүхдүүд сахилгагүйтэж, энүүгээр тэрүүгээр гүйлдэнэ, аав, ээж нь архи ууж, шорлог, хоол хийх нэрийдлээр хаа сайгүй гал асаана. Ойр орчим нь хогоор дүүрсэн учир жуулчид ийн бодсон байх. Аяллын нэг чухал чиглэл болох гол, нууруудыг дотоодын аялагчид бохирдуулах нь мөн л ихэссэн. Өгий, Тэрхийн цагаан, Хар зүрхний хөх нуурын өнөөгийн байдал үүнийг гэрчилнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Онон, Балжийн байгалийн цогцолборт газарт Чингис хааны цогцолбор барихаар болсон гэнэ лээ. Хэрэв аялагчдын боловсролд анхаарч, байгальд ээлтэй аялуулахгүй бол эл газар ч төд удалгүй хүний хөлд дарагдаж, доройтох байх” гэв.

Урин цаг ирэв үү, үгүй юү гэр бүл, найз, нөхдөөрөө нийлэн хөдөөг зорих нь монголчууд бидний зуршил болсон. Ингэхдээ аль үзэсгэлэнтэйг нь онилдог. Очсон газар бүртээ хог хаяж, голын усанд машинаа угааж, энд тэндгүй бие засдаг нь тэдний хувьд гэм биш зан. “Ариун цэврийн байгууламж муу, хогийн сав ховор, жуулчны баазууд үнэтэй” гэж өөрсдийгөө зөвтгөх аялагч олон. Гэхдээ бүх аялагч ийм биш. Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Дотоодын аялагч ч, аялал жуулчлалын салбарынхан ч өөрчлөгдөх цаг иржээ. Орчин үеийн залуус ухамсартай болсон. Тэд хогоо байгальд хаялгүй авч яваад, түүнийгээ цахим хуудсаараа дамжуулан бусдадаа уриалдаг. Олон хүн сайнтай, муутай гэгчээр байгальд дайсагнадаг, сэтгэлгүй хүмүүс бий. Тиймээс аялагчид байгаль дэлхийгээ хойч үедээ онгон дагшнаар нь үлдээхийн чухлыг ойлгуулах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, жуулчны баазууд тав тухтай, соёлтой үйлчилгээг санал болгох шаардлагатай. Чанаргүй үйлчилгээ, тэнгэрт хадсан үнэ хэлэхээр нүүдэлчин сэтгэлгээтэй хүмүүс хүссэн газраа майхнаа барьж хоноод, хаа сайгүй хог хаях нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс жуулчны бааз, иргэдийн хамтын ажиллагаа чухал” гэв.

Манай улсын нэг сая гаруй (давхардсан тоогоор) иргэн өнгөрсөн онд дотооддоо аялсан гэх судалгаа бий. Нийт хүн амын тоотой харьцуулахад энэ тийм ч бага тоо биш. Тиймээс аялагчдын боловсролын асуудлыг тусгайлан авч үзэх зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь, манайхан аялагчдынхаа боловсролд огт анхаардаггүй. Дэлхий нийтээр аяллын боловсролын суурийг экологийн мэдлэг гэж үздэг. Гэвч манай боловсролын хөтөлбөрт экологийн асуудал, тэр дундаа аялагчдын боловсролын талаар хангалттай тусгаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Биологи, Хүн ба орчин хичээлийн хүрээнд мод услах төдийг л хийдэг гэхэд хилсдэхгүй. Уг нь тэдэнд байгальд хэрхэн зөв аялах талаар ойлголт өгөх шаардлагатай санагдана.

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялсан иргэн Н.Гэрэлтуяа “Бид дөрвүүлээ амралтын өдрүүдээр салхинд гарлаа. Амралтын олон газартай учир хайж явсаар орчин нь цэвэрхэн, тухтай нэгийг нь сонгоод өрөө байгаа, эсэх, үнэ нь хэд болохыг асуутал “Манайх монголчуудад үйлчилдэггүй” гээд хаалгаа хаачихсан. Хүнийг ялгаж харьцлаа гэж хэсэг бухимдсаны эцэст өөр амралтын газарт очлоо. Тэндхийн менежер “Яг дөрвүүлээ биз дээ. Орой болохоор хүн нэмэгдэж ирдэг. Архидан согтуурч, танхайраад их хэцүү. Битгий хүн авчраарай” гээд аминчлан захиад гарсан юм. Гэгээ тасрахтай зэрэгцэн хажуугийн гэрт байрлаж байсан зургаан залуу дээр хүмүүс нэмж ирсээр, бараг 20-уулаа болчихсон. Шөнөжин архи ууж, ариун цэврийн өрөөг бөөлжсөөр бохирдуулж, бараг унтуулаагүй. Ингэж бүдүүлэг авирлахаар жуулчны баазууд монголчуудад үйлчлэхгүй гэх нь аргагүй шүү дээ” гэв. Дотоодын жуулчдын аяллын боловсрол ямархуу байгаа нь энэ мэт жишээнээс харагдах болов уу.

Цар тахал дэгдсэнээс үүдэн хөл хорио тогтоогоод таван сар болжээ. Тиймээс дотоодын аялагчид өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдэнэ гэж аялал жуулчлалын салбарынхан үзэж буй. Хөл хорионд багагүй хугацаанд байсан иргэд зургадугаар сар гарахтай зэрэгцэн аялалд гарлаа. Энэ жил дотоодын аялагчид Хөвсгөл нуур, Тэрэлж, Тайхар чулуу, Хоргын тогоо зэрэг аяллын гол бүс нутгаас гадна хүний хөлд бага өртсөн үзэсгэлэнт газруудыг “онилжээ”. Үүний нэг нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Цагаан суварга. Очсон хүн бүр бахдан уулга алддаг, говийн гайхамшигт эл газрын талаар иргэн А өөрийн нүүр номдоо “Цагаан суваргыг байгалийн үзэсгэлэнт газар гэдэгтэй маргах хүн байхгүй. Хажууханд нь Дэл-Уул хэмээх эртний сүг зургийн дэлхийд байхгүй том галерей бий. Харамсалтай нь, өдгөө энэ газрын ойр хавь хогийн цэг, жорлон болж, ариун цэврийн цаас, хоол, ундны хаягдал, архи, шар айргийн шилний хагархай хэлтэрхий, хаа сайгүй хөглөрч байна. Машины мөр, жимээр дүүрчээ. Монголын минь гайхамшигт олон газар ийм эмгэнэлт байдалд хүрсэн” хэмээн бичсэн байв. Монголын говь нутагт эрт цагт оршиж байсан далайн ёроолын шаварлаг хөрс он цагийн эрхээр бороо, салхинд элэгдэж, өвөрмөц тогтоцтой Цагаан суваргыг бий болгосон гэдэг. Олон өнгөөр солонгорсон дээрх газарт машин зогсох нь битгий хэл, майхан барьж, хоол хийж, хоноглох иргэд гаарчээ. Манайхан хэдэн мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараа хөгжүүлнэ гэж улиг болтол ярьдаг ч тэдний боловсролд анхаарахгүй байгаа нь харамсалтай.

Дотоодын жуулчдад аяллын боловсрол хэрхэн олгох талаар МҮИС-ийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн багш Н.Энхмагнайтай ярилцлаа.

-Та өнгөрсөн жил “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг түгээн дэлгэрүүлэх арга зам” сэдэвт судалгаа хийсэн. Уг судалгааныхаа дүнгээс танилцуулна уу?

-Дээрх судалгааг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, 18-аас дээш насныхан, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн дунд хийсэн юм. Улаанбаатар хот болон орон нутгийн 110 сургуулийн 1245 хүүхэд, насанд хүрсэн 220 хүн үүнд хамрагдсан. Судалгаанд оролцсон хүмүүс мод, гол, устай газраар аялах сонирхолтой нь ажиглагдсан. Хүүхдүүд ихэвчлэн эцэг, эхийнхээ шийдвэрийг дагаж, тэдэнтэй хамт аялдаг. Тиймээс багачуудад аяллын боловсролын үлгэр дуурайл үзүүлэгч нь томчууд юм. Томчууд ямар байна хүүхдүүд яг л дуурайна. Ээж, аав нь хогоо хаа сайгүй хаяж, энд тэндгүй бие засаад сурчихсан бол хүүхдүүд нь тийм л үлгэр дуурайл авна шүү дээ. Тиймээс насанд хүрэгчдэд аяллын боловсрол олгох шаардлагатай.

-Тэгвэл ямар аргаар ийм боловсрол олгох хэрэгтэй юм бол?

-Аялагчдыг жуулчны баазад амардаг, майхантай буюу хээр хонодог гэж хоёр ангилж болно. Компаниудаар дамжуулан аялдаг дотоодын жуулчдад аяллын боловсрол хялбар олгож болно. Харин майхантай аялагчдад боловсрол олгоход нэлээд цаг зарцуулах байх. Үүнийг жишээгээр тайлбарлая. Хустайн байгалийн цогцолборт газрыг аялал жуулчлалын хамгийн зөв менежменттэй гэж хэлж болно. Тэднийх үйлчлүүлж буй жуулчдадаа сургалт, танин мэдэхүйн хичээл ордог. Цогцолборт газрын танилцуулга, ач холбогдлыг харуулсан баримтат кино, хог хаягдал, түүнийг дахин боловсруулах гэх мэт. Хичээлд суусан бүх жуулчинд хогийн уут тарааж, майхан барих, хоол хийх газрыг нь нэгбүрчлэн зааж өгдөг. Мөн гадаадын жуулчдаас гадна дотоодынхонд хөтөч, үйлчилгээгээр үзүүлдэг. Манайхан зөвхөн гадаадын жуулчид л хөтөч авдаг гэж ойлгодог. Хэрхэн эмх цэгцтэй аялах талаар хөтчүүд тогтмол зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлдэг учир компаниудаар дамжуулан аялдаг жуулчдад боловсрол олгох нь хялбар гээд байгаа юм. Харин майхантай аялагчдад аяллын боловсрол олгох, зааж зөвлөх, шахаж шаардах хөтөч байхгүй. Тиймээс тэдэнд зориулж цахим сургалт зохион байгуулж, ухуулга сурталчилгаа тогтмол хийх хэрэгтэй. Тийм ажлыг төр зохицуулна гээд хойш сууж болохгүй. Бид нэг нэгэндээ шаардлага тавьж, байгалиа хамгаалах нь чухал.

-Хүүхдүүд томчуудаас үлгэр дуурайл авдаг хэдий ч тэднийг мөн аяллын боловсролд багаас нь бэлтгэх хэрэгтэй байх. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Мэдээж хэрэг хүүхдүүдэд аяллын боловсрол олгох хэрэгтэй. Үүнд томчуудын оролцоо хэрэгтэй. Нэг оюутан надаас “Морины хүүхдийг хэн гэдэг юм бол” гэж асуусан удаатай. “Гүүнээс унага төрдөг юм” гэж хэлэхэд “Гүү гэж юу вэ” гэсэн. Энэ мэтчилэн бидний хойч үе нүүдэлчин соёл, байгаль дэлхийгээсээ ангид өсөх болж. Байгальд хаясан хог тэнд амьдарч буй амьтан, ургамал, экосистемд ямар сөрөг нөлөө үзүүлдгийг ч мэдэхгүй хойч үеийнхэн яаж аяллын боловсролтой болох билээ. Тиймээс эцэг, эхчүүд уламжлалт соёлоосоо гадна аяллын боловсрол эзэмшиж, соёлтой хандлагыг хүүхдүүддээ төлөвшүүлэх хэрэгтэй.

Өдгөө цар тахал дэгдэж, дотоодын аялагчдаас өөр дэмжигчгүй болсон аялал жуулчлалын салбарынхан жуулчдад зөв шаардлага тавьж, зааж зөвлөх ёстой. Жил бүрийн долдугаар сард дотоодын аялагчид идэвхэждэг юм. Үүний балгаар байгаль орчин хамгийн их доройтдог. Гадаадын жуулчид ирэхгүй учир манай дотоод аялагчдын боловсрол хэр байна вэ гэдэг энэ жил улам тод харагдах болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)