Дотоодын аялагчдад зориулсан худалдааны цэг нээв

“Дорнод” аялал жуулчлалын нэгдлийнхэн орон нутагтаа аялал жуулчлалыг цогц хөгжүүлэх зорилгоор 10 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж, долоон төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Орон нутгийн онцлогтой бэлэг дурсгалын бүтээгдэхүүн” төсөл. Энэ хүрээнд тус нэгдлийнхэн аймгийнхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Старт-ап” хөтөлбөрийнхөнтэй хамтран “Дорнодод үйлдвэрлэв” худалдааны цэгийг гурван байршилд ажиллуулж байна. Хонины ноосоор хийсэн углааш, цүнх, түрийвч, дэвсгэр, төрөл бүрийн бэлэг дурсгал, чимэглэлээс эхлээд алжаал тайлах давс, тос, лаа, нүүр гарын саван зэрэг ахуйн хэрэглээний 100 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүнийг уг цэгт төвлөрүүлжээ. Загасны нөөшилсөн мах, зөгийн бал, хийцтэй цай, гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүн ч тэнд бий.

Дорнодод хилийн таван боомт байдаг учраас хөл хөдөлгөөн их, жуулчлалын идэвхтэй бүсэд тооцогддог. Өнгөрсөн онд гэхэд тус аймаг дахь хилийн боомтоор 210 мянга (давхардсан тоогоор) гаруй зорчигч орж, гарчээ. Энэ жил аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байгаа учраас “Дорнод” нэгдлийнхэн дотоодын жуулчдадаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхэд анхаарч байгаа гэнэ. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгчид болон тэдний бүтээгдэхүүнийг ням гараг бүр олон нийтийн сүлжээгээр танилцуулдаг аж. Хэрэглэгч, үйлдвэрлэгчийг холбосон хүргэлтийн үйлчилгээг ч орон нутагтаа нэвтрүүлжээ.

Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ганзоригоос орон нутгийн аялал жуулчлалын нөхцөл байдлыг лавлахад “Манайд тогтмол үйл ажиллагаа явуулдаг жуулчлалын гурван компани бий. Тэд ихэнхдээ хятад жуулчдад үйлчилдэг. Одоо үйл ажиллагаа нь бараг зогссон. БОАЖГ-аас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүд зогссон учраас бид аялал жуулчлалын төрийн бус байгууллагуудын “Дорнод” нэгдлийнхнээ дэмжин ажиллаж байна. Орон нутгийнхаа иргэдийг дотооддоо аялж, амрахдаа жуулчлалын компаниуддаа хөрөнгө оруулахыг уриалж байгаа” гэв.