Дотоодын аялагчдаа “түших” нь

Монгол Улсад коронавирусээр өвчилсөн хүн бүртгэгдэхгүй бол бидэнд жуулчдыг татах давуу тал бий болно хэмээн өөдрөгөөр төсөөлж байсан нь саяхан. Гэвч манай улсад халдвар тээгч бүртгэгдэж, энэ салбарынхан сорилттой нүүр тулав. Зөвхөн Монголд бус, Европ тивийн томоохон улсууд хилээ тодорхойгүй хугацаагаар хааж, зарим нь голомтот бүс рүү аялахгүй байхыг зөвлөж байна. Үүгээр зогсохгүй олон улсын жуулчдын шилжилт хөдөлгөөн энэ оны эхний сарын байдлаар 3-4 хувиар буурч, энэ салбар дахь 50 сая ажлын байр хумигдаж болзошгүйг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс анхааруулсан нь харанга дэлдэх дохио байж мэднэ. Үүнээс Азид 30, Европт долоо, Америк тивд таван сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж магадгүй хэмээн тооцоолжээ. Тэгвэл манай улс уг сорилтыг даван туулахын тулд хэр бэлтгэлтэй байна вэ.

ТУР КОМПАНИУДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Монголыг зорих жуулчид эхнээсээ захиалгаа цуцалсныг аялал жуулчлалын компаниудын төлөөлөл хэлж байна. Ирэхээсээ өмнө урьдчилгаа төлбөр байршуулсан жуулчид хүсэлтээ цуцалсан учраас мөнгийг нь буцаах шаардлагатай. Гэвч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх нь энэ салбарт үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн олонход тохиолддог бэрхшээл учраас жуулчдын байршуулсан мөнгийг шаардлагатай ажилдаа аль хэдийн зарцуулчихсан гэнэ. Тур компаниуд захиалгаа цуцалсан жуулчдын төлбөрийг буцаан олгох боломжгүйгээс гадна орлогогүй үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх хүндрэлтэй тулгарчээ. Нэгээс хоёр жилийн өмнө ажлаа төлөвлөн захиалга өгсөн жуулчид, үүсэж буй эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжгүй тур компанийн аль алинд хүнд тусах нь. Тиймээс зарим компанийнхан төрд найдаж сууна.

Үнэндээ аялал жуулчлалын салбарын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 28 хувиар буурсан. 2019 оны эхний хоёр сард 572 мянган жуулчин дотоодын эдийн засагт 607 гаруй сая ам.долларын орлого оруулжээ. Харин салбарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 11.7 сая ам.доллароор багассан үзүүлэлттэй байна. Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс харахад жуулчдын тоо ч 32 961 байгаа нь 21 хувиар буурсан дүн гэдгийг БОАЖЯ-ныхан мэдээлсэн.

Гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хязгаарласан, мөн бусад улс орон хилээ хааж, иргэдээ “гэрийн хорио”-нд байхыг сануулж буйгаас шалтгаалан энэ тоо цаашид буурах нь тодорхой аж. Тэгвэл энэ бэрхшээлийг хэрхэн даван туулахаар төлөвлөж буйг Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөрөөс тодрууллаа. Тус холбооноос хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Нэгдүгээрт, ирэх долоо хоногоос аялал жуулчлалын компанийн төлөөллүүд цахимаар хуралдаж, тулгараад буй сорилтын талаар санал бодлоо хуваалцах нь. Хоёрдугаарт, тэд өрсөлдөх биш, хамтарч ажиллах чиглэл баримтлах болжээ. Дэлхий дахинд ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл солилцож, харилцаагаа сайжруулж, үйл ажиллагаагаа уялдуулах боломж бий гэж тэрбээр үзэж байна. Гуравдугаарт, гадаадын гэхээс илүүтэй дотоодын жуулчдыг идэвхжүүлэхийг зорих гэнэ. “Машинаа унаад, майхнаа аваад жирийнэ” гэх нийтлэг ойлголтыг халж, мэргэжлийн хөтөч, автобустай, байгальд ээлтэй аяллыг тэд санал болгож байна. Түүнчлэн аялагчдын эрүүл мэндэд ч анхаарах гэнэ. Халдварт өвчин тархах эрсдэлтэй үед гадаадын жуулчид хүлээж авсан бол амьтны сэг зэмд ойртохгүй байхыг сануулж, ангийн мах санал болгохоос зайлсхийхийг аяллын компаниудад уриалах нь зөв гэж үзжээ.

Аялал жуулчлалын салбар дэлхий дахинд “тэг зогсолт” хийсэн гэж ойлгож болно гэж Д.Гантөмөр хэлсэн. Тиймээс хамгийн олон жуулчин хүлээж авдаг гэх Итали зэрэг улстай нэг гараанаас өрсөлдөх боломж бүрдэж буй гэнэ. Хэрэв монголчууд зөв менежмент хийж чадвал өөрсдөдөө давуу байдал бий болгохыг үгүйсгэхгүй байна. Ингэхийн тулд элдэв янзын хөшөө барихаар төлөвлөсөн хөрөнгөө авиакомпаниудыг дэмжихэд зарцуулах шаардлагатайг тэрбээр санууллаа.

Харин “Монголиан гайд тур” компани болон аялал жуулчлалын боловсрол олгох “Гайд” төвийн захирал Ч.Буянбадрах “Манай орныг зорих жуулчдын тоо бүр 0 болчихгүй нь лавтай. Тухайлбал, “Хү” хамтлаг Европ тивийнхнийг байлдан дагуулж, олон тоглолт зохион байгуулсан. Тэдний дуунд өгүүлдэг байгаль, зон олон, хөгжмийн зэмсэг, иддэг хоол нь ямар вэ гэдгийг нүдээр харах, мэдрэх хүсэлтэй шүтэн бишрэгчдийн 60 гаруй хувь нь манайд ирэхээр төлөвлөсөн бол цар тахлын улмаас 10 орчим хувь нь л Монголыг зорих хандлагатай байгаа. Түүнчлэн жилд дунджаар 30 мянга орчим солонгос хүн манай орныг зорьдог. Энэ тоо буурах нь тодорхой ч Монголд аялагчдын дийлэнх хувийг эзэлсэн хэвээрээ байна. Тиймээс гадаадын болон дотоодын аялагчдыг хүлээж авахын тулд үйлчилгээний чанараа дээшлүүлэх шаардлагатай. Цаашид зөвхөн зуны улиралд бус, өвөл ч гэсэн аялал жуулчлалаа хөгжүүлэхэд салбарын яамнаас анхаарах хэрэгтэй” гэлээ. Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр боловсруулсан мастер төлөвлөгөөгөө эргэн харах шаардлагатайг тэрбээр сануулав.

ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ

Жилд нэг сая жуулчин хүлээж авна гэж сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Ямар тооцоо, судалгаанд үндэслэн энэ тоог гаргасныг мэдэхгүй. Юутай ч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ч, олон улсын байгууллагуудын таамгаар ч энэ “мөрөөдөл” биелэхгүй нь тодорхой болж байна. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Монголыг зорих жуулчдын тоог 2020 онд нэг, 2030 онд хоёр саяд хүргэнэ гэж “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичигт тусгасан. 

Үүссэн нөхцөл байдлаас болоод энэ зорилтыг биелүүлж чадахгүй нь тодорхой болчихлоо. Угтаа зөвхөн бидэнд бус, дэлхий дахинд аялал жуулчлалын салбарт сорилт тулгарсан. Коронавирус тархсанаас хойш энэ салбар 30-50 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Уг нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх нь ч тодорхойгүй учраас бид ямар хариу арга хэмжээ авах нь зүйтэйг хэлж мэдэхгүй. БНХАУ-д уг вирус тархах үед солонгос жуулчдыг татахад анхаарахаар төлөвлөж байв. Харин одоо БНСУ-д халдвар газар авлаа. Улмаар Барууны орнууд руу чиглэсэн арга хэмжээ авахаар төлөвлөсөн ч тэнд мөн халдвар тархсан. Тиймээс урьдчилж арга хэмжээ авахад төвөгтэй байна. Гэхдээ гараа хумхиж суухгүй. 2020 онд хүлээсэн алдагдлаа 2021 онд нөхөж болно. Үүний тулд ариун цэврийн байгууламжуудыг нэмэх, үйлчилгээний стандар -таа сайжруулах, агааржуулалтын систем зэрэг тоног төхөөрөмжөө олон улсын стандартад нийцүүлэх боломжтой. 

2020 онд Өгий, Хяргас нуур зэрэг эко систем нь эмзэг 20 байршилд зургадугаар сараас өмнө ариун цэврийн байгууламж болон отоглох цэг байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь дотоодын жуулчдыг нэмэгдүүлэхэд ч тустай. Мөн үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийг сургалтад хамруулна. Аялал жуулчлалын компаниудад “ногоон” зээл олгож эхэлсэн. Тодруулбал, ХААН, Хасбанкаар дамжуулан аялал жуулчлалын компаниудад найман хувийн хүүтэй зээл олгоно. Өнгөрсөн онд 10 гаруй аж ахуйн нэгжид хоёр тэрбум төгрөгийн зээл олгосон бол энэ жил 20 орчим тэрбумыг өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн Монголыг цахим сүлжээнд сурталчлах зорилгоор “Feel Mongolia” кампанит ажлыг зохион байгуулна. Дотоодын аялагчид очсон газрынхаа зургийг өөрийн цахим хуудсандаа байршуулахдаа “Feel Mongolia” гэсэн үгийг ашиглахад л Монголын талаарх эерэг мэдээлэл бүхий мэдээллийн сан үүснэ гэж ойлгож болно. Үүний зэрэгцээ цахим сүлжээнд олон дагагчтай 10 орчим влоггерыг эх орондоо авчирч, Монголоо сурталчлуулахад нь анхаарна. “National geographic”-ийн харьяа, охин компанид ажилладаг шилдэг сэтгүүлч, зурагчдыг урьж, хамтран ажиллах санал тавиад, гэрээ байгуулсан” гэлээ.

Дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар уналтад орох нь илэрхий болсон ч манай улсын хувийн хэвшлийнхэн, салбарын яамныхан хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Харин Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс энэ салбарыг уналтаас гаргахад 10 сар гаруйн хугацаа шаардлагатай гэсэн тооцоо гаргаад байна. Түүнчлэн аливаа улс орны төр, засгаас энэ салбарыг сэргээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)