Дорнын эдийн засгийн тав дахь чуулга уулзалт болж байна

ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод олон улсын Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болж байна. Тус уулзалт нь ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн хөгжилд Азийн орнуудаас хөрөнгө оруулалт татах зорилготой юм. Тав дахь удаагаа болж буй чуулга уулзалтад 65 орны 8200 гаруй төлөөлөгч оролцож байна.

Орос, Энэтхэгийн удирдагчид хэлэлцээ хийх үеэр дээд хэмжээний эл уулзалт хоёр орны харилцаанд шинэ эрч хүч өгнө гэж БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр мэдэгджээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг нэг ч алгасаагүй бөгөөд өнөөдөр Оросын Төрийн тэргүүнтэй уулзана. Мөн Владивостокт Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад, БНХАУ болон БНАСАУ-ын Шадар сайд нар тус чуулга уулзалтад оролцож, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийнэ.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Алс Дорнодын хөгжлийн сан 46 тэрбум рублийн 15 хэлэлцээр байгуулж, 450 тэрбум рублийн төслүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж буй тухай тус сангийн Ерөнхий захирал Алексей Чекунков мэдэгджээ. Үүний сацуу нисэх онгоцны буудлын талаар гурван өөр хэлэлцээр байгуулах гэнэ. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтад 6000 хүн оролцож, 3.1 их наяд рублийн 220 хэлэлцээр байгуулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)