Дорнод аймгийн Чойбалсан хотын Ардчиллын гудамжны замыг засаж өнөөдөр нээлтээ хийлээ

Дорнод аймгийн Чойбалсан хотын Ардчиллын гудамжны замыг засах ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Найман жилийн өмнөөс тус замыг засах асуудал сөхөгдсөн хэдий ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүргэжээ. Эл замыг Хэрлэн сумын Засаг дарга салбарынх нь сайдад мэдэгдсэнээр Зам тээврийн яамны сайд М.Зоригт замын ажлыг эхлүүлж 48 цагийн дотор засварын ажил дууслаа.

Замын нээлтэд Зам тээврийн сайд М.Зоригт, Хэрлэн сумын засаг даргын орлогч Т.Энхтөр, Дорнод аймгийн Авто тээврийн төвийн дарга О.Пүрэв-Очир, гүйцэтгэгч “Чандмань тал” компанийн захирал Н.Энхболд нар оролцов.

Нээлтийн үеэр Зам тээврийн сайд М.Зоригт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ онд Зам тээврийн яам 1500 орчим км зам тавихаар төлөвлөөд байна. Өмнөх гурван жилд нийтдээ 3000 км зам тавьсан байдаг. Тэгэхээр 2016 онд өмнөх жилүүдийнхээс хоёр дахин их зам тавих гэж байна гэсэн үг. Ардчиллын гудамжны замын засварын ажлыг 48 цаг хүрэхгүй хугацаанд зам засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Үүгээрээ хүсэл зориг нь байгаад хийе гэвэл монголчуудад чадахгүй зүйл үгүй гэдгийг нотоллоо” гэв.

Мөн Өндөрхаан-Чойбалсан хотыг холбосон 143 км замын ажлын гүйцэтгэл дуусч байгаа бөгөөд энэ сарын 25-нд хөдөлгөөнийг нээх ажээ. Энэ онд Нөмрөг, Рашаантын боомт хүртэл хатуу хучилттай зам тавих тэргүүтэй нийт 200 гаруй км урт замыг наран мандах нутагт тавихаар улсын төсөвт тусгаад байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)