Дорноговь аймгийнхан үлэг гүрвэлийн олдворуудтай танилцаж байна

Монгол нутагт 70-80 сая жилийн өмнө амьдарч асан, Байгалийн түүхийн музейн сан хөмрөг байсан 20 гаруй ховор олдворыг багтаасан “Дунд төрмөлийн эрин” үзэсгэлэнг Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төв (МССТ)-д өчигдөр нээв.

Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал “Олдворуудыг Байгалийн түүхийн музейн үзмэр, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Н.Жавзмаа дөрвөн мэргэжилтний хамт дэглэн бидэнд хүлээлгэн өглөө. МССТ-ийн энэ оны соёл, гэгээрлийн ажлыг нээж, аймгийнхаа иргэдэд түүх, археологийн мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор уг үзэсгэлэнг гаргаж байна. Эдгээр олдворыг зөвхөн нийслэлд л харж чадахаар байсан бол нэг сарын хугацаанд нутагтаа харах боломж олгож буйгаараа давуу талтай. “Өндөг хулгайлагч” үлэг гүрвэл овираптор, эвэрт үлэг гүрвэл протоцератопс, пахицефалозаврын толгойн яс, вилоцираптор, пситтакозавр, алиорамус ремотус зэрэг зөвхөн монгол нутгаас олддог үлэг гүрвэлийн олдвор (оsteoglos¬sidae), өмнө зүгийн эх газрын ясархаг хэлт загас, Палеозойн эриний далай тэнгист өргөн тархалттай байсан амьтны нэг болох мөрхөлтөн, дун зэрэг ховор, сонирхолтой олдворыг тус үзэсгэлэнд тавьсан. Манай аймгийн төвд ерөнхий боловсролын дөрвөн сургууль бий. Сургууль тус бүрээрээ долоо хоног ээлжлэн үзмэр үзэхээр хуваарь гаргасан. Хүүхдүүдийн тасалбарын үнийн 50 хувийг хөнгөлөн 500, иргэдийг 2000 төгрөгөөр үзүүлж байгаа” гэв.

Бэлтгэсэн: Э.Жаргал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)