Дорноговь аймагт Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин хоёр өнгөлнө

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон билээ. Иймд ээлжит сонгуулийн 29 тойргийн нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь онцлон хүргэж байна. Энэ удаад наймдугаар тойрог буюу Дорноговь аймагт нэр дэвшиж байгаа гишүүдээс онцлон хүргэж байна. Тус тойрогт 12 хүн, хоёр мандатын төлөө өрсөлдөнө.

МАН-аас Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, АН-аас Ц.Жадамбаа, Д.Алтангэрэл, Та бидний эвслээс С.Мэндсайхан, Ч.Чимэдсүрэн, Шинэ эвслээс Ц.Гантулга, Д.Эрдэнэтбат, Зөв хүн электронт эвслээс С.Саран, Сахигтун үндсэн хуулийн 19 эвслээс З.Урансүх, О.Бадамсүрэн, Зон олны намаас Б.Тэмүүлэн нар нэр дэвшиж байгаа юм. Эдгээр горилогчдоос МАН-ын Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар энэ удаагийн сонгуульд Дорноговь аймагт өнгөлөх шинжтэй байна. Учир нь аймагтай хийсэн бүтээсэн зүйлтэй хоёр.

Б.Дэлгэрсайхан: Дорноговь аймгийн уугуул. 1994 оноос хойш 2016 оны сонгуульд нэр дэвших хүртлээ бизнес хийсэн. Нийт 22 жил бизнес хийх хугацаандаа уул уурхайн салбарт өчнөөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ.

 2016 оны сонгуулиар улсын хэмжээнд тойргоосоо хамгийн их санал авч ялалт байгуулсан цөөн эрхмүүдийн тоонд Б.Дэлгэрсайхан орсон аж. Тэрбээр оффшор данстай, хувийн хөрөнгөөрөө Монголд төмөр зам тавьсан. Мөн тойрогруугаа  хамгийн их хөрөнгө оруулалт татаж чадсан нэгэн.

Тэрбээр аймагтаа хувийн хөрөнгө оруулалтаар олон ажил хийсний нэг нь м.кв нь 650 мянган төгрөгийн үнэтэй “Мандахнаран” хороолол. Дорноговь аймагт Газрын тосны үйлдвэр баригдаж, төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна. Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүний анхаарлыг аймаг руугаа хамгийн их татахын зэрэгцээ гаднын хөрөнгө оруулалтаар төслүүд эхлүүлж, шилдэг аймгаар шалгарч, боловсролын чанар, хөдөлмөр эрхлэлт,эдийн засгийн үзүүлэлтээрээ Дорноговь тэргүүлсэн.  Мөн сонгогдсон тойрогынхоо иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож, сонгогчдоо хөсөр хааяагүй цөөн гишүүдийн нэг.

Т.Энхтүвшин: Дорноговь аймгийн Засаг даргаар 2016 оны долдугаар сард томилогдон, ажиллаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай гар нийлэн сайн ажиллаж нутаг орондоо бүтээн байгуулалтын ажлыг дорвитой хийж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь Дорноговь аймаг улсын шилдэг аймгаар хоёр дахь удаагаа шалгарсан юм.

Өнгөрсөн жил тус аймаг улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан болон олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 102,7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн аж.

Сумдад төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээний ажил, Ханбаянзүрх хайрхан хүртэлх 6.8 км хатуу хучилттай авто зам, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн хямд өртөгтэй орон сууц, сургууль, цэцэрлэг, дотуур байрыг нэмэгдүүлснээс гадна Сайншанд суманд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 50 ортой төрөх, 20 ортой эмнэлэг болон Замын-Үүд сумын 100 ортой эмнэлэг шинээр ашиглалтад оруулжээ.

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, нийтийн орон сууцны засвар, гэр хорооллын авто зам, гаднах талбайн болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг бий болгож иргэдийн талархлыг хүлээгээд байгаа Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар Дорноговь аймагт өнгөлөх нь дамжиггүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)