“Дордуулсан долоо” 20 жилийн дараа буюу хоёр дахиа Цэцэд “дуудагдлаа”

Нэр бүхий иргэд Цэцэд хандаж УИХ 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн 1.2, 3.1, 16.1.9, 29.1, 40.1, 40.2, 68.1, 70.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн, эсэх талаар мэдээлэл ирүүлсэн байна. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.

Энэ бол Үндсэн хуулийн “дордуулсан” гэх тодотголтой долоон өөрчлөлт 20 жилийн дараа буюу хоёр дахиа Цэцэд “дуудагдаж” буй хэрэг.

Уг нь эдгээр нэмэлт, өөрчлөлтийг УИХ 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд анх баталсан юм. Үүнийг баталсан УИХ-ыг МҮАН, МСДН, МШАН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25 (одоогийн МАН), МУНН нэг суудалтайгаар бүрдүүлж байсан бөгөөд 1999 оны сүүлчээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар парламентад суудалтай бүх нам санал нэгдэн баталсан гэдэг. Тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй юм билээ. Ингээд 2000 оны долдугаар сард болсон сонгуулиар МАХН 72 суудалтай болж, анхдугаар чуулганаараа Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүйг энд тодотгоё. Үүнээс бараг жилийн дараа Цэц их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэхдээ “Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн тогтоол гаргаж, хүчингүй болгосон билээ. Тухайн үед иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Н.Отгон нар Цэцэд хандаж байсан бол энэ удаа нэр бүхий таван иргэн дээрх мэдээллийг гаргажээ. Нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш дөрөв хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 28-нд иргэн Н.Баасанжав, Н.Хайдав нар Цэцэд анх мэдээлэл гаргаж байсан юм байна. Их суудлын хуралдааны үеэр иргэн С.Нарангэрэл “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүд 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд УИХ-ын дарга Р.Гончигдоржид өргөн барьж, мөн өдрийн маргааш нь үдээс өмнө хэлэлцэж шууд баталсан. Эл асуудал нь энэ удаагийн чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд огт тусгагдаагүй” хэмээж байсан аж.

Тус хуралдаанд УИХ-ыг төлөөлөн оролцсон, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж (тухайн үеийн) “Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалж, 69 дүгээр зүйлд зааснаар Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар баталдаг бөгөөд өмнөх УИХ-ын бүрэлдэхүүн Үндсэн хуулийн энэ заалтыг чанд баримтлан уг өөрчлөлтийг хийсэн билээ. Гэтэл Цэц Үндсэн хуульд оруулсан энэхүү хууль ёсны нэмэлт, өөрчлөлтийн талаар маргаан үүсгэж, уг өөрчлөлт нь Үндсэн хуулийн 1.2, 70.1, 68.1 дэх заалтуудыг зөрчсөн байна гэсэн хууль бус дүгнэлт гаргаж, түүнийг хэлэлцэхийг УИХ-д шаардсаар байсан юм. УИХ уг асуудлыг хэлэлцэх явцад Цэц нь Үндсэн хууль, Цэцийн болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан тул түүнийг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх талаар УИХ-аас ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуультай нийцэж бай

гаа, эсэхийг магадлан шалгах, дүгнэлт гаргах ямар ч эрх Цэцэд байхгүй” гэснийг хурлын тэмдэглэлээс харж болох нь.

Гэвч Цэц нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосоор атал МАХН-ынхан үг, өгүүлбэрийг нь ч өөрчлөлгүйгээр УИХ-д дахин өргөн барьж батлуулав. Ингэхэд МАХН-ын 72 гишүүнээс 68 нь дэмжжээ. Ерөнхийлөгч Н.Баганбанди үүнд дахин хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй.

20 жилийн өмнө ч, дараа ч Цэцэд хандсан хүмүүсийн аль аль нь “дордуулсан долоо” Үндсэн хуулийн 1.2, 68.1, 70.1 болон бусад холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байгаа юм. Цэц ч үүнийг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгосон удаатай. Харин одоо Цэц ямар шийдвэр гаргах бол. Өмнөхөөсөө өөр шийдвэр гаргах уу.

Нөгөө талаас Цэц нэгэнт маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бол дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэнэ. Магадгүй маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн ихдээ ирэх тавдугаар сарын 10 гэхэд Цэц дунд суудлын хуралдаанаа хийж, ямар нэг шийдвэр гаргасан байж таарах нь. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлбэл “дордуулсан долоо”-гийн дуулиан ч давхцаж таарахаар буй нь сонирхолтой.

2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт:

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Монгол Улсын төрийн байгуулал

Нэг. Монгол Улсын Их Хурал

22 дугаар зүйл.

2. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана.

24 дүгээр зүйл.

1. УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно.

27 дугаар зүйл.

2. УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

6. УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

29 дүгээр зүйл.

1. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгч

33 дугаар зүйл.

2. УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах;

39 дүгээр зүйл.

2. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.

Үндсэн хуулиас


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)