Донорын карт жолооны үнэмлэх шиг болох ирээдүйг дөтөлье

Эрдэнэт хүмүүн насан эцэслэсэн ч бусдын амийг аварч, насыг нь уртасгаад өнө мөнхийн орныг зорих нь их буян юм даа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхны яриаг сонсож суухдаа ийнхүү бодсон юм. Тус албыг 2018 онд Донорын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор, уг хуулийн есдүгээр зүйлд заасны дагуу олон жилийн судалгаа, дэлхийн бусад орны туршлага, өөрийн орны эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүн дэх шат дараалсан сургалтуудад үндэслэн байгуулжээ.

Манай улсад байсхийгээд элэг, бөөр шилжүүлэн суулгалаа гэдэг. Заримдаа чөмөг шилжүүлэн суулгалаа гэж ярихыг сонсдог. Гадаад орнуудад өндөр үнээр хийдэг мэс заслыг монгол эмч нар эх орондоо хийгээд, сайн байна шүү гэж бодохоос донор олоод, мэс засал эхлүүлэх хүртэл ямаршуухан ажил ундардаг талаар төсөөлөө ч үгүй юм байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд ямар нэгэн эрхтнээ шилжүүлэн суулгуулах шаардлагатай, хүлээж буй 500 гаруй хүн байгаа аж. Улсын I төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгуулъя гэсэн 131 хүн байгаа бол бөөр солиулах шаардлагатай нь 220. Түүнчлэн яс, чөмөг, үүдэл эсний хэрэгцээтэй 10 иргэн бий гэх. Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгуулахаар хүлээж буй 56, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд мөн элэгний донор хүлээж буй 32 хүүхэд байна. Хүүхдэд хүртэл эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага гарах болсон эгзэгтэй цаг үед бид амьдарч буй ажгуу. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улсад шинэ тутам ч одоогоор дөрвөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгаад буй аж.

Нэг талдаа эрхтэн шаардлагатай хүн энэ хэрийн байхад цаг бусаар хорвоогоос хальж буй нь хэд дахин олон. Манай улсад жил бүр ослоор 500 орчим, даралт ихсэх өвчнөөс болж тархинд цус харвах шалтгаанаар 2300-2500 гаруй хүн нас бардаг аж. Тэдний дунд боломжит донор байх магадлалтай ч гэр бүлийнхэнтэй нь ярилцаж, зөвшөөрүүлэх нь ард нь гарахад тун хэцүү даваа юм байна. Дээрх албаныхны эрхэлдэг ажилд жин дардаг нь энэ. Тэд зургуул бөгөөд зарим айл руу бүгд очиж, гэр бүлийн гишүүдтэй ярилцах хэрэг ч гардаг гэнэ. Гэр бүлийнхэн нь зөвшөөрвөл тухайн донороос юуны өмнө элэг, хоёр бөөр авах бөгөөд тэр даруйд хүлээлгэд бүртгэлтэй өвчтөнүүдээ яаралтай дуудаж мэс засалд бэлтгэнэ. Шилжүүлэн суулгах мэс заслыг эрхтнүүдийн үйл ажиллагаа зогсох хүртэлх багахан хугацаанд багтааж хийх ёстой тул өдөр, шөнийг үл харгалзан ханцуй шамлана. Энэ бүх ажлыг нууцлалын горимд явуулдаг ажээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад 1950-иад оноос эхлүүлсэн байна. Үүнд амьгүй болон амьд донор хамаарна. Харин тархины үхэлтэй донороос эрхтнийг нь авч, бусдад суулгах мэс заслыг 1963 оноос хийж эхэлжээ. Тархины үхэлтэй донор гэж юу вэ гэдгийг ДЭМБ болон олон улсад “Глазгогийн” хэмээн нэрийдсэн шалгуураар тодорхойлдог аж. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Гавьяат эмч П.Батчулуун “Манай улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Жилд гэнэтийн осол болон тархинд цус харвах шалтгаанаар нас барж буй 3000 орчим хүний ядаж таван хувийг донор болгож чадвал хүлээлгийн жагсаалтад нэрээ бичүүлээд, шинжилгээ тогтмол хийлгэн, дуудсан цагт ирэхэд бэлэн байдаг хүмүүст амьдрал бэлэглэх боломжтой. Манай улс хуулийн хүрээнд эс, эд, эрхтэн шилжүүлэх эмчилгээ хийдэг болсон, бүхий л томоохон эмнэлэгт тархины үхэл тодорхойлох багийг тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогчоор ахлуулан байгуулсан, донор эмнэлгүүд болон манай багийн хоорондох ажлын уялдаа холбоо сайн байгаа. Гэсэн ч тархины үхлээр нас барсан хүний гэр бүлийнхэн нь донор болгохыг зөвшөөрдөггүй хэвээр. Шашин шүтлэг, сүсэг бишрэл талаас ханддаг. Гэхдээ бас амжилт бий. 2018 оноос өмнө буюу Донорын тухай хуульд энэ төрлийн эмчилгээний тухай заалт оруулахаас өмнө энэ үйл ажиллагаа зогсонги байлаа. Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын I төв эмнэлэгт хийсэн тохиолдол хоёр л бий. Л.Жамбалжав эмч хоёр, би бас хоёр донор олж, мэс засал хийсэн. Тэгвэл ийм албатай болсноор нийт арав гаруй донороос эрхтэн шилжүүлэн суулгаж, 27 хүнийг аварлаа. 

Цаашид уг амжилтыг ахиулж аль болох олон хүний насыг уртасгахын төлөө ажиллаж байна. Бид анагаахын шинжлэх ухааны болон бусад их, дээд сургууль, байгууллагад очиж таниулга хийдэг. Шаардлагатай газар сургалт явуулдаг. Тэнд ажиллагсдаар дамжуулж олон нийтэд мэдээлэл аажим хүргэх гэсэн зорилготой. Өнөөдрийг хүртэл хэнд ч яриагүйгээ дэлгэе. Манай албаныхны дөрөв нь өөрсдийгөө донор болгохыг зөвшөөрсөн. Бид тус бүртээ донорын карттай. Анх сонсоход эвгүй байж мэднэ. Гэхдээ яваандаа, олон нийт донорын үйл хэргийг ойлгох цагт донорын карт гэдэг нь иргэний, жолооны үнэмлэх шиг хүн бүрийн хувийн бичиг баримт болох юм. Алсыг зорьсон аливаа ажилд анхны алхам нэн чухал. Донорын үйл хэрэгт Монгол Улс анхны төдийгүй удаах алхмаа ч хийлээ. Манай эмч нар одоо эрхтэн, эд, эс, үүдэл эс ч шилжүүлэн суулгаж байна. Бид үүдэл эсийн банк байгуулъя гэж санал тавьсан. Эмчилгээгүй гэгддэг олон өвчнийг анагаах “увдис” хүний үүдэл эсэд бий. Энэ нь ямар учиртай банк болохыг ойлгуулахын тулд жишээ авъя. Хүүхэд төрөхөд хүйг нь тасаллаа л бол түүнийг найдвартай газар буюу банканд хадгалахыг хэлж байгаа юм. Тухайн хүнд хэрэг болох цагт банкнаас гаргаж, эсийг нь ашиглаж, өөрт нь таарах эмчилгээний тактик боловсруулах зорилготой. Энэ нь мөн л манай албаныхны санаа тавих ажил. Ташрамд хэлэхэд, Улсын I болон III эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, мэргэжилтнүүдэд донорын асуудлаар харилцан ойлголцол, итгэлцэлд суурилан нягт хамтарч ажилладагт талархал илэрхийлье” хэмээн ярив.

Тус албаныхны ярьсан болгон анхаарал татаж байлаа. Ялангуяа тархины үхлээр нас барсан хүнээ донор болгохыг зөвшөөрүүлэх гэж гэр бүлийнхэнтэй нь ярилцах тэр үе хамгийн хүнд аж. Уй гашууд автсан хүмүүст ингэж хэлэх хэцүү. Гэтэл цаана нь төрөхөөс заяасан эрхтэн нь зуун хувь шахам ажилгүй болоод төхөөрөмжөөр торгоож буй олон хүн “Надад аз таарах нь уу, үгүй юү, эмч, мэргэжилтнүүд донор олж чадах болов уу, яах бол” гэж хүлээдэг болохоор яах ч аргагүй ярьж, “ятгах” ажил хийдэг байх. Тэгээд ч тангараг өргөсөн төрийн, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн ажил юм. Тэднээс тархины үхлээр бурхан болоочийн ар гэрийнхэнтэй ямаршуу байдлаар ярьдгийг сонирхлоо. “Харамсалтайгаар нас барж буй хайртай хүн шиг тань эрүүл саруул хүн цөөн байдаг юм байна. Хүмүүс голдуу ямар нэгэн суурь өвчтэй, элэгний B, C вирустэй, эсвэл халдварт өвчнөөр өвчилсөн байдаг аж. Ийм хүмүүс донор болох боломжгүй. Гэтэл танай хүн бусдад туслахад зориулагдсан мэт цоо эрүүл юм. Золгүйгээр амиа алдсан боловч бусдыг аварч, амьдралаа үргэлжлүүлэх боломж олгох их буянтай хүн юм байна аа” гэх зэргээр тайлбарладаг гэлээ. Ингээд ярихад ар гэрийнхэн нь ойлгож, зөвшөөрсний ачаар цөөнгүй хүний алтан амийг аварч чаджээ.

Анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн Япон, БНСУ зэрэг оронд энэ төрлийн эмчилгээг голдиролд нь оруулж, үр дүнд хүргэн, боловсронгуй болгох гэж 10-15 жил зарцуулсан аж. Манай улсад ердөө 2018 оноос эхэлсэн ч чамлахааргүй амжилттай байгаа энэ ажилд, “галын фронт”-д зүтгэж буй мэргэжилтнүүд төрийн зүгээс хоёр зүйлийг хүсэж буй аж. Донор хүлээгсдийн нэрсийн жагсаалт жил, сараар нэмэгдэж, цаашид ч өсөх хандлагатай тул хорвоог орхиж буй ойр дотнын хүнээ донор болгохыг зөвшөөрвөл гэр бүлийнхэнд нь төрөөс зохих дэмжлэгийг оршуулгын зардалд нэмэр болгох хэлбэрээр ч юм уу олгодог болбол олон өвчтөний амийг аврах боломжтой юм билээ. Тус албаныхан нас барсан олон хүний ар гэрийнхнээс удаа дараа тавьсан асуултад тулгуурлан ийм санал боловсруулснаа төр, засагт удахгүй хүргэх аж. Гадаадын олон оронд энэ зарчмаар донорын үйл хэргийг дэмждэг юм байна. БНСУ-д гэхэд зохих хэмжээний бэлэн мөнгө олгодог аж.

Энд амьгүй донорын тухай голдуу өгүүллээ. Хос эрхтнийхээ нэгийг, эсвэл элэгнийхээ талыг өгөх зэргээр нэгнийхээ амийг авардаг хүмүүс байдаг. Ийм мэс засал хийлгэсэн хүмүүст ч гэсэн талархаж, амралт, сувилалд явуулах, аминдэм, тэжээлээр хангах зэргээр урамшуулах аваас бусдын амь насыг хамгаалсан ариун үйлс нь бусдад, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхээр аж.

Донорын үйл хэрэгт төрийн ч, олон нийтийн ч зүгээс дэмжлэг хэрэгтэй байна. Донорын карт жолооны үнэмлэх шиг энгийн болох ирээдүйг дөтлөхийн тулд энэ үйл хэргийн тухай олон нийтэд зөвөөр ойлгуулж, ил тод ярьж байх нь чухал санагдав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)