Дональд Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ыг удирдагч Ким Жон Ун нар Ханой хотын таван одтой зочид буудалд уулзаж оройн зоог хамтдаа барьжээ. Төрийн тэргүүн нар эл уулзалтыг амжилттай болно хэмээн найдаж байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Умард Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзсаны дараа эдийн засаг нь үлэмж хүчирхэгжинэ гэж Трамп оройн зоогны өмнө Ким болон сэтгүүлчдэд хандан хэлжээ. Энэ тухай Америкийн Ерөнхийлөгч уулзалтын өмнө нь ч хэлж байсан билээ. Уулзалтын тов Ханой хотыг сонгосон нь ч үүнтэй холбож байгаа аж.  Коммунист дэглэмтэй байсан Вьетнам гадаадын хөрөнгө оруулагч нарт нээлттэй эдийн засгийн бодлого явуулсны үр дүнд хурдтай хөгжиж буй тод жишээ аж.

Лхагва гаригийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн “Твиттер” хуудсанаа Умард Солонгостой хийх хэлэлцээрийг ОХУ, Хятад, Япон болон Өмнөд Солонгос улс дэмжиж тусална гэдэгт найдаж байгаа тухайгаа бичжээ.

Хоёр Солонгосын хооронд энхийн гэрээ ойрын ирээдүйд байгуулагдах эсэх талаар асуусан сэтгүүлчдэд Трамп “харж л байя” хэмээн хариулсан байна. Ингэхдээ тэрбээр Ким Жон Уныг агуу удирдагч гэж тодорхойлжээ. Умард Солонгосын удирдагч уулзалтыг бүх нийтийн сэтгэлд нийцсэн сайхан уулзалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Үүний тулд би чадах бүхнээ хийнэ” гэж Ким Жон Ун нэмж хэлсэн байна.

Үүний дараа хоёр улсын тэргүүн нар оройн зоог барьсан аж. Хэсэг хугацааны дараа Трампын “Твиттер” хуудсанд ёслол төгөлдөр бүхий хөгжмийн аянд уулзалтын зарим хэсгийн дүрс бичлэгийг эвлүүлэн тавьсан бөгөөд дор нь “Вьетнамын нийслэл Ханой хотод Ким Жон Унтай хийсэн гайхалтай сайхан уулзалт ба оройн зоог. Маргааш хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж бичжээ.

Хэлэлцээрийн гол хэсэг өнөөдөр болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)