Дональд Трамп: АНУ бусад ямар нэгэн мөргөлдөөнд оролцохгүй

Ерөнхийлөгч Д.Трамп “Америкийн цэргийнхэн дахиж ямар нэгэн улс орныг сэргээн босгохгүй, бусад улсын мөргөлдөөнийг шийдэхгүй” хэмээн Нью-Йорк муж улсын “Вест пойнт” цэргийн академийн төгсөгчдөд хандаж үг хэлэхдээ мэдэгджээ. Уг арга хэмжээний шууд бичлэгийг “Фэйсбүүк” дэх Цагаан ордны цахим хуудсаар шууд дамжуулсан байна. Тэрбээр “Та бүхэн ажлын гараагаа Америкийн түүхийн шийдвэрлэх мөчид эхэлж байна. Бид америк цэрэг бусад улс орныг сэргээн босгох ёстой гэсэн суурь зарчмаа татаж байна. Харин та бүхэн өөрийн улсаа гадаадын дайснаас шийдэмгий хамгаалах ёстой” гэжээ. “Бид энэ дэлхийн цагдаа биш. Дайснууд хэрвээ манай ард түмэнд аюул учруулах юм бол бид огтхон ч тээнэгэлзэхгүй гэдгийг мэдэж аваг” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Гэхдээ энэ сарын 9-нд Ерөнхийлөгч Д.Трамп Сенат болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын удирдлагуудад мэдэгдэхдээ “Исламын улс”, “Аль-Каида”, “Талибан”, Афганистан, Ирак, Сири, Йемен, Иордан, Ливан, Турк, Сомали, Кени, Жибут болон Нигер дэх тэдгээртэй холбоотой бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэснийг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд дурдаж байна.

Үүнээс гадна төрийн тэргүүн Америкийн цэргийн алба хаагчид Синайн арал, Косовод энхийг сахиулагчдын багт багтаж, Филиппинд терроризмын эсрэг тэмцэлд тусалдаг болохыг дурдсан байна.

Стокгольм дахь Дэлхийн асуудлыг судлах олон улсын хүрээлэнгийн 2019 оны тайланд дурдсанаар АНУ цэрэг, дайны зориулалтын зардлын хэмжээгээр улс орнуудыг тэргүүлдэг аж. Манай гарагт өдгөө тус улсын 600 гаруй цэргийн бааз үйл ажиллагаа явуулж байна.