Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санал тавьжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх арваннэгдүгээр сард болон ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах боломжийг авч хэлэлцэхийг пүрэв гарагт санал болгожээ. “Шуудангаар санал хурааснаар 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ хамгийн найдваргүй, шударга бус сонгууль болох юм. Ингэх нь АНУ-ын хувьд гутамшиг болно. Иргэд саналаа зөв, найдвартай, аюулгүй өгөх боломж бүрдэх хүртэл сонгуулийг хойшлуулах уу?” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Харвардын Их сургуулийн захиалгаар Херрисийн судалгааны алба ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг коронавирусийн цар тахлын улмаас  шуудангаар авах тухай олон нийтийн дунд явуулсан асуулгаар судалгаанд орсон хүмүүсийн  70%  эл аргыг дэмжсэн байна.  Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын 4.4 сая гаруй тохиолдол илэрч, 150.7 мянга гаруй хүн нас барсан байна.  Хэдий цар тахлын нөхцөл хүнд байгаа ч сонгуулийг хойшлуулах боломж тун бага аж. Сонгуулийг хойшлуулахын тулд сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй болох бөгөөд тэрхүү өөрчлөлтийг Конгрессын хоёр танхим эхлээд батлах шаардлагатай. Тэгсний дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурдаг аж.  Төлөөлөгчийн танхимын олонхыг Ардчилсан нам бүрдүүлж байгаа нөхцөлд Трампын санал дэмжигдэхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)