Домогт “NOKIA 3310” дахин төрөх нь

Нэгэн цагт монголчуудын дотнын анд байсан, одоо ч хэрэглээнээс хасагдаагүй “Nokia 3310” гар утсыг тун удахгүй дахин үйлдвэрлэх тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. 2000 оны есдүгээр сарын 1-нд мэндэлсэн энэ домогт “амьтан” 17 насандаа дахин төрнө гэсэн үг. Зөвхөн гар утасны үүрэг гүйцэтгээд зогсохгүй, бие хамгаалах зэвсэг болдог, өчнөөн удаа газарт унагалаа ч эзнээ орхидоггүй, нэг цэнэглэчихсэн байхад 3-5 хоног ашигладаг зэрэг олон “ид шидтэй”. Энэ утгаараа одоо ч уг утсыг худалдаж авч ашигласаар байгаа бөгөөд манай зах зээлд 20.000-25.000 төгрөгийн үнэтэй байна.

Техник технологийн дэвшлийг дагаад бид “3310”-ыг голж, ухаалаг гар утас сонгож, өдөр тутмын салшгүй хэрэглээ болгосон. Зурвас бичих, зураг авах, дуу сонсож, бичлэг үзэх зэрэг олон үйлдэлтэй ухаалаг утас нь өнгөн талаас бидний өдөр тутмын амьдралыг нэлээд хөнгөвчилж, тусалж буй мэт. Гэхдээ үүний цаана олон сөрөг үр дагавар нуугдаж буй нь бодит байдалд нотлогдсоор байна. Ухаалаг утсанд донтож сэтгэцийн эмгэгтэй болох, дэлгэцийн дон гэх өвчин тусах болсныг ч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч эхлэв. Хүүхдүүд үүнээс болж хичээлдээ анхаарахаа больсноос салбарын сайд нь ерөнхий боловсролын сургуулиудад ухаалаг утас хориглох санаачилга гаргасан.

Хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхгүй, харилцаа холбооны үүргээ найдвартай, сайн гүйцэтгэх гар утас эрэлттэй болсон нь магадгүй “3310”-ыг дахин төрүүлэх шалтгаан болсон ч байж мэдэх юм. Юутай ч ухаалаг гар утас дэлхийд хаанчилж байгаа ч найдвартай, бат бөх гар утас моодноос гараагүй гэдэгт үйлдвэрлэгчид нь итгэж буй гэнэ.

“Nokia 3310” маркийн гар утас нь цагтаа хамгийн алдартай загваруудын нэг байсан бөгөөд тооны машин, дуут шуудан илгээгч, шинэ тоглоом зэрэг тухайн үедээ дэвшилттэйд тооцогдох үйлдлийн системээрээ олны анхаарлыг татаж байжээ. Зах зээлд гарснаас хойш 126 сая ширхэг борлогдсон байна. Тэгвэл дахин мэндлэх “Nokia 3310” нь өвөг дээдсийнхээ адил бат бөх, цэнэгээ удаан хадгалах чадвартай, “Snake II”, “Pairs II”, “Space impact”, “Bantumi” гэх тоглоомтой байх аж. Үнэ нь 62 ам.доллар орчим байх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)