Долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 24 цагийн турш нийслэл рүү нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байна

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай “Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ойр орчмын газраа бохирдуулсан, ил задгай хог хаясан таван аж ахуйн нэгж, гурван иргэнд нэг сая 800 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг албадан зогсоож байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Гүнт, Налайх, Өлзийт, Морингийн даваа зэрэг 7 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 24 цагийн турш нийслэл рүү нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байгаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй байхыг уриалж байна” гэлээ.

Цахим орчинд эх сурвалжгүй худал мэдээллийг олон нийтэд түгээж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгуулагууд баттай эх сурвалжтай мэдээ мэдээлэл бэлтгэн түгээхийг албаныхан энэ үеэр уриаллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)