Доллар яах вэ, Долгор эмээгийн уудаг эмийн үнэ нэмэгдчихэж

- “Ногоон”-ы ханш 200 төгрөгөөр өсөхөд эмийн үнэ 20 мянгаар хөөрөв –

Манай улсын эм хангамжийн салбар сүүлийн 30 жил “эцэггүй хүүхэд” шиг явж ирэв. Хувийн хэвшлийнхэн дураараа үнэ тогтоож, нэмдэг, хөөсрүүлдэг, зохиомлоор хомсдол үүсгэж, эмийн зах зээлд эзэн суулаа. Он гарсаар нийтлэг хэрэглээний эмийн үнэ тэнгэрт хадав. Ханган нийлүүлэгчид, эмзүйч нар үүнийгээ өнөөх л валютын ханш, шатахууны үнэ өссөнтэй холбон тайлбарласан. Долларын ханш нэмэгдлээ гээд эмийн үнийг огцом, үндэслэл, судалгаагүй хөөрөгдөж буй хувийн хэвшлийнхэнд хэн, хэрхэн хяналт тавьж, хариуцлага тооцдог вэ?

2009 онд 30 хүний амь авч одсон гахайн ханиад буюу H1N1 энэ өвөл дахин дэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, гамшгийн хэмжээнд хүрлээ. Гэтэл чоно борооноор гэгчээр уг вирусийн эсрэг хамгийн үр дүнтэй, өндөр үйлчилгээтэй тамифлю (осельтамивир) эмийг хувийн томоохон эмнэлгүүд эмийн сангуудаас их хэмжээгээр худалдан авсан гэх мэдээлэл байна. “Монос”, “Тавин-Ус” зэрэг томоохон сүлжээ эмийн сангаас дээрх эмийг худалдаж буй, эсэхийг лавлахад “Улсын хэмжээнд эм тасарсан, энэ сарын 20-доор ирнэ” гэсэн юм. Өмнө нь 38 500 төгрөгөөр зарж байсан эмийг вирус дэгдлээ гэнгүүт бөөнөөр нь авч, дамлахдаа 100-160 мянган төгрөгөөр борлуулж буйг хүүхэд нь өвдсөн ээжүүд нийгмийн сүлжээнд зураг хөрөг, баримттай нь нийтэлсэн байна. Зарим нь ширхгээр авч, хүүхдэдээ уулгасан тухайгаа бичжээ. Бага насны хүүхэдтэй ээжүүд, өвчтэй ах, дүү, эцэг, эхээ асарч буй иргэд эмийн үнийн өсөлтийг мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яамныхнаас ч сайн мэднэ.

Оны өмнөхөн 7500 төгрөгөөр худалдаж байсан вакадо хэмээх шингэн нөхөх бэлдмэл 10 400 төгрөг болж нэмэгджээ. Зүрх, судас, ханиад, хатгалга, хордлогын үед голчлон хэрэглэдэг зарим эм 2000-20 000 төгрөгөөр өссөнийг эмзүйч нар “Даатгалаас хөнгөлөх жагсаалтад орчихвол үнийг нэмдэг. Хөнгөлөх хувь хэмжээ нь бага болохоор ашиггүй гэж үздэг юм байлгүй” гэх санаанд багтамгүй тайлбар өчив. Хөнгөлөлттэй эм олгож буйнх нь шанд улсаас тэдэнд нөхөн олговор өгч байгаа атал ийм арчаагүй тайлбар хэлж суух.

Манай улс эм импортлогч орон. Агаар, орчны бохирдлын нөлөөгөөр халдварт болон халдварт бус өвчин ихсэж, тэр хэрээр эмийн импорт жил ирэх тусам нэмэгдэж байна. 2017 онд 441 тэрбум төгрөгийн эм оруулж ирсэн нь 2016 оныхоос 226.5 тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Эмийн түүхий эд авахад 2.3, урвалж, оношлуурт 22.2, эмнэлгийн хэрэгсэлд 178.2 тэрбум төгрөг зарцуулсан гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистикт онцолжээ. Өөрөөр хэлбэл, эм хангамжийн зах зээлд 600 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байдаг гэсэн үг. Тиймдээ ч эрх баригчид энэ том зах зээлийг хянаж, үнийг нь тогтоон барьж хүчрэхгүй гэх.

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны ерөнхийлөгч Ж.Рэнцэн-Амгалан “Эм нь худалдааны салбарт хамаарна гэж үзээд 1990 онд хувьчилсан. Ханган нийлүүлэх нэг том байгууллага, эмийн үйлдвэрээ үгүй хийсэн. Жишиг эмийн сангуудыг мэргэжлийн бус хүмүүст өгснөөр цэнгээний болон зоогийн газар болгосон. Төр өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрөл олгосноос өөр юу ч хийгээгүй. Эмийн сан, үйлдвэрүүд хаана, хаана байх вэ гэж бодолцоогүй. Манай улс зах зээлийн тогтолцоонд шилжихэд нийт хэрэгцээний 20 хувийг дотоодын үйлдвэрүүд нийлүүлдэг байсан. Энэ үзүүлэлт нэг их нэмэгдэхгүй байна. 2017 онд давхардсан тоогоор эм ханган нийлүүлэх 3310 байгууллага 73 улсаас нийт 4594 тн, 1700 л, 17 сая ширхэг, 5575 нэр, төрлийн эм импортолсон. Өөр өөр улс, худалдааны байгууллагаас гаргасан 30 гаруй нэр төрлийн парацетамолыг манай зах зээлд борлуулж байна. 59 орны 6000 орчим нэр, төрлийн эм манайд бүртгэлтэй. Сүүлийн үед үндэсний үйлдвэрийн эмийг давуу бүртгэх болсон. Манай улс эмийн 46 үйлдвэртэй гэх боловч 39 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйгаас тав нь л олон улсын чанарын шаардлага GMP стандарт хангасан. Бүгдийг нь ийм стандарттай болгохын тулд ЭМЯ-тай хамтран, Үндэсний эмийн үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр батлуулсан. 2020 он гэхэд ядаж 10 үйлдвэрийг GMP стандарттай болгоно. Ингэснээр импортыг хязгаарлах, үнэ буурах, тогтворжих давуу талтай. Дуслын шингэнийг 100, туншилтай буюу ампултай тариаг дотооддоо 60 хувь хангах зорилт тавьсан. Шахмал, капсултай эм үйлдвэрлэх боломж бүрдсэн” гэж ярилаа.

Эмийн сангууд үнээ зоргоороо нэмж байгаа тухайд тэрбээр “Үнэ өсөх нь зах зээлийн л зарчим. Эмийн импорт хувцас хунар, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэгтэй яг адилхан системтэй. Ямар ч ялгаа байхгүй. Төр, засаг “Эм бол үндэсний аюулгүйн байдлын салшгүй хэсэг” гэх боловч үүнийг зохицуулсан бодлого боловсруулаагүй. Эмийн үнийг зохицуулахын тулд ямар нэгэн нөхөн олговор өгдөгггүй. Эм үйлдвэрлэгч, импортлогчоо дэмжсэн хөтөлбөр огт байхгүй. “Бөмбөгөр” захын худалдаачин барааныхаа үнийг дураараа нэмдэгтэй адилхан чөлөөт зах зээлийн зарчмаар л эмийн үнэ тогтож байна. Импортлогчид өндөр татвар төлдөг. Бүртгэлтэй бүх эмийг биш юм аа гэхэд ядаж зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсанд нь НӨАТ хөнгөлж өгөөч гэж олон жил гуйгаад бүтээгүй” гэсэн юм.

Үйлчилгээ нь ижил хэрнээ өөр өөр нэртэй эмийг харилцан адилгүй үнээр борлуулж байгаа нь зах зээлд хэт илүүдэл үүсгэснээс болсон гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Эм ханган нийлүүлэгч 300 гаруй, эмийн 46 үйлдвэр, эмийн сан 2000 орчим байгаа нь төрийн байгууллагууд энэ салбарыг хяналтгүй хаясны гай гэв. 2017 онд 11 үйлдвэр, 70 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгожээ. Эмийн сангуудынхыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйлдвэр барих, эм ханган нийлүүлэх эрхийг ЭМЯ олгодог байна. Тусгай зөвшөөрлийг баруун, солгойгүй цацсанаас болж зөвхөн эмийн импорт жилд 440 тэрбум төгрөгт хүрсэн байна.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн П.Цэцгээгээс зарим зүйлийг тодруулахад “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад жилд дунджаар 100 тэрбум төгрөгийн 40 тендер зарладаг. Томоохон эмнэлгүүд ижил үйлчилгээтэй эмүүдийг тусдаа авдаг байсныг болиулж, ерөнхийд нь нэг тендер явуулдаг болсон. Тодруулбал, 17 нэр, төрлийн эмийг улсын хэмжээнд ганц сонгон шалгаруулалтаар оруулж ирж байна. Ингэснээр 2018 онд 500 сая төгрөг хэмнэсэн. Тоо хэмжээ ихсэхийн хэрээр эмийн өртөг буурах нь ойлгомжтой. Засгийн газар зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалтыг 2017 онд баталж, жил бүр өөрчилж, шинэчилдэг. 2018 онд 827 нэр, төрлийн эмийн үнийг 20-80 хүртэлх хувь хөнгөлсөн. Энэ жил эмийн хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг зарцуулна. Гэрээ бүхий 1017 эмийн сан өдөр бүр иргэдэд хөнгөлөлттэй үнээр эм олгох юм. 

2018 оны дөрөвдүгээр сард жор бичдэг цахим систем нэвтрүүлж, хөнгөлөлттэй эм зорилтот эздэдээ хүрч байгаа, эсэхийг хянах боломж бүрдсэн. Үүнээс өмнө хэн, хэдэн ширхэг эм хөнгөлөлттэй авсныг хянаж чаддаггүй байв. Танил талаараа жор бичүүлж, эм нөөцлөх, их хэмжээгээр авч, борлуулах зэрэг зөрчил их гардаг байлаа. Одоо бол тухайн иргэн хэн гэдэг эмчээр ямар төрлийн эмийг хэдэн ширхэг бичүүлж, аль эмийн сангаас хэдэн удаа авсан гээд бүх мэдээлэл ил болж, хяналт улам сайжирсан. Иргэд шаардлагатай эмээ өдөр бүр хөнгөлөлттэй үнээр авч, Эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашиг нэмэгдэж, хүртээмж сайжирсан. Илүү гарсан мөнгөөрөө ахмад настны болон хүүхдийн зарим өвчний үед хэрэглэх эмийн үнийг хөнгөлөх хувь хэмжээг нэмсэн. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. УИХ-ын хаврын чуулганаар баталчихвал ханган нийлүүлэгчид болон эмийн сангууд олон улсын жишгийн дагуу үнээ ил тод болгож, сайтад нэгдсэн байдлаар байршуулна. Ингэснээр иргэд хаана, ямар эм хэдэн төгрөгийн үнэтэй байгааг мэдэх боломжтой. Бид иргэдийг сонголттой байлгах үүднээс аль болох олон эх үүсвэрээс оруулж ирсэн эмийг бүртгэдэг. Өөрөөр хэлбэл, ханган нийлүүлэгчдийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж ажилладаг. Хууль баталчихвал Эмийн зохицуулалтын алба байгуулна. Хяналт чангарна гэсэн үг” хэмээн ярив.


Тэгвэл “Эм” холбооны ерөнхийлөгч Ж.Рэнцэн-Амгалан “Өнгөрсөн жилүүдэд хөнгөлөлттэй олгох эмийн үнийн хувь хэмжээг нарийн тооцоололгүй тогтоосон. Өвчин анагаах, үйлчилгээ өндөртэй эмийг нэгдүгээрт тавих ёстой. Гэтэл эрүүл мэндийг дэмжих, туслах үйлчилгээтэйг нь 80 хувь хүртэл хөнгөлж, даатгалын сангийн 8-10 хувийг үр ашиггүй зарцуулж ирсэн. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад олдоц муутайг шахаж, шинэ эмийг оруулахгүй байна гэсэн гомдол, санал их гардаг. Тиймээс сонгомол үйлчилгээтэй эмийг их хувиар, хавсрах эмчилгээнд хэрэглэхийг нь даатгалаас хөнгөлөхгүй байх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын сангийн хуваарилалт, хөнгөлөх хувь хэмжээ оновчгүй, хяналт муу байсан нь эмийн сангууд эм хураах, нөөцлөх, иргэдийг эм уух сонирхолтой болгосон. Ханган нийлүүлэгчдийн дунд эмийг бизнес болгосон компани олон байгаа нь үнэн. Тэдгээр компани үйл ажиллагаагаа зөв явуулахгүй байгаагаас эм хангамжийн салбарын нэр хүнд унасан. 1967 эмийн сангийн 400 нь, дотоодын үйлдвэрийн 18, ханган нийлүүлэгчдээс 50 нь манай холбооны гишүүн. Бусад нь зах зээлд чөлөөтэй “хөвж” явна. 

Мэргэжлийн холбооныхоо гишүүн болохоос татгалзсан нь тусгай зөвшөөрлөө хууль бусаар авсан, мэргэжлийн боловсон хүчин, бодлого байхгүйн илрэл. Тэд л үнэ хөөрөгдөж, бусдыгаа уруу татдаг. Бүртгэлийн системээр дамжиж, эм худалдах ёстой. Гэтэл манай зах зээл дэх нийт эмийн 19 хувь нь бүртгэлгүй, 14.6 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна. 2017 онд МХЕГ холбогдох бичиг баримтгүй, хувийн хэрэгцээнээс давсан 6902 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг боомтоор зөвшөөрөлгүй оруулж ирснийг илрүүлэн, хурааж, 19.1 тн-ыг экспортлогч орон руу нь буцаасан байна. Энэ мэтчилэн хяналт сулаас хувь хүн, албан байгуулага хууль бусаар эм оруулж ирдэг, борлуулдаг сүлжээ бий болсон. Бүртгэлгүй эм зарагдсаар байна. МХЕГ хянах ёстой ч чаддаггүй. Төрийн байгууллага хүнд сурталтай, ажлаа хийхгүй байна гээд шүүхэд өгч, чанаргүй эмийг чингэлэг чингэлгээр бүртгүүлсэн аймшигтай хэрэг ч гарч байсан. 2014-2018 онд Эмийн талаар төрөөс баримтлах бодлого хэрэгжүүлсэн. Дотоодын эмийн үйлдвэрүүдтэй “ноцолдоод” л таарсан. Манайх хүн ам цөөнтэй, ханган нийлүүлэгчид хамтарч эм оруулж ирэх сонирхол бага учир иргэдэд эм өндөр үнэтэй очиж байна. 2014 онд Дэлхийн банкныхны хийсэн судалгаагаар монголчуудын эрүүл мэнддээ зарцуулж буй нийт хөрөнгийн 41 хувь нь тухайн иргэнээс гарч байна гэж тогтоосон. ДЭМБ үүнийг 25 хувиас илүүгүй байх ёстойг зөвлөсөн байдаг” гэж хэллээ.

Энэ бүхнээс харахад төрөөс эмийн үнийг хянах, зохицуулахад ямар нэгэн онцгой албан татвар, нөхөн олговор, урамшуулал өгдөггүй, тусгай зөвшөөрлийг тооцоо судалгаагүй олгодог, оруулж ирсэн эм болгоныг бүртгэж, хэт илүүдэл үүсгэсэн гээд үнэ нэмэгдэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн нь илт.

2018 оны нэгдүгээр сарын 15-нд ам.долларын ханш 2436 төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө 2667 (өчигдрийн байдлаар) болжээ. Бүтэн жилийн хугацаанд доллар 200 төгрөгөөр өсөж байхад эмийн үнэ 20 000 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь “гайхалтай”. Доллар яах вэ, Долгор эмээгийн уудаг эмийн үнэ нэмэгдчихэж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)