Долларжилтоос “зугтах” тактик

Банкуудаар дамжуулан валютын шилжүүлэг хийхэд заавал төгрөг рүү хөрвүүлэх шаардлага тавих болсон. Өөрөөр хэлбэл, та хэн нэгэн рүү валют шилжүүлбэл төгрөг рүү тухайн үеийн ханшаар хөрвүүлээд, түүнийгээ шилжүүлнэ гэсэн үг. Хүлээн авагч мөнгөө валютаар биш төгрөгөөр хүлээн авна. Хэрэв хүлээн авсан төгрөгөө валют руу шилжүүлбэл тухайн банкны зарах ханшаар хөрвүүлнэ. Ингэхээр ханшийн зөрүү гарах юм. Үүнд иргэд ихээхэн дургүй байгаа.

...Манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний мөнгөн тэмдэгтээ эрхэмлэх сэтгэлгээ суугаагүй байна. Тиймээс УИХ-аас хууль баталж, долларжилтоос сэргийлэх зохицуулалт хийсэн хэрэг...

УИХ Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр баталсан. Уг хуульд “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ” гэж тусгасан. Дээрх хуулийг энэ оны эцэс хүртэл хэрэгжүүлэх юм. Мөн шаардлагатай тохиолдолд УИХ уг хуулийг хэрэгжүүлэх хугацааг зургаан сараар сунгах эрхтэй. Тэгэхээр олон нийт валютын гүйлгээтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь тодорхой хугацаанд үйлчилнэ гэж ойлгох хэрэгтэй.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монголбанк хэд хэдэн хязгаар тавьж буй. Тухайлбал, нэгж валютын нээлттэй позицын өөрийн хөрөнгөд эзлэх дээд хязгаарыг 15, нийт валютын нээлттэй позицын өөрийн хөрөнгөд эзлэх дээд хязгаар 30 хувь байхаар тогтоожээ. Энгийнээр тайлбарлавал, нээлттэй позиц гэдэг нь тухайн санхүүгийн байгууллагын валютын хөрөнгө болон валютын өр төлбөрийн зөрүү аж. Тэгэхээр валютын хөрөнгөөс нь валютын өр төлбөр нь банкны өөрийн хөрөнгийнх нь 30 хувиас ихгүй байх шаардлагатай гэсэн үг. Нэгж валют гэж ам.доллар, юань гэх мэт гадаад валютыг хэлж буй юм. Энэ нь валютын ханшийн эрсдэлээс банкуудын хүлээх алдагдлыг хамгаалах зорилготой гэж Төвбанкныхан тайлбарлаж байна.

Хуульд дурдсанчлан гадаад валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй. Уг арга хэмжээ нь валютын хадгаламжийг бууруулах зорилготой. Иргэн, аж ахуйн нэгжийн валютын хадгаламжийг даатгахгүй бол ямар нэгэн эрсдэл учирвал нөхөн төлбөр олгохгүй. Харин үндэсний мөнгөн тэмдэгтийн хадгаламж эрсдэлд орвол нөхөн төлбөр олгоно. Ингэхээр иргэн, аж ахуйн нэгж эрсдэлээ хаахын тулд төгрөгийн хадгаламжаа валют руу шилжүүлэхгүй юм. Үүнээс гадна банкуудын заавал байлгах нөөцийг хангасны урамшууллыг өндөр хүүтэй валютын хадгаламжийн хувь хэмжээгээр бууруулж олгож байгаа гэнэ. Энэ нь мөн л валютын хадгаламжийг болон хүүг доошлуулах зорилготой шийдэл аж. Валютын шилжүүлгийг төгрөг рүү хөрвүүлэн хийхийг шаардаж буй нь замбараагүй гүйлгээг хязгаарлах, ханшийг тогтворжуулах зорилготой арга хэмжээ гэнэ.

Монголбанкнаас тавьсан хязгаарууд нь бүгд долларжилтоос сэргийлэх тактикийн арга хэмжээ юм. Эдийн засгийн хямрал тохиоход манай улсын төлбөрийн тэнцэл алдагдалд ордог нь бараг жам болжээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай улсын төлбөрийн тэнцэл Монголбанкнаас залруулсан дүнгээр 679 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Манай улс валютын нөөц багатай учраас энэ тохиолдолд төгрөгийн ханшийг сулруулахаас өөр зам байдаггүй. Хямрал тохиолдож, валютын ханш чангарч эхлэхэд иргэд төгрөгийн хадгаламжаа валют руу шилжүүлэх нь ихэсдэг. Ийм үйлдэл нь валютын ханшийг улам чангаруулах сөрөг нөлөөтэй байдаг.

Төвбанкны статистикаас харахад гадаад валютын хадгаламжийн дүн өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 4.35 их наяд төгрөгтэй дүйж байна. Энэ оны нэгдүгээр сард валютын хадгаламж 3.55 их наяд төгрөгтэй тэнцэж байжээ. Эндээс хагас жилийн хугацаанд валютын хадгаламжийн дүн 800 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь харагдана. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээлд долларжилт идэвхтэй өрнөсөн гэсэн үг. Долларжих үзэгдэл цаашид газар авбал ам.долларын ханш 3000 төгрөг даван чангарч мэднэ. Ам.долларын ханш чангарах нь валютын хадгаламжтай хүмүүст ашигтай. Харин төгрөгийн хадгаламжтай хүмүүст ашиггүй. Цаашлаад инфляц өсөх, ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийснээр валютын нөөц багасах гэх мэтээр эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.

Тиймээс Монголбанкнаас хуулийн дагуу авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээ нь зөв шийдэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Ийм арга хэмжээ авах нь валютын хадгаламжтай, валютаар төлбөр тооцоо хийдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хохиролтой мэт боловч эдийн засгийн орчинд тустай нь ойлгомжтой. Иргэн, аж ахуйн нэгжүүд долларжилтыг дэмжихгүй байх, валютын ханшийг тогтворжуулахын тулд үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэх хэрэгтэй. Манай сонин дээрх сэдвийг хөндсөн “Үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэлье” гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлж байсан. Үүнд “Ам.доллар худалдаж авах нь танд ашигтай юу. Валютын ханш өсөхөөр дагаад импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Монголд үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй учраас та хэрэглээнийхээ дийлэнхийг импортын бараа, бүтээгдэхүүнээр хангаж байгаа. Та ам.долларын ханш 2660 төгрөг байхад худалдан авч хадгалсан байж болно. Тэгээд 2760 төгрөг болоход зараад, 100 төгрөгийн ашиг оллоо гэж бодъё. Гэтэл хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихнө. Тэгэхээр дүндээ дүн болж байгаа биз. Баруун халаасанд чинь ашиг орлоо гэж бодтол зүүнээс нь гарах зардал өснө гэсэн үг. Ам.доллар хадгалах нь үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг унагаахаас өөр ид шидгүй байгаа биз” гэж дурдаж байв. Зарим эдийн засагч ам.долларын хадгаламж нээхгүй байх хууль батлахыг санал болгодог. Ийм хатуу арга авах нь зөв, эсэх нь эргэлзээтэй.

Юутай ч манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний мөнгөн тэмдэгтээ эрхэмлэх сэтгэлгээ суугаагүй байна. Тиймээс УИХ-аас хууль баталж, долларжилтоос сэргийлэх зохицуулалт хийсэн хэрэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)