“Долдугаар сарын 1” давтагдах вий

Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулав. Энэ удаагийн сонгуулийг жижиг 76 тойрог бүхий мажоритар тогтолцоогоор зохион байгуулна. Нэг намын нэр дэвшигчид хоорондоо тулахгүй гэдгээрээ энэ тогтолцоо давуу талтай. Томсгосон тойргоор сонгууль явуулсан 2012 онд нэг намынхан хоорондоо хэрхэн “дайтаж”, биенийхээ эсрэг хар PR хийж байсныг уншигчид мартаагүй. Тэгэхээр намын эв нэгдлийг хангах давуу талтай байх нь. Гэвч үүнээс өөр давуу тал уг тогтолцоонд бий болов уу.

УИХ оны өмнө Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Ингэхдээ 2012 оных шиг холимог тогтолцоотой, 48 гишүүнийг тойргоос, 28-ыг нь намын жагсаалтаар сонгох хувилбараа хадгалсан юм. Гагцхүү “Санал хураалт болохоос зургаан сарын өмнө уг хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн босго заалтыг “мартчихсаныг” олон нийт бүр хойно нь л мэдсэн. Эрх ашигтаа нийцүүлэн хуулийг өөрчлөх нь, ардчилсан зарчмаас ухрах нь гэсэн шүүмжлэл гараад эхэлмэгц АН, МАН-ынхан нэгэн төлөвлөгөө боловсруулжээ. Пропорциональ тогтолцоогоор буюу намын жагсаалтаар эрэмбэлж 28 гишүүн сонгох нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдлыг хэн нэг иргэн Цэцэд гаргана. Цэц гомдлыг хэлэлцээд хуулийн заалтыг түдгэлзүүлнэ. УИХ Цэцийн дүгнэлтийг “аргагүйн эрхэнд” хүлээн авч, хуулиа жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоотой болгон өөрчилнө.

Удахгүй болох сонгуулиар АН, МАН-ын хуучин голдуу улстөрчид л санал тэнцүүхэн гарч ирвэл гайхах хэрэггүй

Ийм сценарь бичиж, хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр нэр дэвшичид тодроод байна. Гэтэл 2012 онд Сонгуулийн хуулийг холимог тогтолцоотой болгосны дараа жагсаалтаар гишүүн сонгох нь хууль бус гэдэг гомдлыг Цэц авч хэлэлцээгүй байдаг юм. Гэвч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас Цэц уг асуудлыг хэлэлцэж, гомдлыг хүлээж авахад хүрсэн биз. АН, МАН-ын нэр хүнд олон нийтийн дунд унаж, итгэл алдарсан. Тиймээс намын нэрээр санал авах боломж тун муу болсон. Иймээс л хуулиа өөрчилж, санал авч чадна гэсэн хүмүүсээ тойрогт нэр дэвшүүлэхийг эдгээр нам илүүд үзсэн билээ. Мэдээж хуулиа өөрчлөхдөө гуравдагч хүчин, бие даагчдыг шахсан зохицуулалт оруулахаа мартаагүй. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хугацааг  17 хоног болгосон  нь хэдийнэ олонд танигдсан улстөрчдийг л улираах зорилготой хэмээн хардаж буй. Өөр улс төрийн хүчин, эсвэл шинэ хүмүүст хүрд эргүүлэх боломж бараг л үгүй.  Нэг ёсондоо хоёр намынхан том эрх ашиг дээрээ нэгдэж, Сонгуулийн хуулийг өөрсдийн өнөөдрийн эрх ашиг, боломжид нийцүүлэн өөрчилсөн байх нь.

Өмнөх олон сонгуулийг манай улс жижиг 76 тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулсан. Гэвч эцэст нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн гарч, таван хүн амиа алдсанаар дууссан. Тэр үеийн МАХН-ын байр руу иргэд чулуу нүүлгэж, сүүлдээ гал тавьсны дараах аймшигт дүр зургийг монголчууд мартаагүй байна. Анх жагсаал байсан ч сүүлдээ тэр нь  хяналтаас гарч,  олон нийтийг  хамарсан үймээн болсон учраас онц байдал зарлахад хүрсэн. Бослогыг тэргүүлсэн иргэний хөдөлгөөний цогтой тэмцэгчдийг хорьж, байцаасан. Олон  ч залуу хоригдсон, баривчлагдсан. Харин маргааш нь хотын төв хэсэг цусан толбондоо будагдчихсан, ТҮК-ийн ажилчид толбыг  савандан угааж байсныг мартах хэцүү. Хотын гудамжаар буутай цэргүүд холхилдож, танкнууд цуваад л, яг дайнтай орон шиг аймшигтай байсан. Сонгогчдын саналыг олон жил луйвардсан, цоорхой ихтэй тогтолцооны сөрөг үр дагавар ийм тэсрэлт болж илэрсэн юм. Тойрог жижиг байх тусам эд мөнгө тараах замаар санал худалдаж авахад амархан болгож байна гэж шүүмжилсэн. Ер нь л мажоритар тогтолцоо буруу бүхний үндэс хэмээн дээр доргүй ярьж байлаа. Ингээд л хуулиа холимог тогтолцоотой болгон өөрчилсөн биш гэж үү.

Харин найман жил өнгөрөхөд түүхэнд хараар тэмдэглэгдсэн тэр хар өдрийг улстөрчид мартчихаагүй байлтай. Саналаа гараар биш, автомат төхөөрөмжөөр тоолдог болсон, сонгогчдын бүртгэлийг цахимжуулсан, мөнгө, эд зүйл тараах, үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг хориглосон гэх мэтээр багагүй дэвшил гарсан. Гэвч “Автомат төхөөрөмжийн программыг ялгаагүй л хүн бичиж байгаа шүү дээ” гэсэн хардлага сөрөг хүчин болон УИХ-д суудалгүй намуудын зүгээс гарсаар байна. Хэдийгээр нийт саналын 50 хувийг гараар давхар тоолох зохицуулалт хуульд тусгасан ч ингээд л бүх зүйл шударга болно гэдэгт иргэд итгэхгүй байгаа юм. Учир нь дэлхийд мажоритар тогтолцооноос пропорциональ руу шилжсэн улс олон. Харин пропорционалиасаа буцаад мажоритар руу ухарсан улс нэг ч үгүй.

Удахгүй болох сонгуулиар АН, МАН-ын хуучин голдуу улстөрчид л санал тэнцүүхэн гарч ирвэл гайхах хэрэггүй. Ингэх л гэж тэд Сонгуулийн хуулийг өөрчилсөн.  Харин санал хураалт болсны дараа элдэв үймээн гарч, “долдугаар сарын 1” шиг явдал давтагдахгүй байгаасай.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)