Догдлол дүүрэн долдугаар сарын зуслан

Баяр хөөр цалгисан, аз жаргал ундарсан, хөгжилтэй, адал явдлаар дүүрэн газар бол хүүхдийн зуслан. Бага насны нандин дурсамж, зугаатай мөчүүд тэнд л өнгөрдөг. Зуны эхэн сард зуслангууд үүдээ нээдэг ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ онд үйл ажиллагааг нь түр зогсоосон байв. Эрүүл ахуйн болон бусад шаардлага хангасан зуслангуудыг нээх шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК энэ сарын 3-нд гаргасан билээ. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслангийн 13 нь энэ онд ажиллах хүсэлт ирүүлсэн байна. Хяналт, үнэлгээнд тэнцсэн 12 зуслангийн дөрөв нь Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй. Үүний нэг “Мөрөөдөл” хүүхдийн зуслан, тэр дундаа бүлгийн багш нарын ажлыг “Нэг өдөр” буландаа онцоллоо. Тус зуслан нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, Баянголын үзэсгэлэнт хөндийд байрладаг юм.

08.30 цаг. Том том чемодан чирсэн хүүхдүүд “АСА цирк”-ийн үүдэнд цугларахад шавилхан биетэй эмэгтэй угтан авч, аль автобусанд суухыг нь хуваарилав. Хагас цагийн дотор 60 хүүхэд “Мөрөөдөл” зуслан хүрэх унаандаа суулаа. Багш, ангийнхнаасаа багагаүй хугацаанд хол байсан тэд уйдсан нь лавтай. Биенээ танихгүй ч дотно найз мэт хөөрөлдөж, халааснаасаа чихэр гарган нэгнээ дайлах юм. Зургадугаар сарын 7-ноос эхлэн хүүхдүүдээ авч, нийт найман ээлжээр ажилладаг уг зуслан коронавирусийн улмаас энэ удаад долдугаар сарын 17 буюу өнгөрсөн баасан гарагт анхны амрагчдаа хүлээн авч буй. Хотын төвөөс 75 км-ийн зайд байрлах “Мөрөөдөл” зуслан хүрэх замдаа хүүхдүүд хөгжилтэй тоглоом тоглож, бие биетэйгээ танилцан зугаатай явав. Зарим нь суудлаа дэрлэн унтаж байхад уг зусланд хэд хэдэн удаа амарсан архгууд “шинэков”-уудад номын дуу сонсгоно. 60 хүүхдийг дөрвөн автобусанд тэнцүү хуваан суулгасан бөгөөд тэднийг бүлгийн багш П.Золзаяа хариуцаж явлаа. Тэрбээр төгсөх курсийн оюутан ч зусланд дөрөв дэх жилдээ ажиллаж буй туршлагатай багш.

11.40 цаг. Мөрөөдөж, хүссэн “Мөрөөдөл” зусландаа багачууд ирлээ. Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс цааш 15 км орчим газар шороон замаар донсолгож ирсэн хүүхдүүд багагүй алжаажээ. Эргэн тойрон уул, ус, модтой сайхан газар байсан тул хүүхдүүдийн нүд дорхноо сэргэв. Тусгайлан бэлдсэн тайзнаас хөгжим хангинаж, бүлгийн багш нар бүжиглэн, дуулсаар тэднийг хүлээн авсан юм. Ачаа тээшээ буулгаад хүүхдүүд дасгал хийж, багш нартайгаа хамт бүжиглэв. “Дуулиан-2020” хөлбөмбөгийн багийн хүүхдүүд, англи хэлний сургалтын төвийн багачууд багш нартайгаа хамт иржээ. Мөн англи хэлний вакум сургалтад хамрагдах хүсэлтэй хүүхэд ч цөөнгүй байв. Хөтөлбөрийн ахлах багш О.Батчулуун хүүхдүүдийг “Алвин”, “Симон”, “Теодор” гэсэн гурван бүлэгт хуваариллаа. Бүлгийн багш нар “шугам” гэж чанга дуугарахад хүүхдүүд “шиг” гэж хэлээд нэг цуваанд орж зогсов. Номхон командтай зэрэгцэн нэг хүү “Багш аа, бие засмаар байна” гэж орилох нь тэр. Хөтөлбөрийн ахлах багш ариун цэврийн өрөөг зааж өгөөд “Суултууртай, боловсон жорлон учир гэртээ байгаа мэт тухтай бие засаарай” гэж нэмж хэлэв. Замын алжаалаа тайлж, хэсэг бүжиглэсэн хүүхдүүд бүлэг бүлгээрээ ээлжлэн өдрийн хоолоо идлээ. Гал тогооны өрөөнд баруун гарын дүрэм үйлчлэх бөгөөд хүүхэд бүрийн гарыг ариутгаж байсан юм. Өдрийн хоолонд гурилтай шөл, тефтель байв. Гал тогоонд ахлах тогоочоос гадна гурван хүн ажиллаж байлаа. Тэд өдөрт 200 гаруй хүний хоол бэлддэг гэнэ. Ахлах тогооч А.Ариунаа “Хүүхдүүдийг өдөрт зургаан удаа хооллодог. “Ковид-19”-өөс сэргийлэх үүднээс чацаргана, нэрс, аньсны шүүс түлхүү өгч, дархлааг нь дэмжинэ” гэлээ. Мөн хоёр цаг тутамд өрөөг ариутгаж, халдваргүйжүүлэх аж.

13.00 цаг. Хүүхдүүд өрөө өрөөндөө орж, үүцээ задлав. Ачаа, тээшээ задалж, амттан чихрээр нэгнээ дайлахын зэрэгцээ гэрээсээ авчирсан зүйлсээ багшдаа шалгууллаа. “Алвин” бүлгийн багш П.Золзаяа, Б.Анхбаяр нар хүүхдүүдийн ачааг нэгбүрчлэн шалган, гар утас болон үнэ бүхий эд зүйлсийг нь бүртгэн хурааж авав. Жимс, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг амархан муудах хүнсээс гадна, чипс, хийжүүлсэн ундаа авчрахыг хориглодог юм байна. Фэйсбүүк “ухаж”, гар утсаараа байнга тоглодог хүүхдүүдийн нүд, чихийг амраахын тулд “ухаалаг найз”-ыг нь ийнхүү хураадаг аж. Хүүхдүүд багш нарынхаа утсаар ээж, аавтайгаа холбоо барих боломжтой. Мөн мэргэжлийн гэрэл зурагчин ажилладаг учир “Мөрөөдөл” зуслангийн цахим хуудсанд хүүхэд бүрийн зураг, бичлэгийг байршуулдаг аж. Тэнд эцэг, эх нь хүүхдүүдтэйгээ “уулздаг” гэнэ. 13 настай Э.Ерөөлт дүүгийнхээ хамт зусланд амрахаар иржээ. Тэрбээр дөрөв дэх удаагаа энд амарч буй бөгөөд “Олон найзтай болж, байгальд аялах нь гоё учраас жил бүр ирдэг” гэв. Түүний дүү Э.Тэнгис долоон настай. Э.Ерөөлт цагаан хэрэглэлээ хийж, ороо тэвхийтэл зассаны дараа дүүдээ тусалсан юм. Энэ удаагийн ээлжийн бяцхан гүнж нь долоон настай М.Бөртэ. Амрагчдын дунд хамгийн балчир нь ч гэсэн ах, эгч нараасаа дутахгүй биеэ даажээ. Ор, дэвсгэрээ засаад, ачаа тээшээ задалж багшдаа шалгуулахад бэлэн болсон байв. Эвхсэн хувцасных нь завсраас түүний дуртай өндгөн шоколад цухуйж харагдана. Мөн хайртай тоглоом болох туулайгаа авчирчээ. Тэрбээр “Анх удаа зусланд ирсэн чинь сонин байна. Энд хамаатныхаа ахтай ирсэн. Таван сартай, хоёр настай дүү нараа л их санах байх даа. Ээж минь “Дулаан хувцсаа сайн өмсөж, өрөөгөө цэвэрхэн байлгаарай” гэж захисан” хэмээв. “Бусад зуслантай харьцуулахад хөтөлбөр нь илүү хөгжилтэй. Гэрийнхнээ санах, юм бодох ч завгүй өнгөрдөг учраас энэ зусланд дөрөв дэх жилдээ амарч байна” гэж Б.Анхилуун ярив.

Энэ удаагийн ээлжийн онцлог нь хөлбөмбөгийн сургалт юм байна. Амрагч хүүхдүүдийн олонх нь хөвгүүн байсан нь ч үүнтэй холбоотой. Дараагийн ээлж энэ сарын 24-нд эхлэх бөгөөд манлайлал, удирдагчдын сургалт голлох гэнэ. Зуслангийн хөтөлбөрийн талаар О.Батчулуун багш “Манай зуслан 2007 оноос үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн гурван жил дараалан нийслэлийн “Шилдэг зуслан”-гаар тодорсон. Дэлхийн алдарт “Франклин кови” компанийн манлайллын хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг. “УОК-оос өгсөн зөвлөмж, журмын дагуу хүчин чадлынхаа тал хувийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, 300 хүүхэд хүлээн авах боломжтой ч 150-ийг л амраах юм. Нэг өрөөнд найм хүртэлх хүүхдийг байрлуулдаг байсан. Цар тахалтай холбоотойгоор нэг өрөөнд дөрвөн хүүхэд байрлуулан, зай талбайг нь томсгосон. Зуслангаа нээхээс өмнө ариутгал, халдваргүйтгэл хийж, багш нараа эрүүл мэндийн шинжилгээнд хамрууллаа. Мөн орчин, усны шинжилгээнд хамрагдаж, ажиллах эрхээ авсан. Долоо хоногийн төлбөр нь 250 мянган төгрөг. Байнгын үйлчлүүлэгч болон гурваас дээш найзтайгаа хамт амарч буй хүүхдүүдэд төлбөрийн 10 хувийг хөнгөлдөг” гэв. Тэрбээр туслах, үндсэн багшаар ажиллаж байгаад хөтөлбөрийн ахлах болжээ. Зусландаа байрлаж ажилладаг учир хотын зун ямар байдгийг мэдэхгүй өнгөрдөг гэж багш нар наргиан болгов. Зургадугаар сард зуслан ажиллаагүй тул уйтгартай байснаа ч тэд нуусангүй. Эцэг, эхийн хайр, халамжийг мэдрүүлэх, аюулгүй байдлыг нь хангах, бүрэг ичимхий хүүхдийг нийтэч болгоход анхаарах нь багш нарын гол үүрэг аж.

14.20 цаг. Өрөөндөө төвхнөсөн багачууд бүлэг, бүлгээрээ нөхөрлөв. Гурван бүлэгт хуваагдсан хүүхдүүд багийн нэр, ахлагчаа сонгон, уриагаа гаргалаа. “Алвин” бүлгийнхэн хоорондоо танилцсаны дараа ахлагчаа сонгож, уриагаа гаргасан юм. “Адал явдал хайсан, авхаалж самбаа бүрдсэн Алвин” хэмээн өөрсдийгөө тодотгосон тус бүлгийн хүүхдүүдэд П.Золзаяа багш зарим зүйлийг сануулсан. Зүлгэн дээр гишгэхгүй, хог хаяхгүй, муудалцахгүй байхыг анхааруулахад долоон настай хүү хажуунаас нь “хов зөөхгүй, тийм ээ багш аа” гэхэд “Яг зөв, хов зөөх хамгийн муухай” хэмээгээд хүүгийн толгойг иллээ. Бүлгийн багш нар 20 дөнгөж гарсан залуус ч гэлээ “Миний хүү” хэмээн тэднийг дуудах юм. Аав болоогүй ч олон хүүхэдтэй юм шиг л байдаг хэмээн яриагаа эхэлсэн Б.Анхбаяр багштай хэсэг хөөрөлдлөө. “Эрт босож, орой амардаг учир ядрах тохиолдол гардаг. Гэхдээ хүүхдүүдээ хараад л сэтгэл сэргэдэг юм. “Багш аа, гэж гүйгээд ирэхэд нь эрч хүч ундардаг. Нууцаа ярьж буй хүүхдүүдийн итгэлийг алдахгүйн тулд илүү хичээх хэрэгтэй. Цар тахлын улмаас зуслангууд ажиллахгүй болоход хэцүү, уйтгартай байв. Хүүхдийг аль ч талаас нь хөгжүүлэх боломжтой. “Мөрөөдөл” зусланд анх багшаар ажиллахдаа өөрийнхөө бүлгийн хүүхдүүдийг ч танихгүй, мэдэхгүй сандарч явлаа. Багш болсны дараахан нэг хүү уйлж суухтай таарсан юм. Учрыг асуувал өмдөндөө баачихжээ. Дотуур хувцсыг нь цэвэрлэж, угааж, сольж өгснөө мартдаггүй. Залуу ээж, аавууд орон сууц, автомашин гээд эд хөрөнгийн хойноос хөөцөлдөөд үр хүүхдээ орхигдуулах явдал их гардаг юм билээ. Ажил гэсээр хүүхдэдээ цаг бага зарцуулж буй ч тэр нь нандин, үр өгөөжтэй байгаасай. Хүүхдийнхээ дэргэд архи, тамхи хэрэглэн, хараал хэлдэг аав, ээжүүдийг харахаар бухимддаг” гэв.

15.30 цаг. Хүүхдүүд хэдийн найзуудаа олсон бололтой. Хэсэг хэсгээрээ тоглож, хоёр, гурваараа хэлхэлдэж харагдана. Багачууд цагаан байшин руу ойр ойр гүйх юм. Учрыг тодруулбал тэрхүү цагаан байшин нь зуслангийн дэлгүүр аж. Эхний өдөр амттан өгдөггүй учир хүүхдүүд аав, ээжээсээ авсан хэд гурван төгрөгөөрөө “тансаглах” аж. Энд чипс, хийжүүлсэн ундаа зардаггүй учир ус, жимсний жүүс, жигнэмэг голдуу авч харагдана. Дэлгүүрийн хажууд эмчийн өрөө байв. Хүүхдүүд зусланд ирэхийн өмнө шинжилгээ өгсөн бөгөөд үүнийг нь эрүүл ахуйч болон эмч шалгаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хүүхэд бүрийг хамруулдаг юм байна. Зуслангийн эмч М.Чимгээ “Харшил, арьсны эмгэгтэй, эсэхийг нь үзэхийн зэрэгцээ өндөр, жин, биеийн ерөнхий өсөлтийг нь тодорхойлдог. Эцэг, эхээрээ бүх зүйлээ хийлгэж сурсан хүүхдүүд өөрсдөө бие даан, халуун, хүйтэнд хувцсаа тохируулж чадахгүй даарч хөрч, ханиад хүрэх, бие нь өвдөх тохиолдол гарна. Зарим нь жаахан зовуурь илрэнгүүт л эмчид ханддаг. Гэрээсээ хол байгаа учраас хайр мэдрэх, өрөвдүүлэх гэж эмчид хандах тохиолдол цөөнгүй. Чихэрлэг зүйл их идсэнээс шүд нь өвдөх, халтирч унаж, зөөлөн эдээ гэмтээх явдал багагүй гардаг” гэв. Аливаа эрсдэлээс сэргийлэх үүднээс эмнэлгийн дэргэд тусгаарлах өрөө хоёрыг бэлджээ.

17.00 цаг. Эхний өдөр учир хүүхдүүд орчин тойронтойгоо танилцах гээд тун завгүй. Зуслангийн ерөнхий байршил, үйл ажиллагааны талаар хүүхдүүдэд тоглоомын аргаар танилцуулав. Онцлох таван хэсгийг өртөө болгож, багш нар байрлан, авхаалж самбаа сорьсон тэмцээн зохион байгуулсан юм. Хоёр дахь өдрөөс нь зуслангийн цагийн хуваарийн дагуу бүх үйл ажиллагаа явагдах аж. Хүүхдүүд 07.30 цагт сэрж, 22.00 цагт амрах гэнэ. 09.00-11.00 цагт тухайн ээлжийн онцлог хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа эхэлнэ. Энэ удаагийн онцлог хөтөлбөрийн дагуу Монголын хөл бөмбөгийн холбооныхон ирж, хөл бөмбөгийн сургалтыг албан ёсоор нээх юм байна. 12.00 цагаас хүүхдүүд сонирхсон дугуйландаа хамрагдах бол 13.00 цагт үдийн хоолоо идэх гэнэ. Харин өнөөдрийн хувьд оройн хоолны дараа танилцах үдэшлэг болох нь. Багш нар үйл ажиллагааг хөтлөх тул үс, зүсээ янзлах гээд тун завгүй. Түр амсхийх үед нь П.Золзаяа багштай уулзав. Тэрбээр МУИС-ийн эдийн засгийн ангийн төгсөх курсийн оюутан. Нэгдүгээр курсээ төгсөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар зусланд ажиллах болжээ. Гэрээсээ олон хоногоор хол явж үзээгүй учраас эхлээд зүрхшээж байсан гэнэ. Зусланд ажиллахын сайхан нь юу юм бэ гэж түүнээс асуухад “Хүүхдүүд бол эрч, хүч, хайр шүү дээ. Том, жижиггүй бүгдийг нь “миний хүү” гэж дуудаад сурчихжээ. Зусланд байх үед нь хайр, халамжаар дутаахгүйг хичээдэг. Хүүхдүүд минь энд тэнд таараад “Багш аа” гээд л тэврээд авдаг юм. Сэтгэл минь байнга л зусландаа татагддаг. Анх мундаг хамт олны дунд ирээд яах учраа олохгүй, өглөөнөөс орой болтол хэдэн байрны хооронд хөлсөө гоожтол гүйдэг байв. Одоо ажил минь гарт орсон. Амрах гэж ирсэн, 18 настай хөвгүүд эмэгтэй багш нараа ичээх гэж үзнэ. Хүүхдүүдтэй яаж харилцах арга эвээ олсон. Зөөлөн үедээ зөөлөн, хатуу үедээ хариуцлагатай, чанга байх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд архи, тамхи нууж хэрэглэх явдал гарна. Тэр бүрийг нь илрүүлж, ойлгуулж, хурааж авдаг. Одоо ийм зөрчил гаргах нь харьцангуй гайгүй болсон. Хүүхдүүдээ сэрэхээс өмнө өөрсдийгөө бэлдэх учраас эрт босдог. Заримдаа 02.00 цагт амрах тохиолдол ч гарна. Их сургуулиа төгсөөд зусландаа багшилна” гэв.

Тэмцээн бүр нь багш, хүүхдээс чамгүй авьяас шаарддаг юм билээ. Цуглуулсан онооны нийлбэрээр шилдэг бүлэг шалгаруулдаг. Олон удаа амарсан хүүхдүүд шилдэг болохын төлөө зорьж ирэх нь ч бий гэнэ. Хүсэл мөрөөдлөө зорилго болгохын тулд юу хийх вэ, ямар зан чанартай байж зорьсондоо хүрэх талаар багш нар хүүхдүүдтэй ярилцдаг юм байна. Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө самбар дээр бичиж, мөн орныхоо хажууд наан, өглөө бүр түүнийгээ харж, мөрөөдлөө бодит болгохын төлөө хичээдэг аж. Өөрөөс нь асуухгүйгээр эцэг, эх нь шийдвэр гаргасан тохиолдол их байдгийг уг зусланд дөрөв дэх жилдээ ажиллаж буй бүлгийн багш Т.Пүрэвсүрэн хэлэв. Тэрбээр “Ээж, аав л энэ сургуульд сур, ийм мэргэжил эзэмш” гэсэн гэх хүүхэд цөөнгүй. Хүн бүр өөрийн чадварт тулгуурлан мэргэжлээ сонгох хэрэгтэй. Харин мөрөөдөл бол хязгааргүй. Сургуулиа 42 медальтай төгсөх мөрөөдөлтэй хүүтэй ч таарч байв. Нэг сард төдөн медаль авна гэж тооцсон байх жишээтэй” хэмээсэн юм.

18.00 цаг. Хүүхдүүд ямар нэг хөтөлбөрт баригдалгүй чөлөөт цагаа өнгөрүүлээд 30 минут болжээ. Хөвгүүд сагс тоглож байхад охид өрөөндөө элдэв сонин сайхан ярилцана. Долоон настнууд ч ах, эгчийнхээ хайр халамжид ажрахгүй байгаа бололтой. Тэд цагийн дараа оройн хоолоо идэх юм. Үүний дараа нээлтийн ажиллагаа буюу танилцах үдэшлэг зааланд болно. Багш нар энэ удаагийн нээлтэд зориулж, шинэ бүжиг сурчээ. Нэгдүгээр ээлжийнхэнд нийт бүлгийн ес, хөтөлбөрийн ахлах нэг багш ажиллах юм. 5-6 хүүхдэд нэг багш ногдох тул багачууд болгонтой тулж ажиллах, анхаарал тавихад дөхөм санагдав. “Тосгоноороо нийлээд нэг хүүхдийг өсгөе” гэсэн зүйр үг байдаг. Хүүхдийг хүмүүжүүлэх нь зөвхөн эцэг, эх, сургуульд хамааралтай биш. Монгол хүн бүрийн үүрэг гэж боддог. Манай зуслангийн хамт олон багахан хугацаанд ч болов энэ үүргийг биелүүлж, хүсэл мөрөөдөлтэй хүүхэд “төрүүлэх”- ийн төлөө ажиллаж байна” хэмээн “Мөрөөдөл” зуслангийн захирал А.Цогтмагнай онцолсон. Зусланд зугаатай сайхан байхаас гадна сурч, боловсорч, үеийнхэнтэйгээ ойлголцож, өөрийгөө зөв илэрхийлж сурна гэдэг чухал.

Бид эл цагт Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоо залсан юм. Замдаа багагүй хугацаа зарцуулах тул эрт газар дөхсөн нь энэ. Хараа булаам үзэсгэлэнт байгальд хүүхдүүд шуугилдсаар хоцров. Зуслангийн нэг өдөр ийнхүү өнгөрөх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)