Д.Нацагдоржийн Герман, монгол хэлний толь бичгийн гар бичмэлийг олжээ

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн бичсэн Герман, монгол хэлний толь бичгийн эх хувилбар ХБНГУ-ын Боннын их сургуулийн Монгол, Төвд судлалын тэнхимийн номын санд хадгалагдаж байсныг монгол эрдэмтэн олжээ. Тус сургуулийн зочин профессор Ж.Бат-Ирээдүй энэ тухай “Их зохиолч Германд сурч байхдаа Лайпцигийн их сургуулийн профессор Эрик Хайнишийн туслахаар ажиллаж байсан гэдэг. Тэр үед буюу 1927 онд түүний бичсэн Герман, монгол хэлний толь бичгийн гар бичмэлийг оллоо. Номын эхний хуудсанд буй гарын үсгийг бусад зохиолын гар бичмэлийн тигтэй харьцуулж зохиолчийнх мөн болохыг баталсан. Номын санг үүсгэн байгуулсан нэрт эрдэмтэн Вальтер Хайссиг нь Д.Нацагдоржид нэгэн үе багшилж байсан Эрих Хайнишын шавь байсан учир энэ толь бичгийг түүнд өгсөн гэж тааварлаж байна. Энэхүү гар бичмэл нь Д.Нацагдорж болон толь бичиг судлалд үнэтэй хувь нэмэр оруулна. Толь бичгийн эхийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах талаар манай багш, эрдэмтэд хэлэлцэж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)