Д.Нарантуяа: 2019 он гэхэд эмч нарын цалин 7-49 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байна

“Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоо"-г бий болгохоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан байдаг.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 7-49 хувь нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны үнэлгээний судалгааг дэлхийн улс орнуудад хэрэглэгддэг арга аргачлалын дагуу шинэчлэн тогтоохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр ажлын байрны үнэлгээг төв, орон нутгийн 31 байгууллагын 2600 эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтнуудыг хамруулан зохион байгуулж, 50000 орчим өгөгдөлд статистик дүн шинжилгээ хийж, үр дүнг боловсруулсан байна.

ЭМЯ-ны эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа хэлэхдээ "Олон улсын ТҮМ7 зэрэглэлээр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч сувилагчдын цалин хөлсийг тооцож үзвэл одоо 501 000 төгрөгийн цалин авч байгаа ажилтан 745 000 төгрөг болж нэмэгдэх боломжтой. Ингэхдээ ажилтнуудын

  • Ур чадвар
  • Хариуцлага
  • Ажлын ачаалал
  • Хөдөлмөрийн нөхцөл гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл, эдгээрт хамаарах 11 дэд хүчин зүйлийн дагуу үнэлсэн.

Судалгааны үр дүнд үндэслэн үндсэн цалинг 7-49 хувь нэмэхэд 62,1 тэрбум шаардлагатай. Энэхүү төсвийг шийдвэрлүүлэхээр яамдуудаас санал авч, 2019 оны 1 дүгээр сарын 1-н гэхэд Засгийн газраар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)