Д.Нарантуяа: Шүүгч асуудлыг олон талаас нь авч үзэж, шударгаар шийдвэрлэдэг юм байна

 "Шүүх хуралдаан дуусаад, би шууд наашаа ирлээ. Шүүхийн шинэтгэл иргэд бидэнд өгөөжөө өгч, шүүх үнэхээр маш их өөрчлөгдсөн байна шүү, талархсан сэтгэгдлээ илэрхийлмээр санагдаад, баярлалаа гэж хэлэхгүй бол болохгүй санагдаад танайхыг зориуд зорьж ирлээ” гэсээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Нарантуяа бидэнд хандсан юм. Тэрбээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үйлчлүүлжээ. "Шүүхийн үйлчилгээ их таалагдлаа, шүүгч нар ямар мундаг чадвартай болсон юм бэ, шүүгчийн туслах ямар мундаг сэтгэлтэй үйлчилдэг юм бэ. Би хэдэн сарын турш санаа сэтгэл зовниод нойр муутай хонож байсан, өнөөдрөөс бүтэн нойртой хонохоор боллоо” гээд инээмсэглэсээр яриагаа эхэлсэн юм. Түүний нүүрэнд талархал тодорчээ.

-Та ямар шалтгаанаар шүүхээр үйлчлүүлсэн бэ?

-Байраа нэгэн компанид алдах болчихоод хоёр жил гаруй хугацаанд шүүхээр явлаа. Шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэд, хэдэн удаа буцааж байсан. Тухайн үед миний нэхэмжлэлийг яагаад буцаагаад байгааг сайн ойлгоогүй. Хууль сайн мэдэхгүйгээсээ болж нэхэмжлэлээ дутуу бичээд байсан юм болов уу гэж боддог. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргасан. Энэ удаад шүүхийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа. Бүр талархлаа илэрхийлмээр санагдаад танай байгууллагыг зорьж ирлээ.

-Шүүхээр үйлчлүүлээд сэтгэл хангалуун байна гэхээр шийдвэр таны талд гарсан гэсэн үг үү?

-Шүүхийн шийдвэрээс илүү үйлчилгээ, шүүгч, ажилтнуудын харилцаа хандлагад баярласан. Би удаан хугацаанд шүүхээр явж, хэд хэдэн удаа нэхэмжлэлийг минь хэрэгсэхгүй болгосон тухай ярьсан шүү дээ. Шүүх миний талд шийдвэр гаргасангүй гэдгээс илүүтэй хуулийн талаас цэгцтэй ойлголт авч чадахгүй байснаас шүүхэд гомдоод, бухимдаад яваад байж. Харин сүүлийн удаа нэхэмжлэл гаргахад шүүгчийн туслах А.Баялагмаа сайхан хүлээж авснаас эхлээд л миний шүүхийн талаарх ойлголт өөрчлөгдөж эхэлсэн. Шүүгчийн туслах хүнтэй үргэлж инээмсэглэж харьцдаг, асуудлыг тайлбарлахдаа түвэгшээдэггүй шүүхийн үйлчилгээг маш сайн хүргэдэг юм байна лээ. Байраа алдсан гэдэг утгаараа би их бухимдалтай очсон. Тэгтэл А.Баялагмаа ойлгож, хүнлэг хандаж дулаан уур амьсгал бүрдүүлж, байсанд баярласанаа илэрхийлмээр байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх ачаалалтай ажилладаг нь туслахын ширээн дээр овоорсон хэрэг, маргааны материалаас л харж болохоор юм билээ. Гэвч ажилдаа түүртэлгүй хүн бүртэй эелдэг харьцаж, зөвлөгөө өгч байгаа нь талархууштай санагдсан. Орой, үдэш утсаар ярихад хүртэл зөвлөгөө өгч байсан.

-Шүүхийн шийдвэр яаж гарсан бэ?

-Энэ сарын 8-нд болсон шүүх хурлаар нэхэмжлэлийнхээ тодорхой хувийг авахаар боллоо. Шүүх миний бүх нэхэмжлэлийг хангаагүй. Гэхдээ шүүгч Б.Мандалбаяр шийдвэрийнхээ талаар маш сайн тайлбарлаж, ойлгууллаа. Шүүх хуралдааны үйл явцыг харж байхад шүүгч олон талаас нь асуудлыг авч үзэж, үнэхээр л шударгаар шийдвэрлэдэг нь ажиглагдсан. Би багш мэргэжилтэй. Хууль сайн мэдэхгүй. Шүүгч шийдвэрийнхээ талаар цэгцтэй мэдээлэл өгч, тайлбарлаад өгөхөөр шийдвэр миний талд төгс гараагүй ч гэсэн баярладаг юм байна. Хууль сайн мэдэхгүйгээс анх гэрээ байгуулахдаа би ч алдаа гаргасан. Түүнийг минь шүүгч ойлгуулж өглөө. Хариуцагч тал ч цэгцтэй ойлголт авч байгаа нь ажиглагдсан.

Б.Мандалбаяр залуу шүүгч байна лээ. Хүнтэй ойлголцож, хуулиа ойлгуулж байгаа нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Шүүх ийм чадвартай боловсон хүчинтэй байгаа нь над шиг олон иргэнийг баярлуулах нь тодорхой юм байна гэж бодсон гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)