Д.МӨНХЦЭЦЭГ: МАНАЙ УЛСАД ХАЛАМЖИЙН БАРАА НЭРЭЭР ХОГ ХАЯГДАЛ ИХ ОРЖ ИРЖ БАЙНА

 

Хүн хаана байна, тэнд хог хаягдал бий гэдэг. Тиймээс хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах нь эрүүл орчинд амьдрах эхлэл болно. Энэ талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын хаягдал боловсруулах технологийн багш Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Хаягдал боловсруулах технологийн инженер мэргэжилтэй хүн манай улсад танаас өөр байхгүй гэж сонслоо. Энэ мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?

-Би МУИС-ийн Химийн факультетийг химийн технологич мэргэжлээр 2000 онд төгсөөд, ШУА-ийн харьяа Химийн хүрээлэнд ажилласан. 2011 онд ХБНГУ-ын Саксон мужийн Дрезден хотын Техникийн их сургуулийн Ой, геологи, усны факультетийн Хаягдал боловсруулах, орчны бохирдлын нөхөн сэргээлтийн технологийн салбарыг хаягдал боловсруулах технологийн инженер мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. Анх сургуулиа дүүргээд эх орондоо ирэхэд БСШУЯ-наас намайг Монгол Улсад энэ чиглэлээр суралцсан ганц мэргэжилтэн нь юм байна гэсэн л дээ. Гэхдээ одоо энэ мэргэжлийг эзэмшсэн таван инженер бий. Тэд бүгд миний шавь.

-Та одоо өөрийн гэсэн багтай болжээ. Тэгэхээр манай улсад хог хаягдал боловсруулах ажил эрчимжих нь гэж ойлгож болох нь ээ?

-Засгийн газрын гаргасан хамгийн эрэлттэй мэргэжилд хаягдал боловсруулах технологийн инженер багтдаг. ШУТИС-ийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар сургууль 2010 онд анхны элсэлтээ авсан. Төгсөгчдийг маань их ажил хүлээж байна. Гэхдээ хүмүүсийн олонх нь хаягдал боловсруулна гэхээр л Нарангийн энгэр, Улаанчулуутын цэг дээр хог түүдэг хүмүүстэй зэрэгцээд ажиллах мэт ойлгодог. Хаягдал боловсруулах технологийн инженер нь хүрээлэн байгаа орчны инженер гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний хэрэгцээнээс хасагдан, үнэгүй болсон материалаас дахин шинэ бүтээгдэхүүн хямд төсөр аргаар гарган авах, ашигтай хаягдлыг үнэгүйдүүлж устгахаас сэргийлэн дахин хэрэглэх технологи боловсруулдаг.

-Улаанбаатар хотын хог хаягдал ямар хэмжээнд байна вэ. Үүнийг тодорхой судалж, тоо баримт гаргав уу?

-Улаанбаатар хотод монголчуудын 47 орчим хувь буюу 1.372.000 хүн амьдарч байна. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хогийн төвлөрсөн цэгүүдэд 1.2 сая тонн хаягдал устгасан. Үүнээс гадна бүртгэл хяналтгүй хаяж байгаа хог их. Тухайлбал, Эмээлт, Гачуурт зэрэг хотын төвөөс алслагдмал хороонд ил задгай хогийн цэг олон бий. Гэр хороололд амьдардаг нэг хүн өдөрт 600, орон сууцны оршин суугч 800-1200 грамм хог хаядаг гэсэн судалгаа гарсан. Энэ бол зөвхөн ахуйн хог хаягдлын хэмжээ. 2004 онд нийслэлд л гэхэд 193.000 орчим тонн хог хаягдал үүссэн бол 2009 онд 374.000 тонн болж нэмэгдсэн. Энэ нь 2004 онд хийсэн урьдчилсан тооцооноос давсан үзүүлэлт. Хог хаягдлын бүтэц ч өөр болсон. Үүнээс хойш жил бүр хог хаягдлын хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа.

-Таны сурч байсан ХБНГУ хогны асуудлаа хэрхэн шийддэг вэ. Төр засаг нь ямар бодлого баримталдаг бол?

-ХБНГУ хог хаягдал боловсруулах технологи өндөр хөгжсөн гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг. Германчууд хог хаягдлыг байгалийн нөөцийг хэмнэх эргэлтийн эдийн засгийн түүхий эд гэж үздэг. Хог хаягдлаасаа био хий гаргаж авах, сэргээгдэх эрчим хүч, дулааны эх үүсвэр, үйлдвэрлэлийн хоёрдогч түүхий эд болгон ашиглах, байгальд сөрөг нөлөөгүйгээр булшлах зэрэг олон арга хэмжээ авдаг юм. Хог хаягдал устгах, боловсруулах ажил нь төр засаг, мужийн захиргаанаас гаргасан хуулиар зохицуулагддаг. Үүнийгээ ард иргэд нь ягштал мөрддөг. Хог хаягдал үүсгэснийхээ хэрээр төлбөр төлдөг учраас аль болох хог хаягдал гаргахгүйг хичээдэг. Ашиглалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгахад зарцуулах зардлыг тухайн үйлдвэрлэгч компани гаргадаг. Энэ бүхнийг төвлөрсөн мэдээллийн алба зохицуулдаг.

-Манай улсын хувьд хог хаягдлаа багасгах ямар арга байгаа бол. АНУ гэхэд хоногт 45 мянган тонн хог хаягдал шатаадаг гэдэг.

-Хог хаягдлын менежментийн хамгийн гол бодлого нь эхлээд хог хаягдал үүсгэхээс зайлсхийх, багасгах юм. Үүнийг урт болон богино хугацааны стратеги бодлогоор хэрэгжүүлдэг. Хүний хэрэглээнээс л хаягдал үүсдэг учраас дэлхийн олон улс хүмүүсийн худалдан авалтад гол анхаарлаа хандуулж байна. Жишээ нь, сав савлагааны хэмжээ, баглаа боодлыг цөөлж, даавуун уутны хэрэглээг нэмж болно. Хог хаягдлыг замбараагүй шатааж болохгүй.

-Тэгэхээр хог хаягдлыг зөв ангилж, устгахад нарийн технологи хэрэгтэй байх нь.

-Тийм. Тухайлбал, цацраг идэвхит, тэсрэмтгий хаягдлыг шатааж болохгүй. Бусдыг нь халдваргүйжүүлэх, саармагжуулах, ангижруулах зэрэг химийн нарийн боловсруулалтаар аюулыг нь багасгаад, дараагийн шатаах технологиор устгадаг. Хог хаягдлыг ерөнхийд нь ахуй, барилга, үйлдвэр, эмнэлгийн гэж ангилаад эх үүсвэр болон мод, төмөр зэрэг шинж чанараар нь төрөлжүүлэн тухай бүрт нь тохирсон боловсруулах арга хэмжээ авдаг. Манай улс шингэн хаягдлыг механик-биологийн аргаар боловсруулж байна. Хатуу хогийг төдийлэн боловсруулж чаддаггүй. Уг нь химийн болон гүн боловсруулалт хийж, бордоо, хий, эрчим хүч, дулаан гэх мэтээр олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой.

-Далайн хог хаягдал нь бас дэлхийн тулгамдсан асуудлын нэг. Манай улс хэдий далайгүй ч томоохон гол нууртай. Та бүхэн Хөвсгөл, Туул зэрэг гол нуурын хог хаягдлын хэмжээг судалсан уу. Яаж цэвэрлэх хэрэгтэй вэ?

-Жил бүр 25.000 тонн сав баглаа, лонх, лааз, хуванцар эдлэл далайд хаягдаж бохирдуулсаар байна. 150.000 тонн орчим загасны тор, тоноглол далайд гээгддэг гэсэн судалгаа бий. Зөвхөн Номхон далайд гэхэд жилд 50.000 далайн хав энэ хогонд орооцолдож үхдэг. Харин Базелийн конвенц батлагдсанаас хойш далайд хог хаях нь харьцангуй багассан. Учир нь хөгжилтэй улс өөрсдийн хог хаягдлаа хөгжил буурай орнуудад устгаж, далайн ёроолд булшилдаг байсан юм. Бид цэнгэг усны нөөц болсон Хөвсгөл нуураа хог хаягдлаар бохирдуулахгүй байх нь чухал. Гэхдээ одоогоор эдгээр гол мөрний хатуу хог хаягдлын үүсэл шалтгаан, хэмжээг тодорхой судалсан зүйл алга. Үүнийг судлах баг ч манай улсад байхгүй. Харин шинэхэн мэргэжилтнүүд маань үүнд анхаарч ажиллах болов уу гэж бодож байна. Томоохон гол, нууруудыг бохирдолгүй, цэвэр байлгахын тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Гол, нууранд хог хаявал өндөр торгууль тавих, хог хийх сав байрлуулах, ачилт цэвэрлэгээ байнга хийх хэрэгтэй.

-Манай улс руу гадаад орноос хог хаягдлаа нийлүүлэх тохиолдол гарч байв уу?

-Ийм тохиолдол Базелийн конвенцэд нэгдээгүй улс орнуудад л гардаг. Тухайлбал, АНУ энэ конвенцэд нэгдээгүй учраас хог хаягдлаа Африк, Азийн ядуу орнууд руу тээвэрлэн устгаж байна. Манай улс энэ конвенцэд нэгдсэн. Тиймээс Монгол Улсын хилээр ийм төрлийн ачаа нэвтрүүлэхгүй. Харин буцалтгүй тусламж, комиссын болон халамжийн бараа, хоёрдогч хэрэглээ гэх нэрээр зарим хог хаягдал орж ирж байна. Тухайлбал, хуучин цахилгаан бараа, хувцас хэрэглэл, гэр ахуйн тавилга, автомашин гээд. Эдгээрийг ашиглах хугацаа нь дуусаж байгаа учраас тодорхой хугацааны дараа хаягдал болдог. Энэ нь Монголд хог хаягдлын хэмжээ ихсэх нэг шалтгаан болж байна.

-Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь уул уурхай. Үүнийг дагаж, мөнгөн ус, натрийн цианид зэрэг химийн хортой бодис алдагдах нь бий. Уул уурхайгаас гарч буй эдгээр хог хаягдлыг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр яаж устгах вэ?

-Уурхайн хаягдлын талаар ил тод ярьдаггүй ч эрүүл мэндэд хортойг нь мэдэхгүй хүн бараг үгүй. Уурхайгаас гарах хаягдлыг боловсруулахад нарийн технологи шаардлагатай. Натрийн цианид зэрэг химийн бодисыг барууны орнууд аль эрт технологиосоо шахан гаргасан. Хүнд металлыг тунадасжуулж саармагжуулах зэрэг аргаар химийн боловсруулалтыг механик аргатай хослуулан ашигладаг.

-Хогны ногоон уут тараах нь зөв, буруу гэж ярьж байна. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Дэлхийн ихэнх улс хог хаягдлыг ууталж хаядаг. Гэхдээ манай улсад энэ аргыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж бодохгүй байна. Учир нь манайд энэ аргыг хэрэгжүүлэх дүрэм журам дутмаг, тохирсон төлбөрийн тогтолцоо байхгүй, мөн суурьшлын бүсүүдэд хог хаягдлын бүтэц, найрлага эрс зөрүүтэйгээс гадна эцсийн устгалын цэгт боловсруулах үйлдвэр ч алга байна шүү дээ.

-Хог хаягдал дахин боловсруулах, ашиглах үйлдвэртэй болоогүй байж хогны уут тараах нь үр ашиггүй гэсэн үг үү?

-Улсын хэмжээнд гэхээсээ илүү хүн ам шигүү суурьшсан Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт хог хаягдал боловсруулах, тэр тусмаа дахин ашиглах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Хүн ам цөөтэй ч гэсэн манай улс хог хаягдлаас хуванцар сав, цаас, картоныг ялган авч механик боловсруулалт хийгээд БНХАУ-д нийлүүлж байгаа нь тодорхой хэдэн төрлийн үйлдвэрийн түүхий эдийг хаягдлаасаа гарган авч болохыг харуулж байна. Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжийн бохирын лагаас био хий гарган авч, ахуйн болон автомашины хийн түлш, багахан хэмжээний дулааны болон цахилгааны эх үүсвэр болгох бололцоотой. Би 2009 оноос орон нутгийн болон Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын бүтэц, хэмжээ, устгаж буй байдлыг судалсан.

-Та судалгаагаа бодит ажил болгож чадаж байна уу?

-ХБНГУ-ын мембран биореактор төхөөрөмжийг нэвтрүүлээд байна. Монгол хүний ялгадсанд дассан бичил биетнийг үржүүлж, микро шүүлтүүрээр давхар шүүн, бохир усыг 99 хувь цэвэршүүлэх юм. Одоогийн байдлаар жишиг туршилт хийж, бохир усыг 80-87 хувь цэвэршүүлж байна. Үүнийг жорлонгийн суултуур, ногоон цэцэрлэг, усан оргилуур, автомашиныг угаах зэрэгт ашиглаж болно.

-Ингэж цэвэршүүлсэн усыг унданд хэрэглэх боломжтой юу?

-Манай улсад саарал болон хар усыг боловсруулсны дараа ундны усанд ашиглах стандарт байхгүй. Ийм стандарттай болгохоор манай сургуулийн эрдэмтэд ажиллаж байна.

-Энэ төхөөрөмжөөсөө гарсан усыг та өөрөө ууж үзсэн үү?

-Үйлдвэрлэгч компанийнх нь захирал нь ингэж цэвэршүүлсэн усыг ууж, унданд хэрэглэж болохыг нотолсон. Харин манай жишиг туршилтаас гарч байгаа усыг хараахан ууж үзүүлээгүй. Монгол хүний ялгадсыг задлах бичил биетнийг дасган үржүүлж байгаа учраас тодорхой хугацаа шаардлагатай. Ирэх хавар гэхэд бохирдлыг бүрэн цэвэршүүлж чадна. Тэр үед нь уух боломжтой.

-Дэлхий нийт сансрын хаягдалд анхаарч байхад манайхан ахуйн хогоо ч ялгаад хаяж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Бид хоггүй, эрүүл хотод амьдрахын тулд таныхаар юу хийх хэрэгтэй бол?

-Хүний ой тоонд багтахааргүй их хаягдал дэлхийг тойрч байгаад агаар мандалд орж, шатаж устдаг. Сансарт хөөргөсөн төрөл бүрийн станцаа буулгаж авахад их зардал ордог учраас дэлхийн улс орнууд ашиглалтын хугацаа дууссан, эвдэрснийг нь тэр чигт нь сансарт үлдээж байгаа. Манай улсын хувьд хүн бүр Хог хаягдлын тухай хуулиа хэрэгжүүлбэл хог хаягдал багасна.

Ч.БОЛОРТУЯА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)