Д.Лүндээжанцан: Дахин санал хураагаад маргааныг шийдэх нь зөв

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн нэг мандатад ирэх сарын 21-нд дахин санал хураана. Уг тойрогт МАН-ын Д.Сумъяабазар, АН-ын Л.Эрхэмбаяр нар дахин өрсөлдөх юм. Тойргийн хорооноос гаргасан албан ёсны 48 дугаар тогтоолоор эдгээр нэр дэвшигч нийт сонгогчийн 28 хувийн санал авч чадаагүй учраас дахин санал хурааж шийдэх учиртай.

Гэвч Тойргийн хорооны даргын гарын үсэггүй 43 дугаар тогтоол гэж гараад ирсэн. Үүн дээр Тойргийн хорооны нарийн бичгийн дарга гарын үсгээ зурсан, бас Л.Эрхэмбаярын санал 28 хувь хүрсэн гэсэн өөр дүн гарсан байгаа юм. СЕХ-ныхон Тойргийн хорооны 48 дугаар тогтоолыг хүлээж авч баталгаажуулсан ч нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шаардлага тавьж Захиргааны хэргийн шүүхэд дахин ханджээ. Өмнөх хуралдаанаар түүний гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Энэ асуудлаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.

Д.Лүндээжанцан: Дахин санал хураагаад маргааныг шийдэх нь зөв

-Нэр дэвшигчдийн аль аль нь сонгогчдын 28 хувийн санал авч чадаагүйг Тойргийн хорооны тогтоолоор баталгаажуулсан юм билээ. Тиймээс нэг нэр дэвшигч нь үзэмжээрээ нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. 28 хувийн босго даваагүй бол хуулийн дагуу дахин санал хураах ёстой. Гэтэл Тойргийн хорооны нарийн бичгийн дарга нь Л.Эрхэмбаяр ялсан мэт тогтоол давхар гаргасан байна.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх тухай түүний гомдлыг шүүх хэлэлцээд хуулийн дагуу шийджээ. Сонгуулийн бусад 25 тойргийн дүнг хуулийн дагуу гаргасан атал нэг л дүүрэг дээр “ноёны бөх”-ийн зарчмаар хандана гэж байхгүй шүү дээ. Нэг нь гомдол гаргалаа гээд ард түмний сонголтыг хууль бусаар өөрчлөх боломжгүй. Хэн хэн нь босгоо даваагүй учраас одоо дахин санал хураагаад л маргааныг шийдэх нь зөв.

 

Г.Баярсайхан: Аль тогтоол нь хүчинтэйг шүүх тогтооно

-Нэр дэвшигч Л.Эрхэмбаяр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасныг сонссон. Тойргийн хорооноос гаргасан хоёр тогтоолын аль нь хүчинтэйг шүүх л эцэслэн тогтооно шүү дээ. Түүнээс нэр дэвшигчид энэ маргааныг шийдэж чадахгүй. Шүүхийн шийдвэрээ дагах хэрэгтэй гэж бодож байна



 

 

 

 

 

 

С.УУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)