Д.ЛҮндээжанцан: Бид зодолдоогүй. Харин зарим гишүүн түр тар хийсэн

17.30 цагийн үед Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлолыг шинэчлэх тухай, Ерөнхий сайд С.Батболдын ОХУ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаарх асуудлыг хаалттай хэлэлцэж байна, асуудал дуусах яагаа ч үгүй хэмээн тэрбээр хэлэв. Эдгээр нь нууцын зэрэглэлтэй учраас Бүлгийн ажлын албанаас хүмүүс оруулаагүй аж. Зөвхөн тэмдэглэл хөтлөгч л гаднаас байжээ.

Д.Лүндээжанцан: -1994 онд баталсан Гадаад бодлого, цэргийн үзэл баримтлалыг шинэчлэн өөрчлөх шаардлагатай гэж үзээд таван хүнтэй Ажлын хэсэг байгууллаа. Тэгэхдээ хөндлөнгийн шинжээч, эрдэмтдийн санал бодлыг давхар сонсох ёстой гэж үзсэн. Гадаадад байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, Монголыг гадаадад сурталчлах, иргэд хоорондын харилцааны асуудлыг Гадаад бодлогын шинэчилсэн үзэл баримтлалд оруулахыг дэмжсэн. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж байна.

-Захидал бичсэн дөрвөн гишүүний асуудлыг үдээс хойших хуралдаанаар хэлэлцсэн үү ?

-Тэр асуудлыг хэлэлцээгүй. Огт яриагүй. Зодоон болоогүй. Хурал завсарласны дараа зарим гишүүн хоорондоо түр тар хийж, үг сөрсөн байх. Түүнээс бус бидэнд нуугаад байх зүйл алга. 13.30 цагийн үед хуралдаан  завсарласан. Гишүүд ам зөрсөн нь үнэн. Ийм зүйл байж л байдаг. Бие биедээ чанга чангаар үг чулуудаж харагдсан. Болсон явдал ердөө энэ. Та нар мушгин гуйвуулаад байх хэрэггүй. Үг чулуудаж л байдаг шүү дээ. Дахин хэлье, зодоон болоогүй. Ил захидлын тухай хэлэлцээгүй. Ямар гал түймэр гарсан биш. Хэлэлцэхээр бол Удирдах зөвлөлөөр эхлээд ярина. Бид үндсэн ажлаа барахгүй байна. Заавал Ил захидал хэлэлцсэн байх ёстой юм уу. Тэгээд зодолдсон байх ёстой гэж боддогоо боль л доо, та нар. Хувь хүмүүс хоорондоо хэрэлдээ л биз. Ялангуяа надтай хэрэлдсэн хүн байхгүй хэмээн Бүлгийн дарга их л бухимдав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)