Дипломат паспорттой монгол иргэнийг Будапештэд баривчилжээ

Унгарын хууль хяналтын байгууллагын ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Будапешт хотоос нэг монгол иргэнийг баривчилжээ. Монгол Улсын дипломат паспорттой тэр эрийг хориотой эд зүйл авч явсан хэрэгт буруутган баривчилсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. 

Түүний авч явсан зүйл юу болох талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Бидэнд олдсон мэдээллээр бол тэр нь тус улсын хуулиар хориглосон эм, бэлдмэл байсан бололтой юм. Эх сурвалжийн өгүүлснээр мансууруулах төрлийн бэлдмэл байж болзошгүй аж. Болсон асуудлаар үүнээс өөр мэдээлэл одоогоор алга. 

Будапештэд баривчлагдсан дипломат паспорттой тэр хүн ОХУ-ын Эрхүү хотод Монгол Улсын худалдааны төлөөлөгчөөр суухаар Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргилын үед томилогдсон нэгэн байсан гэх мэдээлэл ч буй юм. Манай улс гадаадад сууж асан худалдааны төлөөлөгчийн газруудыг татан буулгаснаа өнгөрсөн жилээс зарим улсад дахин байгуулсан юм билээ. Дээрх асуудлаар ГХЯ-ны эрх бүхий хэд хэдэн албан тушаалтантай холбогдож, тодруулсан ч ямар нэг мэдээлэлгүй байгаагаа хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)