Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөхийг сануулав

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван бусад орны Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ. Тодруулбал, Ази, Европ, Америк, Австрали, Африкийн 55 улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдэд анхаарал тавьж, оршин суух зөвшөөрөл олгон, визийг нь сунгаж, коронавирусийн халдвар авсан тохиолдолд шаардлагатай эмчилгээнд хамруулан, санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд туслалцаа үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтээ дээрх орнуудын Засгийн газарт тавьсан байна. Түүнчлэн ГХЯ-ныхан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Туркт гацсан 200 орчим монгол гэр бүлд хүнсний тусламж олгож буй гэнэ. Үүнээс гадна Н.Энхтайван сайд Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөх, албан тушаалаа ашиглан, хар тамхи болон хууль бус бусад бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх, худалдах зэрэг аливаа үйлдэл гаргахгүй, консулын болон визийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс гарч буй шүүмжлэлийг бодитоор хүлээн авч, үйлчилгээний чанар, хүртээмжээ сайжруулахыг Элчин сайдын яамныханд анхааруулав.

Ташрамд дурдахад, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)