Д.Золзаяа: Өөр хаана ч байхгүй цэцэг “тарих” дуртай

Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг “Монгол бэлэг, “Град арт”, “Блю мүүн” арт галерейгаас санаачилсан “Модерн уран зураг ба инстолляц”, “Реалист”, “Арт”, “Цэцэгс” зэрэг үзэсгэлэнд Д.Золзаяагийн бүтээлүүдийг үзэж байв.

Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн ч ирэх сард бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, уран зураг сонирхогчдод өөрийгөө дахин танилцуулахаар зэхэж буй гэнэ. Түүнтэй ярилцлаа.

-Та бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргахаар бэлдэж байгаа гэсэн. Ямар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-Ирэх сард зураач, уран дархан Л.Мянганцэцэгтэй хамтарч үзэсгэлэн гаргана. Үүний дараа бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн. Хүсэж, мөрөөдөж явсан зүйлээ хийж, үзэгчдэд тайлагнах гэж буй минь энэ.

Үзэсгэлэнг минь үзсэн зочид өөртөө байгаа бүхэндээ сэтгэл хангалуун болоод гараасай гэж хүсдэг. Хүмүүст урам, итгэл өгөх үзэсгэлэн гаргахаар хичээж байгаа. Ялангуяа хүүхдүүдтэй ажиллах, тэдэнд зориулж зурах дуртай.

-Хүүхдүүдэд зориулж зурах нь насанд хүрэгчдэд хүргэхээс илүү хэцүү байх даа.

-Хамгийн шударга үзэгч бол хүүхэд. Төрсөн сэтгэгдлээ шууд л хэлчихдэг. Заримдаа санаанд оромгүй, том хүмүүсээс ч илүү шүүмжилж чаддаг юм.

-Уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрчихөөд эргээд зурж байгаа гэсэн. Өнгөрсөн хугацаанд урлангаа, зургийн хэрэгслээ, зурахад төрдөг мэдрэмжээ их санасан байх даа.

-Яг л шилэн хоргонд цоожлуулчихсан мэт байсан, энэ хэсэг хугацаанд. Хүссэн зүйлээ хийгээд сэтгэл хангалуун амьдрах уу, хувийн бизнесээ үргэлжлүүлэх үү гэж өөрөөсөө их олон удаа асуусан.

Нэгэнт дурлаж энэ мэргэжлээ эзэмшсэн болохоор хаяж чадахгүй юм билээ. Тэгээд л үзэсгэлэнгээ гаргахаар зориглоод сууж байна даа.

-Голдуу цэцэгс зурдаг юм билээ. Яагаад?

-Яагаад ч юм цэцэг огт сонирхдоггүй байлаа. Тохиолдлоор гэртээ тасалгааны цэцэг ургуулж эхэлсэн. Тэр цэцгийнхээ дөнгөж нахиалж эхлэх үеэс том болтол ургаж буй явцыг нь зурсан. Хүмүүс гайхаж магадгүй.

Харин надад их сонирхолтой, яг л хүний амьдрал шиг санагдсан юм. Тэрнээс хойш л цэцэг зурах дуртай болчихсон доо.

-Та зургууддаа улаан, ногоон өнгө түлхүү ашигласан байна билээ. Тод, “халуун” өнгөнд дуртай юм аа даа.

-Цэцэгсийг завсрын өнгөөр зурна гэхээр санаанд багтдаггүй юм. Бүтээлийн зохиомжоосоо шалтгаалаад аль болох өөр өөр, тод өнгөөр “тоглох” дуртай. Би өөрөө ч тод өнгөнд их дуртай.

-Уран бүтээлчийн тухайн үеийн сэтгэл санааны байдал бүтээлийн өнгө, аяст нөлөөлдөг ч байж болох юм. Уран бүтээлээсээ завсарлахаас өмнөх, дараах зургуудад чинь ялгаа ажиглагддаг уу?

-Ялгаа анзаарагддаг шүү. Агуулга, зохиомж, өнгө хүртэл арай өөр болчихож. Одоо өмнөхөө бодвол бүтээлдээ арай буурьтай ханддаг, чамгүй судалгаа хийдэг, бас хүссэнээ зоригтой илэрхийлдэг болсон.

Гэр бүл зохиож, ээж болсноос хойш бүр ч илүү мэдрэмжтэй зурдаг болдог байх.

-Уран зургийн ямар төрлөөр голчлон бүтээлээ туурвиж байгаа вэ?

-Нас ахиж ур чадвар нэмэгдэхийн хэрээр бүтээлийн санаа, сэдэв, төрөл улам л онцгой болох байх. Одоо бол модерн чиглэлээр түлхүү зурдаг. Гэхдээ реалист зургууд ч зурж байгаа.

-Мэргэжлээ хаана эзэмшсэн бэ. Тайзны зураачаар төгссөн гэл үү?

-Би 2009 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн. Я.Санжаасүрэн багшийн шавь. Одоо урлаг судлаач, куратор болохоор суралцаж байна.

-Одоо сурч буй мэргэжил тань өөрийгөө болоод бүтээлээ олонд таниулахад хэрэг болж байгаа биз дээ.

-Тэгэлгүй яах вэ. Бусдын бүтээлээс сайн, сайхныг олж харах, тэднийг өөрийнхөө бүтээлтэй харьцуулж суралцах, урлагийн зах зээлд бүтээлээ сойход энэ мэргэжил маань хэрэг болж л байна.

-Та ямар зан чанартай хүн бэ. Уран бүтээлчийн зан авир бүтээлд нь тусдаг болов уу?

-Би их зөөлөн, намуухан, тайван хүн. Их гал цогтой найзуудтай хэрнээ өөрөө их ноомой. Байгаа байдал, араншин бүтээлд тусах нь бий. Тийм ч болохоор хүнд сэдэвтэй, амьдралын бараан талыг харуулсан зураг зурах дургүй.

-Зургийн санаа, зохиомжоо хэрхэн олдог вэ?

-Санаа, сэдвийг хаанаас ч олж болно. Санаагаа олчихоод, их том цаас дэлгэн тавьж янз бүрээр зурж үзэж зохиомжоо гаргадаг юм.

-Зурж байхдаа юу мэдэрдэг вэ?

-Бүх зүйлээс холдож, намрын налгар ойд байгаа мэт санагддаг.

-Сүүлийн үед та үлгэрийн ертөнцөд л байдаг гэмээр сонин цэцэгс их зурдаг болсон байна лээ.

-Ихэвчлэн өөрөө зохиож, өөр хаана ч байхгүй цэцэг “тарих” дуртай.

-Та зургаа ямар нөхцөлд зурдаг вэ. Зарим зураач анир чимээгүй орчинд зурдаг юм билээ. Зургийн зохиомжоо гаргахын тулд доороо холхиж, анхаарлаа төвлөрүүлдэг зураач ч бий.

-Яагаад ч юм зурж байхдаа хөгжим сонсох дургүй. Анир чимээгүй орчинд суух илүү дуртай. Бүүдгэр, гэрэл муутай газар зурах бас дургүй.

-Захиалгаар зурдаг уу?

-Үгүй. Надад их хэцүү санагддаг юм. Би аливааг өөрийнхөөрөө харж, түүнийгээ зурдаг хүн.

-Зүүдээ манаж, түүнийгээ зурж үзсэн үү?

-Би зүүдээ их сайн манаж чаддаг. Гэрэл гэгээтэй, аз жаргалтай зүүдээ л буулгаж зурдаг. Хэд хэдэн тийм бүтээл бий.

-Зураач нар бүтээлдээ нэр өгөх гэж их удаан боддог юм билээ. Бүтээлийг бүрэн илэрхийлэх, яг оносон нэр олох хэцүү байх.

-Тийм шүү. Их хэцүү. Бүтээлээс гадна үзэсгэлэнгийн нэр өгөх хэцүү, ярвигтай юм билээ. Бүх зураг бэлэн болчихсон хэрнээ тэднийгээ цогцоор нь илэрхийлэх үг олох амаргүй.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлд зураачаар ажиллах бодол бий юү?

-Сургуулиа төгссөнийхөө дараа телевизүүдэд зураачаар ажилладаг байлаа. Хэзээ нэг өдөр бүжгэн жүжгийн их гоё тайз засах сан гэж мөрөөддөг. Оюутан байхдаа Ч.Гунгаасүх гуайн өрөөнд очоод л яаж ажиллаж байгааг нь харах дуртай байлаа.

Төгсөөд энэ чиглэлээрээ ажиллах гэсэн боловч манай театрууд эмэгтэй зураач ажилд авдаггүй юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)