Дефляцын аюул

Дефляц уналтыг заадаг, мууг ёрлодог үзүүлэлт. Зах зээлийн нийгэмд шилжээд 26 оныг элээж буй Монгол Улсын эдийн засаг анх удаа дефляцтай гарлаа. Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сард өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хэрхсэнийг судлаад, дунджаар 0.2 хувиар буурсныг нийтэд зарлалаа. Аюулын харанга дэлдсэн үзүүлэлт учраас анхаарлаасаа холдуулах учиргүй. Энгийнээр тайлбарлавал, дефляц нь эдийн засаг өвчин эмгэгт баригдаж, уруудан доройтож буйн илэрхийлэл.

Гэрийн эзэгтэй нар “Гурил, будаа, угаалгын нунтаг, савангийн үнэ өсчихөөд байхад юун дефляц вэ” гэж шогширч магадгүй. Гэхдээ хүнсний ногоо, махны үнэ үлэмж хэмжээгээр хямдарчихаад байгааг мартах учиргүй. “Хүчит шонхор” худалдааны төвийнхөн үхрийн цул махыг кг-ыг нь 5500 төгрөгөөр борлуулж байна.

Инфляц хоёр оронтой тоотой байхад үхрийн цул махны үнэ 11 мянган төгрөгт хүрч байсныг Улаанбаатарынхан мартаагүй. Махны үнэ хоёр дахин хямдраад байгаа нь энэ. Монголбанкныхан “Хүнсний ногооны үнэ 18.6 хувиар хямдарсан нь дефляцад голлон нөлөөллөө. Улаанбаатар хотын сарын инфляц 0.6-гаар буурсны 0.55 хувь нь хүнсний ногооны үнэ хямдарснаас шалтгаалсан байна. Ургац хураалттай холбоотойгоор манай улсад хүнсний ногооны үнэ жил бүрийн 7-9 дүгээр сард буурах хандлагатай байдаг.

Гэхдээ энэ онд хүнсний ногооны үнэ өмнөх жилүүдийнхээс хямдхан байлаа” гэж тайлбарлажээ. Үндэсний статистикийн хорооныхон хэрэглээний үнийн улсын индексээр инфляцыг тооцдог. Индексийн сагсыг 330 нэр, төрлийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээр бүрдүүлдэг билээ. Тэгэхээр тэдгээр барааны үнэ дунджаар 0.2 хувиар хямдарсан гэсэн үг.

Зарим эдийн засагч “Энэ бол улирлын шинжтэй, цаг зуурын дефляц. Хүнсний ногооны үнэ хямдардаг улирал дуусахаар эдийн засаг дахиад инфляцтай нүүр тулна” гэсэн байр суурьтай байна. Эдийн засагч Г.Рагчаасүрэн “Улирлын шинжтэй дефляц байж болно. Өргөн хэрэглээний барааны үнэ гурван сар дараалан хямдарвал улирлын нөлөө нь арилна. Хэрэв гурван сар дараалан дефляц ажиглагдвал хэрэг бишидлээ гэж ойлгох хэрэгтэй” гэв.

...Иргэд хэрэглээгээ танавал аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгана, хөрөнгө оруулалтаа зогсооно.Үйлдвэрлэлийн хэмжээ, хөрөнгө оруулалт өсөх тусам ажлын байр нэмэгддэг жамтай. Тэгэхээр дефляц удаан үргэлжилбэл олон хүн ажлын байраа алдана гэсэн үг...

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хаашаа “чиглэсэн” бэ? 2014 оны долдугаар сард манайх бараг 15 хувийн инфляцтай байлаа. Үүнээс хойш инфляц маш хурдацтайгаар буурсан. Монголбанкны өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргал үүнийг “Валютын ханшийн өсөлт зогссон тул инфляцыг нэмэх нөлөө нь арилсан” гэж тайлбарлаж байв.

Ерөнхийдөө өргөн хэрэглээний барааны үнэ дефляц руу зүглэснийг индексийн мурийгаас харж болно. Хэрэглээний үнийн улсын индекст багтдаггүй зарим бараа, бүтээгдэхүүний ханшаар суурь инфляцыг тодорхойлдог. Мөнөөх суурь инфляц ч бэл рүү “гулсчээ”. Өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотын суурь инфляц 0.8 хувиар өссөн аж. Зөвхөн хүнсний ногооных биш, нийт бараа, бүтээгдэхүүний үнэ хямдарсныг дээрх тоо харуулав.

Эдийн засгийн нөхцөлтэй “уяад” дүгнэхэд ч цаашид дефляц үргэлжлэх магадлал тун өндөр. Хүнсний ногоо, махны үнэ хямдарсан нь нийлүүлэлт ихэссэнээс шалтгаалсан нь тодорхой. Харин сүүлийн хоёр жилд инфляц огцом буурч буй нь эрэлт багассанаас шалтгаалсан нь гарцаагүй. Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж буй. Энэ нь эрэлтийг хазаарлах бодлого. Мөн экспортын орлого, төсвийн зардал буурав. Бас л зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээ багасаж, эрэлт хумигдана гэсэн үг. Эрэлт буурсаар байх нь гарцаагүй боллоо.

Эдийн засгийн нөхцөлөөс гадна дефляцаас дефляц үүсгэх хандлага бийг эдийн засагч Г.Раднаасүрэн дурдав. Өөрөөр хэлбэл, дефляц нь ужгирах шинж чанартай аж. Дефляц ихсэх тусам хүмүүс хэрэглээгээ танаж, эд бараа худалдаж авахдаа болгоомжтой хандаж эхэлдэг байна. Энэ нь эрэлтийг улам хумьж, бараа бүтээгдэхүүний үнийг хямдруулах сөрөг нөлөөтэй. Ийм хүлээлт үүсвэл дефляц “аюулт хор”-оо эдийн засагт тараана. Иргэд хэрэглээгээ танавал аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгана, хөрөнгө оруулалтаа зогсооно.

Үйлдвэрлэлийн хэмжээ, хөрөнгө оруулалт өсөх тусам ажлын байр нэмэгддэг жамтай. Тэгэхээр дефляц удаан үргэлжилбэл олон хүн ажлын байраа алдана гэсэн үг. Ажилгүйдэл ихэсвэл иргэдийн орлого буурч, дефляц улам гаарна. Товчхондоо эдийн засаг хямралын ангал руу унана. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч буй нь иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлж байж магадгүй. Гэвч орлогогүй болчихвол хямд барааг ч худалдаж авах боломжгүйг сана.

Дефляцтай эсрэгцүүлбэл, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буюу инфляц өсөх нь зөв гэсэн логик ургана. Тийм ээ, инфляц нэмэгдэж байх нь зөв. Гэхдээ зохистой түвшнээс хэтрэх ёсгүй. Хоёр оронтой тоо руу өсвөл тун нь хэтрээд бас л өвчин болно. Эдийн засагчид инфляц жилд 5-6 хувиар нэмэгдэж байвал эдийн засаг эрүүл байна гэж үздэг.

Эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд мөнгөний бодлого баригчид инфляцаа нэг оронтой тоонд буулгаж, зохистой түвшинд барихаар чармайдаг байв. Одоо тэгвэл эдийн засгаа тэлж, дефляцаас хэрхэн гарах вэ гэж толгойгоо гашилгах нь. Олонх эдийн засагчийн дүгнэж буй шиг улирлаас шалтгаалсан дефляц бол сайн хэрэг. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого нь эдийн засгийг тэлэх итгэл найдвар төрүүлэхгүй л байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)