Д.Дамдинсүрэн: Нийгмийн аль ч давхаргынхан нүүрлэчихээд байгаа ОЮУНЫ ӨЛСГӨЛӨНГИЙН талаар мэдрэхгүй байна

Монгол улсын зөвлөх инженер доктор (Ph.D,) профессор Д.Дамдинсүрэнтэй ярилсанаа хүргэе.

-Таны өдрийн амгаланг айлтгая! Таны эрдэм номын ажил өндөр үү?

-Баярлалаа. Зав чөлөөгүй л ажиллаж байна.

-Та хэвлэлийн үйлдвэрлэл дээр 20-иод жил, түүний мэргэжилтнийг бэлтгэх ШУТИС-д мөн 20-иод жил ажиллаж байна. Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн өнөөгийн төлөв байдлыг тодорхойлно уу?

-Монголчууд бид гараар үсэг бүрээр нь өрдөг, мөр бүрээр цутгадаг тугалган үсгийн технологийг 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжихэд халж, номын эхийг компьютерээр бэлтгэдэг шинэ үед шилжсэн нь ном хэвлэлийн салбарт бидний урьд огт төсөөлөөгүй том үсрэлт болсон юм

Энэ үсрэнгүй өөрчлөлт нь хэвлэлийн салбарт компьютер нэвтэрч, хуучин өндөр хэвлэлийг офсет хэвлэлээр сольж, улсын мэдэлд байсан цөөн хэвлэлийн үйлдвэрүүд хувийн секторт шилжиж эхэлсэн. Хувийн хэвшлийн хэвлэлийн үйлдвэрүүдийн өмнө шинэ техник технологийг нэвтрүүлэх, шинэ технологит мэргэшсэн мэргэжилтнээр үйлдвэрээ хангах зэрэг олон асуудал тулгарсан юм. Манай хэвлэлийн салбарыхан төрийн зүгээс дэмжлэггүй зах зээлийнхээ жамаар яваг гээд орхигдсон ч бид өөрсдийн оюун ухаан, хүчин чармайлтаараа салбараа босгож, дэлхийн хөгжлийн жишигт хүргэж чадсан.

-Хэвлэгдэн гарсан ном Монгол хэлний дүрмийн болон зарим нь бүр агуулгын алдаатай байна гэж уншигчид шүүмжлэх боллоо. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тиймээ. Ийм дутагдал бараг гамшгийн төвшинд хүрээд байна. Хэвлэлийн үйлдвэрийн техник, технологи хөгжиж, дотооддоо бэлтгэгдсэн хэвлэлийн технологийн мэргэжилтнээр хангагдаж байгаа хэдий ч хэвлэн гаргаж байгаа ном, бүтээгдэхүүний доторх агуулга дорой, монгол хэлний дүрмийн алдаатай, хэвлэлийн эх бэлтгэлийн дүрэм журмыг баримтлаагүй зэрэг дутагдал давтагдсаар байна.

Монгол хэлний зохистой хэрэглээг эвдэж байгаа гол хэрэгсэл нь цахим орчин дахь захиа (message), facebook (үүнийг нүүр ном гэж махчилсан орчуулсныг харсан), twitter зэрэг болоод байна. Эдгээр цахим орчны харилцаанд монгол үгийг латин үсэгт хөрвүүлэхдээ алдах, үгийг болчимгүй товчлох, зарим тэмдэглэгээг хэрэглэх зэргээр уянгалаг төгс сайхан монгол хэлээ доромжилж, хагас дутуу, халтар цоохор болгож байна.

Монгол үгийг бусад харийн үгтэй хольж хэрэглэх, гадаад үгээр орлуулах, толгой нь гадаад, төгсгөл нь дотоод, эсвэл эсрэгээр болж, зарим үг хэллэг хоёрхон хүн хоорондоо ойлголцдог манай «НӨГӨӨ» гэдэг үг шиг болсон байна. Манайд нилээд хэдэн амьдарсан гадаадын нэгэн иргэнээс монгол хэлийг хэрхэн сурсаныг асуухад “нэг л үгийг сурсангүй” гэсэн нь «нөгөө» гэсэн үг байсан гэсэн яриа байдаг.

-Ер нь асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзвэл Монгол хэл, ярианы доройтол хаана явагдаад байна вэ?

-Бидний сэтгэл түгшээж байгаа нэг асуудал нь залуучуудын, тэр дотроос хотын залуучуудын өдөр тутам хэрэглэдэг үгийн тоо жилээс жил хорогдож цөөрч байна гэж ярьцгаах боллоо. Арваад жилийн тэртээд 5000 орчим үгэнд эргэлдэж байсан бол одоо 3000 орчим болсон байна гэсэн яриа байна. Энэ яриаг хоосон таамаг уу, эсвэл бодит зүйл үү гэдгийг зохих байгууллага нь судлан тогтоох шаардлагатай байна. Хэрэв ингэж монгол хэлээ умартан зэрэмдэглэж үгийн баялаг нь хумигдаж байгаа бол бид эх хэлний хувьд тусгаар тогтнолоо алдаж байна гэсэн үг.

Аливаа улсын тусгаар тогтнолын үндсэн элементүүдэд нэгдүгээрт хил хязгаар нь тогтоогдож баталгаажсан нутаг дэвсгэр, хоёрдугаарт төрөлх хэл, бичиг соёл, гуравдугаарт ард түмнийхээ эрх , эрүүл мэндийг хамгаалсан чадварлаг төр байдаг байх.

Бид өнөөдөр хонхолзсон ходоодоо тэжээх гэж үнэ, мөнгө, инфляци, татвар гээд дандаа л мөнгө ярьж байна. Нийгмийн аль ч давхаргын хэн ч одоогоор бидэнд нүүрлэчихээд байгаа ОЮУНЫ ӨЛСГӨЛӨНГИЙН талаар мэдрэхгүй байна. Өнөөдөр цадсан гэдэс маргааш хэлнийхээ тусгаар тогтнолыг алдах зүг рүү хурдтай явааг анзаарахгүй байна. Бидний оюуны хоосрол, төрөл хэлний маань энэ үл үзэгдэх доройтол хожмын өдөр, магадгүй арав, хорь, гучин жилийн дараа засаж залруулах аргагүй төвшинд хүрч устах аюулд хүрэх бий гэж ихэд сэтгэл зовинож байгаа монгол хүн олон байгаа.

Төрөлх хэл маань ингэж доройтож байгааг бид өдөр тутам телевизийн урсах мэдээллээс, гудамжинд байрлах хаяг, рекламнаас, төрийн албан тушаалтнуудын ярианаас харж болно.

Гудамжны хаягийг хараад бид барууны оронд яваа биш байгаадаа гэх сэтгэл төрмөөр! Хувийн байгууллагууд хаягаа англи хэл дээр бичиж чамархдаг өрсөлдөөн яваад байна. Энэ замбараагүй хаяг адресыг цэгцлэхээр хотын захиргааны шийдвэр гарсан ч хэрэгжсэнгүй

-Үүнд хэн анхаарал хандуулах ёстой юм бэ?

-Одоогоор хэн ч ханхаарал хандуулахгүй байна. Өнөөдрийн амьдралын бодит дүр зураг нь хэрэгжүүлэхгүй шийдвэр, биелэхгүй хууль, иргэдэд хүртээлгүй эдийн засгийн өсөлт, нэрнээс өөр юмгүй хувьцаа, худалч төр засаг, хувиа бодсон төрийн түшээд, ахиухан идэж шамшигдуулахыг зорьсон удирдлагууд, хуулиа биелүүлдэггүй иргэд, ажил голдог ажилгүйчүүд, аав ээжээрээ тэжээлгэсэн залуучууд, сурдаггүй сурагчид, оюутнууд, гар утсаар цаг нөхцөөсөн залуучууд, үүргээ умартаж эрхээ дээдэлсэн иргэд, ажлаа мэддэггүй арын хаалганы 60 тэрбумын албан хаагчид, бараа бүтээгдэхүүн дамласан наймаачид, монополь эрхтэй олихархууд, хулгайлсанаа нуусан оффшорчид ... байна. Ийм орчинд Монгол хэлээ аврах, хамгаалах талаар бичихэд зарим хүний инээд хүрэх байх. Уучлаарай,

-Бид бүгд ийм болчихсон хэрэг үү?

-Гэхдээ бүгд ийм биш ээ! Бидний дунд шударга, үнэнч, хөдөлмөрч, ухамсартай, баялгийг бүтээгчид, эрдэмтэд сэхээтнүүд, хүсэл эрмэлзлэлдээ шатсан идэр сайхан залуучууд, хийж бүтээхийн хүсэлд автсан ахмадууд ...гээд эерэг хүсэл бодолтой олон арван иргэд байгаа. Харамсалтай ийм хичнээн хүмүүсийн хүсэл, эрмэлзлэл, мөрөөдөл хаагдаж боогдож, нэвтрэхийн аргагүй ханаар хашигдаж, ёстой л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу”-гийн үлгэр болж, хайран сайхан мэргэжил, эрдэм мэдлэг, авьяас чадвар гудамжинд зэвэрч байна вэ?

Монгол хэлийг устгах бодлого их холоос эхтэй юм шиг санагддаг. Төр хэлээ, хилээ, соёлоо хамгаалах асуудлыг хар хайрцагны бодлогоор зохицуулах ёстой . Тухайлбал, бусад орны жишгээр хүүхдэд 6-8 дугаар ангиас нь гадаад хэл ордог, гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиудад монгол хэлийг 6 дугаар анги хүртэл оруулдаг, монгол хэл уран зохиолын хичээлийн цагийг нэмэх, анги төгсөх бүрд нь монгол хэлний дүрмийн шалгалт авдаг зэрэг зохицуулалтуудыг хийж болмоор байх жишээтэй.

Одоо дөнгөж 2 настай хүүхэд “аав”, “ээж”, “мөөм” гэхээс өөр үг хэлж чадахгүй хирнээ цэцэрлэгээсээ ирэхдээ “NO” гэж хэлээд орж ирж байна. Манай хүүхэд “No” гэж ярьдаг гээд эх эцэг нь бахархан ярьж байсныг сонссон. Та минь ээ! Монгол хэл маань ингээд бодохоор юу болж байна вэ?

-Та одоо яг юуг онцолж хэлэхийг хүсэж байна вэ?

-Ер Монгол хэлний дүрмийн хэрэгжилтийн талаар бага ярьж ихийг бүтээх хэрэгтэй байна. Миний энд өгүүлэх гэсэн зүйл бол монгол хэлний эдгээр доройтлын дотроос техникийн шинжлэх ухааны чиглэлийн ном, баримт бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан бичихэд гарч байгаа алдаа, тэдгээрийг зөв болгох асуудал юм.

Техникийн шинжлэх ухааны чиглэлийн ном, эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичихэд гарч байгаа алдааны дотроос зөвхөн дараах ТАВХАН алдаа, дутагдлын асуудлыг хөндөе. Үүнд:

  • Шинжлэх ухаан, техникийн чиглэлийн номын доторх зургийн тайлбар
  • Шинжлэх ухаан, техникийн номын доторх хүснэгтийн бэлдэлт
  • Монгол хэлний догол мөрийн асуудал
  • Монгол хэлээр бичсэн өгүүлбэрийн дотор үгийг том үсгээр бичих болсон асуудал
  • Номын хавтасны шил дээр бичиглэл

Нэг. ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН БҮТЭЭЛ ДЭХ ЗУРГИЙН ТАЙЛБАР

Техникийн шинжлэх ухааны ном, бүтээлийн нэг онцлог бол тухайн ухагдахуунаа зураг (бүдүүвч, диаграм, графикаар)-аар тодруулж, бичвэр болон зургийг нарийн холбож өгдөгт оршино. Зураг нь судалж байгаа асуудлаа ойлгоход асар их мэдээлэл, лавлагаа болдог. Энэ удаа зургийг яаж зурах, түүнд тавигдах шаардлагыг дурдахгүй. Энэ бол бие даасан стандарттай зүйл. Харин зурсан зургийн дэргэд болон эшлэл авахдаа ихээр гарч байгаа алдаа дутагдлыг хөндөх болно.

Өнөөдрийн байдлаар техникийн чиглэлийн ном болон баримт бичигт зураг болон хүснэгтийн дэргэдэх бичиглэл гол төлөв гадаад хэлний хэлзүйн дүрмээр яваад байна. Жишээлбэл, зураг 2.3 эсвэл хүснэгт 2.3 гэж бичээд байна. Энэ нь орос болон англи хэлэнд рис. 2.3 или табл. 2.3, англи хэлэнд fig 2.3 or tabl. 2.3 гэдэгтэй адил болоод байна. Монгол хэлэнд дэс тоог нэр үгийнхээ өмнө нь хэрэглэдэг хэл зүйн тогтолцоотой ард түмэн. Бид Далай лам 14 дүгээр, эсвэл Богд Жавзандамба 8 дугаар гэж, эсвэл манай охин 4 дэх, манай хүү 3 дахь нь гэж ярьдаг бил үү? Ингэхлээр техникийн баримт бичиг, ном сурах бичигт дэс тоог урьд нь монгол хэлийнхээ зүй тогтлоор бичихэд хэн нэгэн даргын нэр хүндэд харшлах нь юу л бол гэж бодох юм. Ийм л байдаг гэсэн хуучин стереотипийн үзлээсээ салж, даяарчлалын их давалгаанд эх хэлээ хамгаалж үлдээмээр байгаагийн өчүүхэн хэсэг нь миний хэрэгжүүлэх гээд байгаа зүйл л дээ.

Хэрэгжүүлэх гээд байгаа зүйл маань шинэ юм бишээ. Олон хүн ном, сурах бичиг, техникийн төсөл, тайландаа зөв хэрэглээд болоод байгаа. Доор бичсэнээр ажилдаа хэрэглээд явбал зөв юм гэж үзэж саналаа бичлээ. Энэ бол сонголт биш, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх дүрэм болох ёстой. Та бүхэн оюун ухаандаа тунгаан бодож, хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Зургийн тайлбар бичиглэлийг гүйцэтгэх 3 тохиолдол байна.

Нэгдүгээрт, зургийн дэргэд бичих тайлбар.

1. Техникийн чиглэлийн бүтээлийн дотор орж байгаа бүх зураг, томьёо, хүснэгт тухайн номын бүлэг дотроо дугаарлагдана.

2. Зургийн дараалсан дугаарын араас дугаар эсвэл дүгээр гэж бүтэн үгээр бичнэ

3. Зургийн дэргэдэх тайлбарт зургийн дараалсан дугаар, зургийн нэр, зургийн доторх бүтцийн тайлбар багтана. Зургийн дэргэдэх тайлбар бичилтийг номын бичвэрийн үндсэн шрифтийн өндрөөс 1-2 пойнтоор бага үсгээр бичиж, бичвэрийг Italic болгож голлуулах команд өгнө

4. Зураг хэд хэдэн хэсгээс бүрдэж байгаа бол тэдгээрийн а, б, в ... эсвэл I, II, III …гэж дугаарлана.

5. Зургийн доторх эд анги, зангилаа биетүүдийг зураг дээрээ 1,2,3,4, .... гэж дугаарлаад зургийн хэсгүүдийн дотор нь дараалан бичнэ. Эдгээр эд ангид зангилаа биетүүдийг дурдахдаа цэг таслал (:) хэрэглэж дуусахад нь нэг удаа цэг тавина.

6. Дугаарласан тооны араас тире (зураас) өгөөд эд анги, зангилаа, биетүүдийн нэрийг жижиг үсгээр эхлэн бичнэ.

Жишээлбэл,

9.11 дүгээр зураг. Гаргалтын төхөөрөмжүүдийн бүтэц:

а-хавтгай; б-дотоод барабаны; в-гадаад барабаны;

1-лазерын гэрэл; 2-линз; 3-модулятор; 4-толь.

Анхаарах зүйл: Тухайн ухагдахууныг нэмж тайлбарласан зураг тэр ухагдахууны талаар бичсэн бичвэрт аль болох ойр (нэг нүүрэнд эсвэл дэлгэмэл нүүрэнд) байхаар зохицуулах шаардлагатай.

Хоёрдугаарт, зургийг бичвэртэй эшлэл авч холбон бичих

  1. Өгүүлбэрийн төгсгөлд бага хаалтанд зургийн дарааллын дугаараа бичээд араас нь тире (зураас) аваад р үсэг бичнэ. Жишээлбэл, Төрөл бүрийн хийц, бүтэцтэй гаргалтын төхөөрөмжүүдийг ашиглана (9.11-р зураг).
  2. Тодруулалт (Italic, bold) болон шрифт багасгах үйлдлийг хэрэглэхгүй
  3. Өгүүлбэр дууссан цэгийг хаалтны гадна өгнө.

Гуравдугаарт, эшлэлийг тухайн бичвэрийн дотор хүүрнэх өгүүлбэрээр өгч болно.

  • Хүүрнэх өгүүлбэрээр эшлэл авахад зургийн дараалсан дугаар болон нэрийг бүтэн бичнэ;
  • Аливаа товчлол болон тодруулалтыг энд хэрэглэхгүй.

Жишээлбэл. Төрөл бүрийн гаргалтын төхөөрөмжийн бүтцийг 9.11 дүгээр зурагт бүдүүвчлэн үзүүлэв.

Зургийн тайлбар бичих ийм л 3 тохиолдол байна.

Хоёр. ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН БҮТЭЭЛИЙН ХҮСНЭГТИЙГ БЭЛДЭХ

Хүснэгт нь мөн л зургийн адил мэдээллийг илүү ойлгомжтой болгох, илүү нэмэлт мэдээлэл өгөх, асуудлыг эмх цэгцтэй ойлгоход чухал үүрэг гүйцэтгэдэг хэрэгсэл юм. Хүснэгтийг бэлтгэх, түүний дараалсан дугаарлалтыг өгөх мөн л 3 тохиолдол байна.

Нэгдүгээрт, хүснэгтийн дугаарлалт, нэрийг бичих

  1. Хүснэгтийг номын мөрийн урттай тэнцүү хийнэ
  2. Хүснэгт зургийн адил номын бүлэг дотроо дараалан дугаарлагдана. Дугаарлалтыг мөрийн баруун тийш зэрэгцүүлнэ
  3. Хүснэгт бүр өөрийн нэртэй байна. Хүснэгтийн нэрийг голлуулах командаар хүснэгтэндээ голлуулна. Дугаарлалт болон хүснэгтийн нэр үндсэн шрифтийн өндрөөр, үндсэн шрифтийн гарнитураар бичигдэнэ
  4. Хүснэгтийн дугаарлалт болон нэрийг аливаа хэлбэрээр тодруулахгүй (Italic эсвэл bold болгохгүй)
  5. Хүснэгт хэд хэдэн нүүр дамнавал нүүр бүрд .... дугаар хүснэгтийн үргэлжлэл гэж бичнэ. Хүснэгтийн нэрийг давтахгүй. Хүснэгт дууссан хамгийн сүүлийн нүүрэнд ... дугаар хүснэгтийн төгсгөл гэж бичнэ. Энэ бичиглэлийн баруун тийш нь зэрэгцүүлнэ.
  6. Хүснэгт номын нүүрэнд багтахгүй бол хөндлөн байрлуулна. Хөндлөн болгохдоо цагийн зүүний дагуу эргүүлнэ
  7. Хүснэгтийн доторх шрифтийг үндсэн бичвэрээс 1-2 пойнтоор бага шрифтээр бичнэ.

Хүснэгтийн доторх цифр, үг нь Cell Alignment командаар зэрэгцсэн байна. Үүнд 1 дүгээр багана хамаарахгүй.

Хоёрдугаарт, бичвэр дотор эшлэл авах

1. Бичвэр дотор эшлэл авах нь зурагтай адил байна. Жишээлбэл, хэв бэлтгэхэд ашигладаг төрөл бүрийн гаргалтын төхөөрөмж ашигладаг (9.2-р хүснэгт).

Гуравдугаарт, бичвэрийн дотор эшлэлийг хүүрнэх өгүүлбэрээр өгөх нь мөн л зургийн адил байна.

Анхаарах зүйл: Хүснэгт бэлдэлтийн илүү нарийн ширийн нилээд олон дүрэм байдаг.

Гурав. МОНГОЛ ХЭЛНИЙ ДОГОЛ МӨР

Монгол хэлэнд догол мөрийг улаан мөр, шинэ мөр гэх зэргээр яриад байдаг.

Догол мөрийн хэмжээг номын мөрийн уртаас хамааруулан тогтоосон байна. Тухайлбал, мөрийн урт 9-11 см бол 3 тэмдэгтийн зай авна.

Гэтэл өнөөдрийн байдлаар компьютерийн tab (tablet)-аар догол мөрийн авах нь элбэг байна.

Мөн мөрийн хоорондох зайг өөрчилж догол мөр гэх ойлголт түгээмэл болсон харамсалтай асуудал байна. Бид ЕБС-ийн сурах бичигт зөвлөгөө өгөх зөвлөх багт ажиллахад Газар зүйн номон дээр ийм асуудал гарч, зохиогчтой ярихад «бидэнд Олон улсын газар зүйн нийгэмлэг ингэж зөвлөсөн юм» гэсэн хариу өгч байсан. Олон улсын газар зүйн нийгэмлэг гуай нь байтугай НҮБ бидний дотоод хэрэгт, тэр тусмаа төрөлх хэлний асуудалд хөндлөнгөөс аливаа хэлбэрээр оролцох эрхгүй баймаар!

Энэ нь компьютерийн mause –ийн баруун товчлуур дарахад гарах

  • Paragraph Spacing before 0 pt
  • After 10pt горимоор (10 pt-ыг 0,0 болгоод ОК дарахад) зохицуулагдах энгийн зүйл л дээ.

Дөрөв. ӨГҮҮЛБЭРИЙН ДУНДАХ ҮГИЙГ ТОМ ҮСГЭЭР БИЧДЭГ БОЛСОН

Өнөөгийн байдлаар Монгол хэлний дүрэмд өгүүлбэрийн дунд хүний нэр, оноосон газар усны нэр болон баыйгууллагын нэрийн ЭХНИЙ ҮСГИЙГ томмор бичих дүрэм үйлчилж байгаа. Гэтэл сүүлийн 20-иод жил англи, америкийн номыг дуурайгаад өгүүлбэрийн дунд энгийн үгийг томоор бичдэг болжээ. Жишээлбэл, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Онцгой Байдлын Ерөнхий Газар гэж! Уг зүй нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын ерөнхий газар гэх нь зөв. Ийм буруу бичигдсэн зүйлийн алхам тутамдаа олж хархж болно.

Тав. НОМЫН ХАВТАСНЫ ШИЛ ДЭЭРХ БИЧИГЛЭЛ

Номын өнгө үзэмжийг нэмэгдүүлж, аливаа гаднын гэмтлээс хамгаалах үүргийг номын гадна хавтас гүйцэтгэдэг нэн ач холбогдолтой зүйл мөн. Номын хавтасны шил дээр (сүүлийн үед номын нуруу гэж, ном нуруулдана ч гэх шиг буруу нэр томьёо гарч байгаа нь харамсалтай) номын нэр, зохиогчийн нэрийг бичдэг.

Харамсалтай нь энэ бичилт сүүлийн хориод жилд замбараагүй боллоо. Номын шил дээрх бичилтийн үндсэн зорилго бол номын нүүр доошоо харсан байхад номын нэр нь саадгүй уншигдахаар байрласан байх ёстой.

Номын шил дээр бичилтийг «дороос дээш» чиглэлд бичнэ. Энэ нь номыг цагийн зүүний дагуу эргүүлэхэд зөв уншигдах болно. Хэрэв «дээрээс доош» бичвэл ном цагийн зүүний дагуу эргэхэд бичиг уншигдахааргүйгээр гэдрэгээ харна.

Энэ зураг дээр баруун талд байгаа “Алдар гавьяатын товчоон” номын шилний бичиглэл зөв, харин зүүн талд нь байгаа “Цахилгаан техникийн үндэс” номын шилний бичиглэл буруу байна.

Дороос дээш буюу баруунаас зүүн тийш нь бичдэг монгол арга билигтэй энэ өв уламжлал зарим төрлийн хаяг, тамган дээр илүү ойлгомжтой илэрдэг. Ер Монголчууд аливаад хандахдаа баруунаас зүүн тийш нь чиглэсэн арга билигтэй ард түмэн.

Зүүн талын зураг дээрх Монгол хэлний зөв бичих дүрэм гэсэн үгийг дугуй хэлбэрт (тухайлбал, тамга тэмдэг) оруулбал уншигдалт нэн таатай байна. Энэ бол зөв бичигдсэн гэсэн үг болно. Харин баруун талд байгаа үгийг дугуй хэлбэрт оруулахад уншихад төвөгтэй, хойноосоо урагш харсан араб үсэг лугаа адил болно. Энэ бол буруу бичигдсэнийг илтгэх жишээ юм.

Иймд номын шил дээрх бичиглэл «ДОРООС ДЭЭШ» чиглэлд зөв болох нь харагдаж байна. Үүнд аливаа ЧӨЛӨӨТ СОНГОЛТ байхгүй!

Ердийн хөсгийн эдэлгээний буруу зөв тал, өрхөө татах, гэрт ороод гарах, эд юмс өгч авах, овоо тахилгаа тойрох ... гээд бидний асар олон зан үйл өвөг дээдсээс өвлөгдөн ирж бидний ахуй амьдралд хэвшсэн байдаг.

Монгол хэл маань монгол өв соёлтойгоо салшгүй холбоотой явж ирсэн нь бусад ард түмнээс бидний ялгарах үнэт зүйл агаад даяарчлалын энэ шуурган дунд хадгалж үлдэх ёстой өв соёл мөн билээ. Бид гаднын соёл, шинжлэх ухааны ололтыг зайлшгүй авч хэрэглэх тийм даяарчлагдсан нийгэмд орсон. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, ухаалгаар хэрэглэх ашиглах хэрэгтэй. Гэхдээ бид монгол өв уламжлал соёлоо хадгалан авч үлдэхэд иргэн бүрийн оролцоо, хувь нэмэр хэрэгтэй байна. Бидний өмнөөс хэн нэгэн ЖОН эсвэл Такаши монгол хэл, соёлыг хамгаалах санаачлага гаргах нь юу л бол!

-Цаг зав гарган ярилцсан танд байрлалаа.

-Их чухал асуудлыг хамтдаа хөндөн ярих боломж гаргасан танд ч гэсэн их баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)