Д.Гантулгыг гадаадад томилолтоор явуулахгүй байхыг хүсэв

Бусдыг хүчирхийлсэн, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд эрх мэдлээрээ нөлөөлсөн гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гадаадад томилолтоор явуулахгүй байхыг прокурорын байгууллагаас УИХ-ын дарга, Тамгын газрын дарга тэргүүтэй хүмүүсээс хүсчээ. Мөн хохирогчийн өмгөөлөгч ч дээрх хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд ийм хүсэлт гаргасан гэдгийг зарим цахим хуудсанд мэдээлсэн.

Тэрбээр яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцахгүй, мөрдөгчийн дуудсан цагт ирээгүй төдийгүй хууль хэрэгжүүлэх зарим байгууллагынхнаар хуурамч баримт гаргуулсан гэх мэдээлэл байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр “Хилээр гарсан” гэсэн бичиг ХХЕГ-аас гаргуулсан нь худлаа байсан бөгөөд энэ хугацаанд Монголдоо байсан аж.

Түүгээр ч зогсохгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой өрөөнд нь уулзаад гарсан нь ХЗДХЯ-ны хяналтын камерт бичигдэж үлдсэн гэнэ. Тэгсэн атлаа Монголд байхгүй, гадаадад томилолтоор явсан гэх зэргээр АТГ-т ирэхгүй байсан учраас цагдан хорихоор болжээ. Энэ үед Д.Гантулгын чих нь “зөөлөрсөн” учраас цагдан хорих шийдвэрийг шүүх гаргаагүй юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)