Д.Гантулга гишүүн эцсээ хүртэл мэлзсээр байх уу

Хүчингийн хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулгын цус, үс, шүлснээс сорьц авч ШШҮХ-д хийсэн ДНХ-ийн шинжилгээний хариу нотлох баримтынхтай 100 хувь таарч, түүнийх болох нь тогтоогдоод буй. Тэгвэл гишүүн Д.Гантулга шинжээч дахин томилуулах хүсэлтээ прокурорын байгууллагад гаргасныг нь ёсоор болгож буй сурагтай. Өөрөөр хэлбэл, тэр дээрх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байна. Өнөөдрийг хүртэл үүнийг үгүйсгэж, буруугүй хэмээн гүрийсэн Д.Гантулгын хувьд ДНХ-ийн шинжилгээний хариуны эсрэг ядаж л энэ мэт “арга хэмжээ” авах нь зүйн хэрэг.

“Ичсэн хүн хүн ална” гэсэн үг ч бий. Үнэндээ эцсийг нь хүртэл мэлзэн, хэлмэгдэж, гүтгэгдсэн хөөрхийлөлтэй нэгний “дүр бүтээх” нь гарцаагүй. Эрээ цээргүй аашлаж, төрийг буртаглаж буй энэ залуугаас юу ч гарч мэднэ, гайхах хэрэггүй. Гэвч одоо зүгээр л зайгаа тавьж өгөөд, хүлээх ёстой хариуцлагаа үүрэх болоогүй юу, Д.Гантулга та. Нэр хүндийг тань унагаж буй энэ нөхөрт намын шугамаар ч, хууль тогтоох байгууллагын хувиар ч хариуцлага тооцох цаг нь одоо биш бол хэзээ гэж, эрх баригчид аа.

Нүдэн балай, чихэн дүлий царайлж, “нялх” түүнийгээ хэдий болтол хаацайлах юм бэ. Түшээ болгосон Хэнтий аймгийн сонгогч та бүхэн ч түүнээс хариуцлага нэхэж, гишүүнээс нь эгүүлэн татах санаачилга гаргаж, ядаж гарын үсгээ цуглуулан эсэргүүцэхэд оройтоогүй байлтай.

Яагаад гэвэл, юуны түрүүнд, ДНХ-ийн шинжилгээний хариу нотлох баримтынхтай 100 хувь таарчихлаа. Хүчингийн хэрэг үйлдсэн, эсэхийг нь гагцхүү ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээр тогтоохоос өөр аргагүйг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байхад одоо өөр юу хэрэгтэй юм бэ, хангалттай.

Хоёрдугаарт, тэр зөвхөн хүчингийн хэрэгт холбогдоод зогсохгүй нь бололтой. Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаасан албан тушаалтан, шинжээч эмч нарт УИХ-ын гишүүний албан тушаалаар далайлган нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил гаргасан, магадгүй авлига өгсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-т шалгагдаж эхлээд буй. ДНХ-ийн шинжилгээний хариу өмнөхөөс тэс өөр гарсан нь түүнийг бас авлигын хэрэгт холбогдчихсон юм биш биз гэх хардлагыг лавшруулж байна. Цаашлаад цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, нотлох баримт устгах, хавтаст хэрэг хуурамчаар үйлдэх гэх зэрэг цөөнгүй хэрэгт унаж магадгүй болоод байгаа юм.

Гуравдугаарт, тэр худалч, Монголын төрд байж боломгүй ёс зүйгүй этгээд. Энэ дуулиан нийгэмд тарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд түүний хэлсэн үг, хийсэн үйлдлийн хэд нь үнэн байсан бол гэж бодож сууна. Хүчингийн хэргийг хамгийн жигшүүртэйд тооцдог. Ийм хэрэг үйлдсэн хүн наранд байтугай нарсанд ч чичлүүлж, муугаа үздэг гэдэг. Магадгүй тэр улаан махны хэрэг үйлдчихээд албан тушаалтнуудад авлига өгч, төрийн түшээгийн эрх, сүрээр далайлгасан нь үнэн болж таарвал худал хэлэх зэрэг ч энүүхэнд байж таарах нь. Ийм хэрэгт холбогдсоныхоо дараахан төрийн албан хаагчийн ёс зүйн талаар лекц уншиж явсныг нь ч шүүмжлээд нэмэргүй байж.

Эрхэм гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон талаараа Төрийн ордонд мэдээлэл хийж, анх ам нээхдээ өөрийгөө өмөөрч энэ нийгэм өнгө мөнгөнд үнэ цэнэ, мөн чанараа алдсаныг нь гайхан, шогширч байв. Бүр “Одоо бид юунд итгэх вэ” хэмээн уулга алдсаныг яана. Тэрбээр тухайн үед хохирогч гэх эмэгтэйг огт танихгүй, гэрээс нь зүгээр л гараад явсан тухайгаа нүд цавчихгүй ярьж байсан. Харин одоо мань хүн тэр бүсгүйтэй тохиролцож, ярилцаад унтсан тухайгаа мэдүүлж сууна.

“Бид юунд итгэх вэ” хэмээн одоо л танаас асуумаар байна, ард түмэн чинь. Та Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Нэг бол Д.Гантулга хүн хүчиндсэн байх ёстой. Үгүй бол тэр намайг гүтгэсэн байх ёстой. Би эцсийг нь хүртэл явна” хэмээн мэдэгдсэн. Харин одоо та “Хүчиндээгүй, санаа нийлээд унтчихсан” гэж хэлэх гээд байх шиг.

Хүчингийн хэрэгт холбогдсон хэн ч эд, мөрийн баримтыг няцааж чадахгүй, үнэнд гүйцэгдээд ирэхээрээ “Бид тохиролцсон” гэж хэлээд мултрахыг хичээдгийг хуулийнхан андахгүй. Ийм аргаар мултарч чадвал ямар ч ял, зэм хүртдэггүй юм. Жирийн иргэдийн зарим нь ч энэ талаар гадарлах байх. Амьдрал баян учраас анхнаасаа тохиролцчихоод адаг сүүлд нь хүчиндсэн хэмээн гүтгэдэг явдал ч гардаг л гэсэн. Гэвч энэ бол УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд өөр асуудал. Хүчиндсэн, тохиролцсоны аль нь ч бай түүний багтах орон зай Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага лав биш ээ.

Хүч хэрэглэсэн, эсвэл тохиролцсоноос шалтгаалан хүний биологийн өгөгдөл өөрчлөгддөггүй л бол шинжээчийн дараагийн дүгнэлт одоогийнхоос зөрөхгүй болов уу хэмээн найдна. Гэвч хуулийнхан, тэр дундаа шүүхийн шинжилгээний байгууллагын үйлддэг дүгнэлт, шийдвэрт эргэлзэх нь олонтаа. Муугаар хэлбэл, юуг ч яаж ч өөрчлөн хариу, дүгнэлт гаргадаг гэсэн эргэлзээ олон нийтийн дунд, тэр дундаа Д.Гантулга гишүүнд буй нь түүнийг шинжээч дахин томилуулах хүсэлт гаргахад хүргэсэн байж мэднэ. Нөгөө талаас авлига, албан тушаалын хэрэг шалгадаг АТГ анх удаа хүчингийн хэрэг хянан шийдвэрлэж байна.

Д.Гантулгын холбогдсон хэргийг шалгах явцад үүссэн албан тушаалын хэргийг тус газарт тушааж, хүчингийн хэргийг нь цагдаагийн байгууллагад даатгаж болоогүй хэрэг үү. Өөрөөр хэлбэл, уг хэргийг олон тийш дамжуулан шалгах явцад замхрах, нотлох баримт устахаас авахуулаад үнэн мөнийг тогтооход эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй. Тиймээс хууль, шүүхийнхэн болоод олон нийт өндөр сонор сэрэмж, хариуцлагатай байх ёстой болов уу.

Юутай ч уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хариуцлагыг хүртэх ёстойд нь хүртээх учиртай. Монгол төрийн босгыг дэндүү намханд тооцож, дураараа дургидаг хүмүүст сануулга болохуйц үр дүнд хүрч, хатуу бөгөөд сайн жишиг тогтоогоосой гэж хүсье. Ирэх чуулганыг Д.Гантулгагүй үдье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)