ДБЭТ хөшгөө нээж, Жизелийн түүх үзэгчдэд хүрэв

Хуй салхи шиг эрчтэй аялгуу эгшиглэж, нам гүмийг эвдлээ. Түрүүхэн суудлаа хайн нааш цааш хөлхөж байсан олон хүн ялаа ниссэн ч сонсогдохоор аниргүй болж, театрын хүрэн хөшигний зүг хараа сунган суусан юм. “Ла Скала” театрын удирдаач Стефано Салваторийн дохиурын аясаар нүргэлсэн хөгжим аажим намссаар, хөшиг нээгдэж буйдхан тосгоны дүрслэл нүдний өмнө тодров. Алдарт А.Аданы “Жизель” балет эхэлж буй нь энэ.

Дуурь бүжгийн эрдмийн театр 54 дэх улирлын үзвэрээ эхлүүлж, гэнэн цайлган охины хайр дурлалын түүхээр үзэгчдийнхээ сэтгэлийг баясгав. Дурлал гээч зүйл байгаагүй бол хорвоо дэндүү уйтгартай, хоосон хөндий байх байсан биз. Тиймдээ ч тариачин охин Жизель сайн танихгүй Альбертад сэтгэлээ өгч, өөрийг нь гэж явсан Гансыг үл тоосон. Хэрэв бодит амьдрал дээр тэр зэрэг зиндаандаа нийцүүлж Гансыг сонгосон бол амьдрал нь үргэлжлэх байсан даа гэсэн тэнэг гэмээр бодол ч үүнтэй зэрэгцэв. Сэтгэлийг нь эзэмдсэн залуугаа сонгож, түүний хэлсэн бүхэнд итгэсэн ч сүйт бүсгүйтэй ихэс дээдэс байсныг нь мэдэж цочирдоод Жизель оргилон дурласан шигээ гүнээ шаналж, хорвоогоос одох нь харамсалтай.

Эмгэнэлт бүжгэн жүжиг хэдий ч амьдралын баяр жаргалант өдрүүд, чин үнэнч хайрын хүчийг ойлгуулсан уянгалаг хөгжим нь даанч сэтгэл татам. Ойрын жилүүдэд театр балетаар нээлтийн тоглолт хийсэн нь үгүй. Ихэвчлэн эхний долоо хоногт нь дуурь, дараагийнхад нь балет тоглодог байсан санагдана. Тайзнаа энэ өдөр Жизель болон хувирсан бүжигчин бол ДБЭТ-ын гоцлооч Б.Саруул, түүний дурлалт залууд О.Ганцоож бүжиглэж, тэмцэгч гэмээр эрэмгий гэхдээ дэндүү хувиа хичээсэн Гансыг А.Өлзий-Орших амилуулж, үзэгчдийг баясгав. Хүйтэн хөндий, хатуу хэрнээ хайрын өмнө хүчгүйдсэн Миртад Б.Баасансүрэн бүжиглэв. Харин ням гаригт Г.Батчимэг, А.Эрдэнэболд нар “Жизель” балетын гол дүрд тоглосон.

1841 онд Парис, 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондон, мөн ондоо Москва, дараа жил нь Миланы үзэгчдийн хүртээл болсон А.Аданы “Жизель” балетыг 1884 онд алдарт Мариус Петипа шинэчлэн дэглэснээр өнөөгийн төрхөө олсон юм. Эмэгтэй бүжигчид анхлан хуруун дээрээ бүжиглэж, үсрэлт нь боловсронгуй болсноор нисэх мэт дүүлэн, тэнгэр өөдөө тэмүүлсэн балетын урлагийн бүрэн утгыг “Жизель” илэрхийлсэн гэдэг. Нэгдүгээр үзэгдэл нь гэнэн итгэмгий охины мөрөөдөл, хайр дурлалыг өгүүлсэн бол хоёрдугаар үзэгдэлд уран зөгнөлт үйл явдал үргэлжилж, нөгөө ертөнцийг энэ хорвоотой “уясан” нь сонирхолтой. 

Энэ гайхалтай уран бүтээлийг ОХУ-ын Их театрын тайзнаа хэрхэн амилуулсныг бичлэгээр хүргэе. 

Монгол Улсад сонгодог урлагийн ийм сайхан театр байдагт үргэлж талархмаар санагддаг. 500 хүний суудалтай ч танхимдаа зочилсон болгонд л ухаарал, тэмүүлэл, эрч хүч хайрладаг нь “ордны” ид шид. Ирэх долоо хоногт ДБЭТ-ынхан Ж.Бизе “Кармен” дууриар үзэгчдээ угтана. Энэ өдрүүдэд БНСУ-ын Сөүл, Тэжон, Бусанд нэгдсэн тоглолт хийж буй найрал дуучид маань тэр үед ирэх юм. Солонгост амилуулсан “Кармен”-наа тэд ирэх бямба, ням гаригт Монголд тоглоно. Ийнхүү амралтын өдөр бүр дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийг тольдох боломж та бүхний өмнө нээгдлээ. Дараа жилийн долдугаар сарыг дуустал тасралтгүй бүтээлүүд амилах тул, таалан болгоохыг уншигчдаасаа хүсье. Төрийн шагналт Т.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж”, Ж.Вердийн “Аида” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаас эхлээд олон бэлэг та бүхнийг хүлээж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)