ДАШТ-тэй холбоотой тоон мэдээ

Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой тоон мэдээнээс толилуулъя.

• 2010 оны ДАШТ-ий албан ёсны сүлд дуу Time for Africa 201 секунд үргэлжилнэ. Тэмцээний нээлтийн ажиллагаан дээр энэ дууг Колумбын алдарт дуучин Шакира, ӨАБНУ-ын Freshlyground хамтлагтай дуулах болно.

• ӨАБНУ-ын зочид буудал, рестораны 26 хувь нь үнээ 1.5 дахин нэмэх гэнэ. Өнгөрсөн жилийн сүүлээр тус улсын аялал жуулчлалын газраас буудал, зуушны газрын эздийг үнээ хэт нэмэхгүй байхыг хүссэн бөгөөд 1.5 дахин нэмнэ гэдэг бол дэлхийн аваргын түүхэнд гарч байгаагүй бага тоо гэнэ.

• ДАШТ-ий албан ёсны дарс шалгаруулах уралдаанд түрүүлсэн компани 10500 шил Fundi дарс гаргах болно. Дарснаас орсон орлогыг ӨАБНУ-ын зочид буудал, рестораны эздийн сургалтанд зориулах гэнэ.

Энэ удаагийн ДАШТ-ийг 2,9 тэрбум хүн цэнхэр дэлгэцээр сонирхоно. Дэлхийн 70 оронд нийтдээ 2750 цагийн нэвтрүүлэг цацагдах юм. Телевизийн эрхээс зохион байгуулагчид 1 тэрбум долларын цэвэр ашиг олно.

• Йоханнесбург Кейптауны хооронд зорчих хурдан галт тэрэг өдөр бүр 1500 км зам туулна. Дэлхийн аваргын тэмцээний албан ёсны галт тэрэг нь цагдаагийн газар, шоронтой гэвэл та гайхах байх. Учир нь ӨАБНУ-д жилд 20000 аллага гардаг, дэлхийн хамгийн аюултай орон билээ.

• ӨАБНУ-2010 тэмцээний шагналын сан 420 сая доллар байгаа нь Германд болсон тэмцээнээс 61, 2002 оны ДАШТээс даруй 120 хувь их байна. Дэлхийн аварга баг 30 сая ногоон халааслах бол үзүүрлэсэн багт 24 сая доллар өгөх юм.

• Дэлхийн аваргын тоглолтуудыг 26 оронд 3D хэлбэрээр үзүүлнэ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо Японы “Сони” компани хамтран 25 тоглолтыг гурван талаас нь үзүүлэх гэнэ. Ингэснээр та жинхэнэ цэнгэлдэх хүрээлэнд очсоноос илүү таашаал авна гэж “Сони” баталж байна.

• Newsweek сэтгүүл энэ тэмцээний хамгийн үнэтэй болон хямд гарааны бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Испанийн шигшээ багийн гарааны 11 тоглогч 406 сая еврогийн үнэтэй бол БНАСАУ-ын баг 7.15 сая евро. Испанийн Шави ганцаараа Хойд Солонгосын 23 тоглогчоос илүү үнэтэй байна гэхээр гайхалтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)