Дахин төлөвлөлт буюу даахгүй нохой булуу хураахын үлгэр

Баянзүрх дүүргийн VIII хороо, Батлан хамгаалахын их сургуулийн орчимд баригдаж буй барилга

Гэр хорооллуудыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил эхлээд даруй таван жил өнгөрөв. Өнгөрсөн хугацаанд хэчнээн айл орон сууцад орсон, яндан хэр цөөрснийг сурвалжлахаар Баянгол дүүргийн X хороо, III, IV хорооллын эцэст байрлах “Грийн ресурс констракшн” компанийн төсөл хэрэгжүүлж буй хэсэгчилсэн талбайд очлоо. Барилгын ажил үргэлжилж, ажлын хувцас өмссөн барилгачид урагш хойш өнгөрөх аж. Завгүй хүмүүст саад болохыг хүссэнгүй тухайн орчинд амьдардаг иргэдтэй уулзахаар явлаа. 

Хоёрдугаар гудамжны гурав дахь айлын хаалгыг тогшив. Үүдээ нээсэн хижээл насны эмэгтэйд зорьсон учраа хэлэхэд “Орон сууцад орох гэрээгүй бид битгий хэл, газраа чөлөөлж, гэрээ хийсэн өрхүүд байранд ороогүй юм билээ. Тус компани бидний газрыг хэт багаар үнэлэх сонирхолтой. Эндхийн газар нийслэлийн А бүсэд хамаардаг. Энэ газрын гэрчилгээн дээр дөрвөн хүний нэр бий. Би их зүйл хүсээгүй. Талбай томтой хоёр өрөө байр хоёрыг өгөөч гэсэн юм. Тэд зөвшөөрөөгүй. Одоо өдөржин тоос бужигнасан орчинд амьдарч байна.

Тоонон дээр өргөгч цамхаг эргэлдээд үнэхээр аймшигтай” гэж ярилаа. Харин “Грийн ресурс констракшн” компанийн Бизнес хөгжил, бодлого зохицуулалтын албаны дарга Б.Батзориг дараах мэдээллийг өгөв. Тус компани эрх авсан хэсэгчилсэн газартаа сургууль, цэцэрлэг бүхий 3200 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Үүний тулд өөрийн хөрөнгөөр дулаан, халуун усны шуга маа татаж ажлаа эхлүүлсэн байна. Нийт 23 айлын газрыг чөлөөлжээ. Ашиглалтад оруулсан 111 айлын орон сууцаасаа зургаан өрхөд 13 байр өгсөн аж. Өдгөө хоёр хэсэг барилгын ажил эхлүүлсэн бөгөөд есдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн байна. 

Үлдсэн өрхүүд есдүгээр сард байрандаа орно. Нийтдээ 23 өрхөд дунджаар 70 ам метр талбайтай 60 байр өгөх гэрээ хийжээ. Тэдний мэдээлж буйгаар барилга барихаас илүүтэй газар чөлөөлөхөд хүндрэл учирч буй. Тодруулбал, иргэдийн газар ихэнхдээ 250-350 ам метр хэмжээтэй. Тэд бага хэмжээтэй газраа 200-300 саяар үнэлж байгаа аж. Жишээ нь, нэг иргэн 300 ам метр газрынхаа оронд шинээр ашиглалтад оруулах байрны нэг, хоёрдугаар давхрыг бүхэлд нь авна гэжээ.

Баянзүрх дүүргийн XIV хороо, “Бүрд констракшн” компанийн хариуцсан орон сууцжуулах хэсэгчилсэн талбай

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид 2013 онд хэдэнтээ хуралдаж 25 байршил, 74 хэсэгчилсэн талбайг дахин төлөвлөж, барилга барихаар тогтоол гаргасныг эргэн сануулъя. Энэ хугацаанд 1712 өрхийн газрыг чөлөөлж, 7227 орон сууц ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар 38 хэсэгчилсэн талбайд 34 компани төсөл хэрэгжүүлж буй. Хариуц сан талбайдаа бүтээн байгуулалт хийгээгүй “Эрэл”, “Өндөрбуянт”, “Заг групп”, “Тоб групп”, “Монгол дайван”, “Хас харш” зэрэг компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна. 

Компаниуд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 633 өрх гудамжинд гарсан гашуун түүх бий. Өдгөө 91 айл орон гэргүй хэвээр байгаа юм. Тэднийг ирэх есдүгээр сард багтаан орон сууцад оруулна хэмээн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг мэдэгдсэн. Түүнчлэн ажил нь урагшлахгүй байгаа “Гранд лайн”, “Бүрд констракшн”, “Баярс констракшн”, “Очирням пропертийз девелопмент”, “Ажнай цэгц” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар ярьж буй юм билээ. Эхний ээлжид дээрх компаниудад хугацаатай үүрэг өгч, заримыг нь 10 сая төгрөгөөр торгосон байна. Мөн “Бүрд констракшн” компанийн хэсэгчилсэн талбайд үйл ажиллагаа явуулах дөрвөн эрхийн хоёрыг нь цуцалжээ.

Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг Батлан хамгаалахын их сургуулийн орчимд төсөл хэрэгжүүлж буй “Гангар инвест” компанийн барилга дээр очлоо. Тус компани дахин төлөвлөлтийн хүрээнд 39 га талбайг чөлөөлөх ёстой. Талбай чөлөөлөх ажил 50 хувьтай явж буй. Эхний ээлжид 504 айлын гурван хэсэг барилгыг бүрэн ашиглалтад оруулсан байна. Нэмж 432 айлын гурван хэсэг барилга ашиглалтад оруулна. Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэд олон зүйл хүсэлгүй газраа чөлөөлсөн байна. Үр дүнд нь эндхийн амьдрах орчин сайжирч, орчмын утаа багасжээ. Газраа чөлөөлсөн 200 өрх бүгд 40-70 ам метр байртай болсон аж.

Дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барих газруудын цахилгаан, халуун ус, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн асуудлыг төр шийдэх ёстой. Энэ тухай гурван талт гэрээнд тусгажээ. Харамсалтай нь, төр энэ үүргээ амь торгоох, цус сэлбэх төдийхнөөр биелүүлж буй. Хэсэгчилсэн талбайд барилгын ажил эхлүүлсэн цөөнгүй компани дэд бүтцийг нь шийдээгүйн улмаас ажлаа зогсоожээ. Зарим компани өөрийн хөрөнгөөр эл асуудлаа шийдсэн байна. 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн XIV хороонд үйл ажиллагаа явуулж буй “Зургаан талт” компани нэг тэрбум төгрөг зарцуулан дэд бүтцийн асуудлаа бие даан шийджээ. Мөн уурын зуухаар халаалтыг нь шийдэхээр төлөвлөсөн хэд хэдэн компани бий. “Очирням пропертийз девелопмент”, “Пример инвестмент групп” компанийнхны дэд бүтэц, халаалтыг уурын зуухаар шийдэхээр төлөвлөсөн байсан. 

Гэтэл Засгийн газрын тогтоолоор нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон тул дээрх компаниудын ажил саатаж, дэд бүтцийг шийдэх өөр эх үүсвэр хайж буй. Өнөөдрийн байдлаар “Очир ням пропертийз девелопмент” компанийнхан дөрвөн айлын газар чөлөөлж, сууриа цутгаад, ажлаа орхисон байдалтай байна. “Пример инвестмент групп” компанийнхан хоёр блок 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, түр дулаанаар асуудлаа шийдсэн бөгөөд нэмж хоёр блок барилгын ажил эхлүүлжээ.

Иргэн Б.Энхтөрийнх төсөл хэрэгжүүлэгч талтай тохиролцож чадаагүй учир орон сууцад орж чадаагүй. Баянзүрх дүүргийн XIV хороонд амьдарч буй тэрбээр “Бүрд констракшн” компанийнхан иргэдийн сэтгэл санаагаар тоглож байна. Газар бол иргэдэд байгаа цорын ганц өмч. Бид их зүйл хүсээгүй. Бусад айлууд шиг хоёр, гурван байр нэхээгүй. Газраа өгье. 70 ам метр талбайтай ганц байр өгөөч гэсэн, хүлээж аваагүй. 

Эргэн тойрны айл өрх тоосноос дайжаад орон нутаг руу нүүсэн. Энд амьдарч буй иргэд олонх нь түрээслэгчид. Уг нь “Амартүвшин” хотхонд нэг байр үзүүлсэн. Хэтэрхий жижигхэн байр учраас бид ороогүй” хэмээн ярилаа. “Бүрд констракшн” компани эрх авсан хэсэгчилсэн талбайдаа барилга угсралтын ажил эхлүүлээгүй ч газраа чөлөөлсөн 148 өрхөд 180 байр олгожээ.

Иргэдийн яриаг сонсож байхад эерэг хандлага дутаад байгаа мэт санагдлаа. Цөөн хэдэн хүн л нэг байраар газраа солино гэж ярьж буйгаас бус, олонх нь 200-300 сая төгрөг нэхэмжилж, эсвэл өрхийн гишүүн бүрийн тоогоор байр нэхэж байгаа юм. Зарим нь компанийн бохирын шугам дайрч өнгөрөх газарт зориудаар барилга эхлүүлж, тэрбум төгрөг нэхэж буй сурагтай. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч зарим компани ийм шалтгаанаар ацан шалаанд орж, зураг төслөө өөрчлөхөөс аргагүйд хүрч байна. Нэг хэсэг нь аль таван жилийн өмнө газраа чөлөөлж байранд орсон байхад 200, 300 сая төгрөг нэхсэн өрхүүд одоо ч гэртээ амьдарсан хэвээр.

Зарим аж ахуйн нэгж, байгууллага даахгүй нохой булуу хураана гэгчээр 30-40 га газарт бүтээн байгуулах эрх авсан хэрнээ нэг, хоёрхон барилга эхлүүлсэн байв. Улмаар иргэдтэй тохирч чадахгүй, ажлаа огт эхлүүлээгүй, улмаар хөрөнгө хайж буй гэх. Нөгөө талаар өмнөх жилүүдийг бодвол барилгын компаниудын хариуцлага нэмэгдэж, газраа өгсөн иргэдийг барилгыг ашиглалтад оруултал түрээсийн орон сууцад оруулжээ. Зарим компани газраа чөлөөлсөн л бол иргэдэд өөр газарт орон сууц авч өгсөн байна. Энэ нь төр, иргэн, компани хоорондоо гурван талт гэрээ хийдэг болсонтой холбоотой.

Дэд бүтэц, дахин төлөвлөлт хоёроо уялдуулж, төлөвлөөгүй гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Тухайлбал, улс Яармаг, Ханын материал, Баянхошуу, Зурагт, Хайлааст, Дэнжийн 1000, Дамбадаржаа зэрэг газрыг төвийн шугамд холбосон. Харамсалтай нь, дахин төлөвлөлт хийсэн газруудын ихэнхэд дэд бүтэц байхгүй. Тиймээс ажил урагшлахгүй байгаа гэцгээж байна. Дахин төлөвлөлт хийсэн газрын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 230 тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч ийм хэмжээний мөнгө улсад байхгүй. Тиймээс гадаадаас бадар барьж буй. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хоёр тэрбум юаниар эл асуудлыг шийдэх Засгийн газрын 179 дүгээр тогтоол 2017 онд гарсан. Өдгөө эл тогтоол ажил хэрэг болоогүй байна.

Улс дэд бүтцээ шийдэж амжихгүй хэрнээ хэт олон газрыг дахин төлөвлөлтөд хамруулсныг шүүмжлэх хүн захаас аваад гарч ирж буй. Тэд гарын таван хуруунд багтах цөөн газар сонгож дахин төлөвлөлтийг чанартай хийх ёстой байсан хэмээн үзэж буй. Одоогийн дахин төлөвлөлтийн ажлын бодит дүр төрх бол төр дэд бүтцээ шийдэж чадахгүй, компаниуд тал талд хоёр гуравхан байшин барихаас хэтрээгүй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)