Дахин төлөвлөлтийн хамгийн том хохирогч нь хүүхдүүд

Засгийн газар нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2012 оноос хэрэгжүүлж буй билээ. Дахин төлөвлөлт хийхийн тулд айл өрхүүдийг тодорхой хугацаанд заавал нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болдог. Гэхдээ энэ ажлаа хэрэгжүүлэхдээ хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагаж, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлээгүйн улмаас маш олон айд хүнд байдалд орж, цөөнгүй иргэн энэ хорвоог орхисныг сануулах нь илүүц биз.

Энэ удаа дээрх төсөл хэрэгжүүлэх явцад хүүхэд хамгийн их хохирсныг хөндөхийг зорилоо. Ингэж бичих маш олон шалтгаан, баримт бий. Баримт дэлгэхээсээ өмнө нэгэн судалгааны дүнг танилцуулъя. Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудын 25 хүүхдийн дунд МУИС-ийн сэтгэл зүйн гуравдугаар дамжааны оюутнууд багш, сэтгэл судлаач, доктор Б.Болдсүрэнгийн удирдлагад судалгаа хийжээ. Тэдний олонх нь амьжиргааны түвшин доогуур, амьдралын чадавх сул байж. Мөн сэтгэл зүйн түгшүүрийн (Түгшүүр гэдэг нь гадаад орчны цочролын нөлөөгөөр буй болсон айж эмээх явдлыг хэлнэ. Б.Батсайхан, 2013) түвшнийг тодорхойлоход дахин төлөвлөлтөд орсон хүүхдүүдийн айж түгших мэдрэмж маш өндөр гарсныг энд тодотгоё.

...Газар чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгахад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирлыг төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцдаг байх эрх зүйн зохицуулалт бий болгох асуудлыг тусгасан билээ. Энэ үүргийг Засгийн газар буюу У.Хүрэлсүх танд даалгасныг эргэн сануулъя...

Түүнчлэн тест ашиглан хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тодорхойлжээ. Ингэхэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан хүүхдүүд бас л хангалтгүй үзүүлэлттэй гарч. Тодруулбал, дахин төлөвлөлтөд орсон хүүхдүүдийн өөрийн үнэлэмжийн ерөнхий үзүүлэлт дунджаас доогуур байсан гэнэ. Судалгаанд оролцсон М “Би 15 настай. Манайх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан. Ингээд нэг газраас нөгөө рүү нүүсээр сэтгэл санаа, эдийн засгаар багагүй хохирлоо. Тав тухгүй орчинд хичээл хийх сонирхол ч төрдөггүй. Дүү нар байнга шөнө цочин сэрж, орондоо шээчихсэн байдаг. Хоёр дүү бид гурвыг нэг өдөр хичээлээ тараад гэрт иртэл байшингийн талыг нураачихсан байв. Дээрээс нь эрчим хүч, халаалт, байрны ус бүгдийг тасалчихсан. Тухайн үед аравдугаар сар гарсан байсан тул маш их даарсан юм. Биднийг хүчээр нүүлгэх гэж оролдсон.

Аавд маш олон удаа дарамт шахалт үзүүлж, хэл амаар доромжилсон гэсэн. Нүдэн дээр гэр орныг минь нураасан хүмүүсийг үзэн яддаг. Болдог бол үзэлцчихмээр санагддаг” хэмээн ярьжээ. Хүүгийн сэтгэл зүйн байдлыг сэтгэлзүйч дүгнэхдээ “Энэ үйл явц нь М болон гэр бүлийнхэнд нь маш их цочрол өгчээ. Тухайлбал, М өсвөр нас буюу сэтгэл зүйн эмзэг үедээ байсан. Энэ явдлаас хойш тэр байнга бухимдаж, түгшүүртэй байх болсон нь илт мэдрэгдлээ. Зан төлөв нь дээрэнгүй, түрэмгий, дайсагнасан, амьдралд идэвхгүй болсон. Энэ нь сурлагад нь сөргөөр нөлөөлсөн. Мөн долоон настай дүү нар нь жилийн турш шөнө тайван унтаж чадахгүй айж цочин, уйлж, орондоо шээж байгаа нь хямралаас үүдэлтэй стресст өртсөнтэй холбоотой. Хямралаас үүдэлтэй стресст өртсөнөөр болсон явдлыг байнга эргэн дурсах, нүдэнд нь харагдах, юм болгоноос айж зугтах, өөртөө итгэлгүй болох зэрэг хэлбэрээр илэрдэг” гэжээ.

Энэ мэтээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд өртсөн хүүхдүүдийн түгшүүрийн дохио өндөр гарч. Түгшүүр нь айж эмээснээс үүсдэг сэтгэлийн хямрал аж. Өсвөр насанд хүүхэд өөрийгөө хэрхэн үнэлэх нь цаашид бие хүн болж төлөвшихөд суурь ач холбогдолтой. Гэтэл эдгээр хүүхдийн олонх нь өөртөө итгэлгүй, айж эмээсэн, ганцаардах дуртай, зожиг нэгэн болж хүмүүжиж байна. Эцсийн дүндээ амиа хорлоход ч бэлэн сэтгэл зүйтэй хүүхэд тэдний дунд олон бий гэх. Өөрөөр хэлбэл, дахин төлөвлөлтөд хамрагдсан айлын хүүхдүүдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүссэнийг судалгааны дүн харууллаа. Өөр нэг жишээ байна. Жишээнд дурдах Х 18 настай. Хоёр дүүтэйгээ амьдардаг, бүтэн өнчин. Тэднийх гэр хорооллын дахин төлөвлөлтөд орохоос өмнөхөн ээж, аавтайгаа элэг бүтэн амьдарч байсан. 2012 онд охин 14 настай, хоёр дүү нь зургаа, естэй байж. Дахин төлөвлөлтөд орсноос жил гаруйн дараа аав нь зүрхний шигдээсээр хорвоог орхижээ. Түүнээс хойш гурван жилийн дараа ээж нь ч өөд болсон гэнэ. Охин энэ тухай “Аав, ээжийн нас барсан шалтгаан нь дахин төлөвлөлттэй холбоотой гэж боддог. 

Тухайн үед би маш их гутарч, ганцаардан хэцүү байсан” гэж ярьсан аж. Одоо Х 13 болон, 16 настай дүүгээ харж, халамжлахын эрхээр сургуулиа орхин ажил хийж буй. Уг нь тэрбээр “Их засаг” их сургуульд элссэн ч ажил хийж, дүү нараа өсгөхийн тул чөлөө авчээ. Ар гэрээ авч явах, сургалтын төлбөрөө олох, хоёр дүүгээ хүний зэрэгт хүргэх гээд бүх ачаа түүний нуруун дээр буусан тул ганцаардах нь мэдээж. Гэвч охин амьдралд бууж өгөлгүй хоёр ажил зэрэг хийж, үүрээс үдшийн бүрий болтол хөдөлмөрлөж байгаа гэсэн. Тэд өдгөө Сүхбаатар дүүрэг дэх түр оршин суух байранд амьдарч буй. Гэхдээ төрөөс ямар ч тэтгэмж тусламж авдаггүй юм байна. Бүр бүтэн өнчин хүүхдийн тэтгэмж, асран хамгаалагчийн болон хүүхдийн мөнгө, хорооноос олгодог хүнсний эрхийн бичигт ч хамрагдаагүй гэсэн. Түр оршин суух байрт орохоосоо өмнө зургаан удаа нүүсэн тул олигтой тавилгагүй шахам, хоёр дүүгээсээ өөр хөрөнгөгүй үлдсэн байна. Аав, ээж нь өнгөрсөн тул бусдад их дээрэлхүүлдэг гэх. Ийнхүү Х охин дахин төлөвлөлтийг зөв хийгээгүйн хор уршгаар хүүхэд битгий хэл, том хүнд ч ахадмаар их ачаа үүрч явна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх явцад гарч буй хамгийн том гарз нь магадгүй энэ байх. Учир нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүд ийн хямарч, зарим нь буруу зан үйлд уруу татагдаж байна. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй 10 хүүхэд тутмын хоёр нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд өртсөн гэсэн судалгаа ч байдаг юм билээ.

Дахиад бодит жишээнээс эш татъя. Хотын төвтэй ойр өсөж торнисон хүүгийн гэр бүл дахин төлөвлөлтөд өртжээ. Тодруулбал, Ногоон нуур орчмын газрыг чөлөөлж, нэг хашааны хоёр айлд мөн тооны байр өгөхгүй гэжээ. Тиймээс нэг хашаанд байсан ах, дүү хоёр өгсөн мөнгийг нь хуваан авч нэг нь Салхит руу нүүжээ. Уулын орой дээр шахам, хэт налуу газарт аж төрөх нь хүүд таалагдаагүй байна. Улмаар V сургуульд сурч байсан хүү захын сургуульд шилжсэн нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлсөн аж. Шинэ газартаа дасахгүй, эцэст нь захын хорооллын атамануудад олзлогдон, хулгай хийж, ял сонссон байна. Хэрэгт холбогдоогүй юм гэхэд айл дамжин амьдрах, нэг газраас нөгөө рүү нүүж амьдрахаас залхсан хүү ээж, аавдаа “Сургуулийн хажууд найзындаа амьдаръя” хэмээн гэрээсээ явжээ. Эцэст нь хүү архи уудаг болж, зан авирт өөрчлөлт орсон болохыг эцэг, эх нь анзаарсан байна. Ээж нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж, биелэхгүй амлалтад хууртан гэрээсээ нүүж олон жил гадуур тэнэж, амьдарснаас миний хүү ийм байдалд хүрлээ” хэмээн уйлж сууна. Хүүхдүүд дассан орчноосоо холдох нь ийм хор хөнөөл дагуулдаг аж. Тэдэнд орчноо солих нь амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн мэт санагдаж, хүнд цохилт болдог байна.

Хүний эрхийг хэрэгжүүлэхгүй юм бол цөөнгүй протоколд гарын үсэг зурж, хэд хэдэн конвенцод нэгдэхээ л больчих, эрхэм гишүүд ээ. Мартсан бол сануулъя. Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай болон Хүний эрхийн конвенцод нэгдсэн. Хүүхэд хамгааллын тогтолцоо бий болгох, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл үүнийгээ дорвитой хэрэгжүүлсэнгүй. Мөн хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай актуудад барилга барих, дэд бүтэц байгуулах асуудал тусгаснаас бус, хүүхэд, хүний эрхийг хамгаалах нэг ч заалт байхгүйг судлаачид шүүмжилдэг.

Түүнчлэн УИХ-аас энэ оны зургадугаар сарын 6-нд 62 дугаар тогтоол баталсан. Энэ тогтоолд “Хот төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж, хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах, газар чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгахад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирлыг төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцдаг байх эрх зүйн зохицуулалт бий болгох асуудлыг тусгасан билээ. Энэ үүргийг Засгийн газар буюу У.Хүрэлсүх танд даалгасныг эргэн сануулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)