Дахин санал хураалтын мэдээ

НИТХ-ын сонгуулийн дахин санал хураалт өчигдөр 07.00 цагт эхэлсэн. Санал хураах явц ямар байгаатай танилцахаар бид ИТХ-ын сонгуулийн I хэсгийн хороо байрлаж буй нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн байранд 11.15 цагт очлоо. Ямартай ч санал авах танхим хоосон биш, хоёр хөгшин саналаа өгч байв. Тус хэсгийн хорооны ахлагч Д.Мөнх-Амгалантай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. -Санал хураалтын явц ямар байна вэ. Иргэд хэр идэвхтэй оролцож байна? -11.00 цагийн байдлаар 213 хүн саналаа өгчээ. Энэ сарын 21-ний өдөртэй харьцуулахад иргэдийн идэвх сул байна. Гэхдээ санасныг бодвол хүний хөл тасрахгүй, залуучууд их идэвхтэй байна. -Энэ хэсгийн хороонд хэдэн хүн санал өгөх ёстой вэ? -Нийт 2532 сонгогч санал өгөх ёстой. Орон нутгийн сонгуулиар манай хэсгийн Орон нутги йн сонгуул ь-2012 хорооны сонгогчдын ирц 49.80 хувьтай байсан. Бараг л тал хувь нь саналаа өгсөн.

Өнөөдөр энэ хэмжээнд арай хүрэхгүй байх л даа гэв. Энэ үеэр саналаа өгсөн иргэдтэй уулзлаа. Тус хорооны иргэн Б.Лхагвадорж “Дахин санал хураалт зохион байгуулж байгаа нь хүмүүсийн цаг, завыг үрсэн таагүй л юм болж байна. Ингэж байхаар хоёр сонгуулиа хамт явуулж болоогүй юм байх даа” гэсэн бол иргэн Н.Батпүрэв “Хүмүүсийн идэвх сул байгаа нь олон удаа санал өгөөд залхсаных байх. Нэгэнт ирц хамаагүй байсан бол өмнөх саналын тоогоор дүгнэхэд ялгаа юу байна аа. Хүмүүсийн ажлыг дэмий үрэх юм” гэлээ. Энэ сарын 21-нд болсон орон нутгийн сонгуулиар нийслэлийн зургаан дүүргийн 149 хэсэгт сонгогчдын ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар дахин санал хураалтыг 29-нд явуулахаар шийдвэрлэсэн.

Гэхдээ дахин санал хураалтын хувьд ирц чухал биш. Өөрөөр хэлбэл, ирц хүрсэн, хүрээгүй тухайн санал хураалтыг хүчинтэйд тооцож, хамгийн олон санал авснаар нь ялагчийг тодруулна хэмээн хуульд заасан. Үнэндээ сонгогчдын идэвх өмнөхөөсөө сул байх нь эхнээсээ л тодорхой байсан. Увс аймгийн Наранбулаг сумын Хужир багийн хэсгийн хороонд л гэхэд 576 сонгогч санал өгөх ёстой байв. Гэтэл 18.00 (өчигдөр) цагийн байдлаар 169 хүн буюу 29.03 хувь нь л саналаа өгсөн байсан. Энэ тоо 22.00 цаг хүртэл 40 хувьд хүрэхгүй нь лавтай. Тэгэхээр 21-ний өдөр 40 гаруй хувьтай байсан сонгогчдын санал салхинд хийснэ гэсэн үг. Хэрэв дахин санал хураалтын дүнг ирц харгалзан гаргахаар хуульд заасан байсан бол энэ удаагийн орон нутгийн сонгууль хэзээ ч дуусахгүй, мянгуужингийн үлгэр болох байж. Хууль ч үүргээ биелүүлэв бололтой. Хэн зохион байгуулалт сайн явуулж, олон хүн зөөж, саналыг нь өгүүлж чадсан нь орон нутгийн иргэдийг төлөөлөх нь гарцаагүй боллоо. Дугаар шилжих мөчид СЕХ-той холбогдон мэдээлэл авахыг хүссэн боловч “Манайх мэдээлэл өгөхгүй. Дахин санал хураалт явуулж буй сонгуулийн хороодоос мэдээлэл ав” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)