Дахин гурван дэд сайдын асуудал үлдлээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлж буй Засгийн газрын дэд сайд нарыг томилох асуудал бас л хэл ам, хэрүүл тэмцэл дагууллаа.

Анх дэд сайдад нэрээ дэвшүүлсэн МАН-ын 130 гаруй хүн байснаас 50-иадыг нь Удирдах зөвлөлөөрөө авч хэлэлцсэн аж. Эхний байдлаар буюу 13 дэдийг Удирдах зөвлөлөөс санал болгосон ч Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар арвыг нь томилж, тогтоол баталсан байна.

Тэдгээрийг дурдвал Зам тээврийн дэд сайдаар Б.Цогтгэрэл, Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх асан Б.Энхбаяр, Сангийн яамны дэд сайдаар МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Мөнгөнчимэг нарын залуус томилогджээ. 

Харин ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдоржийг Батлан хамгаалахын дэд сайд, МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулгыг Эрчим хүчний дэд сайд, Л.Бямбасүрэнг Эрүүл мэндийн дэд сайд болгон баталжээ. 

УИХ-ын гишүүн асан хүмүүс ч дэд сайд болсон. Тэдгээрийн нэг нь Ё.Отгонбаяр. Тэрбээр Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд болсон бол Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдад Х.Бадамсүрэн томилогдсон. Мөн "Монголын зүүний хүчний холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Батбаяр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд болсон билээ.

Мягмар гарагт МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгогдсон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад М.Батбаяр, Гадаад хэргийн дэд сайдад Г.Тэнгэр нарыг Засгийн газраас томилсонгүй.

Үүний учир шалтгааныг ч тайлбарлаагүй. Магадгүй албан тушаалын төлөөх МАН-ын дотоод зөрчлөөс үүдэлтэй байж болох талтай ч өмнөх буюу сайд нарын томилгоо шиг АТГ-ын албан бичигт буруу тохсон тайлбар ч хийгдэж мэдэх юм. 

Юутай ч төрийн нарийн бичгийн томилгооноос өмнө дээрх гурвын орыг “нөхөх” дэд сайд нарын асуудал дахин хөндөгдөх болох нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)