ДАХИАД “ТЭНЭГЛЭХ” ШААРДЛАГА БАЙВ УУ

 

“Шарли Эбдо”-гийнхон хаширсангүй. Хэт үзэлтнүүдэд бууж өгөхгүй гэхдээ сэтгүүлийнхээ шинэ дугаарыг дуулиантайхан хэвлэсэн нь хэвлэлийн эрх чөлөө мөн боловч ийм таагүй үед зөнч Мухамедээр дахин оролдсон нь сайн зүйл авчрахгүй л болов уу. Сэтгүүлийн шинэ дугаар хэрцгийллийг даллаж, айдас хүйдэс төрүүлнэ” гэж “New York Times” сонины өчигдрийн дугаарын тэргүүн нүүрэнд бичжээ. Харин Туркийн нийтлэлч Мустафа Акёл “Шарли Эбдо”- гийн элэглэлд тайван, уужуу хандахыг исламын шашинтнууддаа уриаллаа.

“Уурсаж бухимдана гэдэг хүлээцгүй зангийн илрэл. Аль ч шашны сүр хүчийг гаднын шүүмжлэгч, үл ойлгогсод бус, тухайн сүсэг бишрэлийг дагагсад л харуулдаг” гэж тэрбээр бичсэн байна. Энэ өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Францын “Шарли Эбдо” сэтгүүл хийгээд уг сэтгүүлийн шог зургуудаас улбаалан тус улсад болсон алан хядах ажиллагаа, түүнээс үүдэн өрнөж буй Европын ирээдүй хийгээд исламын шашинтнуудын талаарх олон янзын мэтгэлцээн, тал талын байр суурь өчигдөр сэтгүүлийн шинэ дугаарт “зангилагдав”. Парисыг гурав хоног “барьцаалж”, 17 хүний аминд хүрсэн алан хядагчдын үйлдэлд дэлхий нийтээрээ, тэр дундаа Африк, Ойрхи Дорнодын исламын шашинтнууд хүртэл сэртхийж, жигшин зэвүүцэж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ хэт үзэлтнүүдийг эсэргүүцсэн болгон “Шарли” байсангүй. Сэтгүүлийн шинэ дугаарт зөнч Мухамедийг дүрсэлсэнд олон улс өөр өөр хариу үйлдэл үзүүлснээс үүнийг харж болно. “Бүгдийг өршөөсөн” гэсэн үгтэй ногоон дэвсгэр дээр “Би ч гэсэн Шарли” гэсэн бичиг барин зогсох Мухамедийг хэдэн саяар нь хэвлэсэн нь исламын шашинтнуудад ил тод зарласан загалмайтны аян дайн мөн” гэж Алжирын төрийн төв хэвлэл “Echourouk”-т бичжээ.

Харин Иорданы “Al-Dustour” сониныхон “Дахиад ингэж тэнэглэх шаардлага байв уу” гэж “Шарли Эбдо”-гийнхноос асуусан байна. “Тэдэн шиг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэж яривал исламын шүтлэгтэн хэн боловч оршин суугаа газрынхаа Францын Элчин сайдын яам юм уу, Консулын газарт “Биднийг доромжиллоо” гэж хандаж болох шүү дээ. Тэд цөм Шарли бол бид бүгдээрээ Мухамед. Үүнийг ойлгох тийм хэцүү байна гэж үү” гэж уг сонинд бичсэн нь исламын шашинтнуудын дунд хэдхэн цагийн дотор цахим сүлжээний тренд болоод байна. Харин Ираны төв телевиз IRINN, Туркийн Засгийн газрын мэдэлд байдаг “Yeni Akit” сонин зэрэг исламын үнэт зүйлийг хамгаалах бодлоготой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Энэ үйлдэл үзэн ядалтыг хаа сайгүй дэвэргэнэ” гэж анхааруулав. Харьцангуй чөлөөт хэвлэл гэгддэг, Туркийн “Cumhuriyet” сонин хэдийгээр “Шарли Эбдо”-гийн шинэ дугаарын дөрвөн нүүрийг Мухамедийн зураггүйгээр нийтэлсэн ч ийм түгшүүртэй үед тоглоом шоглоом болох вий гэж болгоомжилж буйгаа нуусангүй.

Саудын Араб, Ливан, Египет зэрэг орны сэтгүүлчид харин Франц, Герман зэрэг исламын шашинтан олонтой Европын орнууд аливаа шашин шүтлэгийг доромжилж, гутаахыг хориглосон хуультай болох ёстой гэж зөвлөсөн байна. Иймэрхүү байр суурь Хятадын төв хэвлэлүүдээс ч харагдана. Тус улсын өдөр тутмын англи хэлээрх сонин “Global Times”-д “Исламын шашинтнуудыг ингэж өдөх шаардлагагүй байсан юм. “Шарли Эбдо”-гийнхон утгагүй наргианаа үргэлжлүүлбэл эрх баригчдаа хүнд байдалд оруулна” гэжээ. Харин манай хойд хөршийн “Ведомости” сонин “Бусдын зан заншлыг хүндэтгэдэггүй барууныхны бардам зан, тэнэглэл хэрээс хэтэрлээ” хэмээгээд “Шарли Эбдо”-гийн хэргийг Орост хэрэгжүүлж буй барууны хориг, америкчуудын дээрэнгүй бодлого зэрэгтэй холбосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)