Дархлаа боомилогч

“ӨНӨӨДӨР”-ИЙН СЭДЭВ: Зуун дамнасан “хормойн” өвчин

Дайн тулаан, өвчин эмгэг, байгалийн гамшгаас болж хүн төрөлхтөн үй олноороо үрэгдсэн түүх өчнөөн. Тулалдаж байгаад амиа алдах нь нэг талаар утга учиртай үхэл. Байгалийн гамшигт нэрвэгдэж, хорвоог орхих нь дэндүү эмгэнэлтэй. Тахал зэрэг халдварт өвчний улмаас хэдэн мянга, саяараа хиарах нь хэтэрхий харамсмаар хатуу тавилан гэлтэй. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт өөрийн буруугаас “хормойн” өвчинд идүүлж хорвоог орхиж буйг юу ч гэмээр юм бэ дээ. Гэхдээ энэ нь нэг талаас хувь хүний явдал мэт боловч нөгөө өнцгөөс харвал нийгмийг хамрах том эмгэнэл мөн.

Хүн үүссэн төдийгөөс өдий хүртэлх хугацаандаа бэлгийн замаар буюу нөхөн үржихүйн эрхтнээр дамжин тархдаг өвчин үүсгэгч янз бүрийн вирус, нянтай “нөхөрлөж” хор хөнөөлийг нь амсаж иржээ. Тэдгээрээс 

хамгийн урхагтай нь тэмбүү гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд “үсэрч наалддаг” учраас ДОХ-оос ч аюултай хэмээнэ. Ингээд зогсохгүй удаан хугацаанд өөрийгөө “илчлэхгүй” бие махбодыг гэмтээж, архагшдаг учраас тэмбүү үүсгэгч цайвар трепонем хэмээх бактери маш хортой. 

Ийм айхавтар өвчинд монголчууд нэгэн үед боомилуулж, бас боомилж байсан түүх бий. “Улаан тарианы” хэмээн нэрлэсэн тэр цаг үеэс хойш бүтэн зуун өнгөрсөн ч бид өнөөдөр харамсалтай нь тэмбүүтэй зууралдсаар л. Энэ тухай ярьсаар байгаад сүүлдээ бүр дөжирчихлөө. Ингэж “дасах” нь цайвар трепонем бактериас дутахгүй аюултай. “Өнөөдөр” сонин тэмбүү ямар айхавтар “махчин” болохыг ухуулан, сэрэмжлүүлж “Улаан тарианы үе эргэн ирлээ” хэмээн цувралаар хөндөж байлаа. Үүнээс үүдэн нэг хэсэг шуугьж, удирдах түвшнийхэн дорвитой арга хэмжээ авна хэмээн сүржигнэсэн ч эцэст нь “үлгэр” болоод намжсан билээ. Гэтэл өнөөдөр Монголд тэмбүү хөгжлийнхөө дээд үедээ хүрч, мэдрэлийн, ясны, ургийн гээд зүсэн зүйлээрээ дэлгэрээд байна.

Хамгийн сүүлийн үеийн статистикаар, зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчин туссаны 38.2 хувь нь, мөн шинжилгээнд хамрагдсан 1507 жирэмсэн эх тэмбүүтэй гэж оношлогдсон байна. 45 нярай ээжээсээ тэмбүү тээж төрсний 14 нь амьгүй, 11 нь хэсэг хугацааны дараа нас баржээ. 2019 он гарснаас хойш гурван сарын хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 21 нярай мэндэлсэн байх юм. Томчуудын “тоглоом” Монголын хойч үеийг хэдийн шоглоод эхэлсний баримт энэ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, улаан тарианы үеийнхээс ч айхавтар нөхцөл байдал өнөөдөр бий болжээ. Тиймээс “Өнөөдөр” тэмбүүгийн талаар дахин хөндөж, ороомог хэлбэрт эл бактерийн балгийг “Зуун дамнасан “хормойн” өвчин цувралаараа хүргэж байна.

Хүний дархлааны тогтолцоо маш агуу эд. Эзнээ эрүүл байлгахын төлөө гадна, дотнын “дайснуудаас” янз бүрээр хамгаалж, хэрэггүй нян, вирусийг бут цохиж, хэрэгтэй, ашигтайг нь биед нэвтрүүлдэг ухаалаг тогтолцоо юм. Тиймээс л бие махбодынхоо харуул, хамгаалалтыг сайжруул, сэргээ гэж эмч нар зөвлөдөг. Гэхдээ хүн зөв амьдарч чадвал дархлаа нь тэр бүр дордож, тэтгүүлээд байдаггүй хатуу чанга эд л дээ, цөөхөн тохиолдолд “нурдгийг” эс тооцвол. Тэр цөөхөн тохиолдлын цөөнгүй хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлдэг. Өөрөөр хэлбэл, “хормойн” өвчнүүд хүний дархлааны тогтолцоог юу юунаас илүүтэй сульдуулж, боорлож, урж тасаддаг гамшигтай. Эмчлүүлэхгүй даамжруулбал хорт хавдрын эсээс ч долоон дор, хөгийн нян, вирус “хормойд” шургах дуртай. Тийм муухай зүйлийн нэг нь 8-14 жигд хэлбэрийн эрчлээстэй, агааргүй орчинд өсөх чадвартай, ганц эст цайвар трепонем хэмээх нянгаар үүсгэгддэг тэмбүү өвчин.

Эл нян бие махбодод орсон тохиолдолд дархлааны тогтолцоо маань эсэргүүцэж, “дотогш дайсан нэвтэрчихлээ шүү” гэж дохио өгдөг. Энэ нь арьс, салст бүрхэвч дээр өвдөлт, зовиургүй хатуу товруу үүсэх, янз бүрийн тууралт гарах, эд, холбоос дээр зөөлөн хавдар бий болох зэргээр илэрдэг байна. Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлэгт хандахгүй бол хожим цусаар уйлаад ч нэмэргүй болохыг санаарай.

Тэмбүүгийн халдвар авснаас хойш өвчин гурван үе шатаар даамжирна. Үе шат руу шилжих явцад үүсгэгч нь нуугдах учир цусны шинжилгээгээр “барьж” авна. Халдвар аваад хэр удсанаас шалтгаалж эрт болон хожуу үеийн тэмбүү гэж ангилдаг. Ихэвчлэн шинж тэмдгээр нь үе шатыг тодорхойлдог аж. Халдвар авснаас хойш хоёр жилийн дотор оношлогдвол эрт, түүнээс хойшихыг хожуу үеийн тэмбүү гэж үздэг байна. Монголчууд 1990-ээд онд ардчиллыг эдэлж, “мансуураад” эрүүл мэндээ хаясны улмаас тэмбүүг “хав дардаг” муу зантай болжээ. Харин сүүлийн үед нийгмийн шаардлагаар буюу ямар нэгэн хөшүүргээр эмнэлэгт хандаж буй нь эл өвчнийг эрт үед илрүүлэх нь нэмэгдсэн талаар эмч нар мэдээлэв. Хөшүүрэг гэдэг нь гэр бүлээ батлуулах, мэс засал хийлгэх, жирэмсний хяналтад орох, гадаадад зорчих зэрэг шалтгаанаар албадан шинжилгээнд хамрагдахыг хэлж буй.

Өнгөрсөн жил Монголд 6163 тэмбүүгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний дийлэнх нь 15-44 насныхан. Түүнчлэн 45-59 насны 441 хүн, 60-аас дээш насныхан 0.7 хувийг эзэлжээ. Хамгийн эмгэнэлтэй нь 0-14 настай 70 хүүхэд “хормойн” өвчний золиос болсныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхан хэлэв. Тэгвэл 2019 оны эхний гурван сард бэлгийн замын халдварын 1340 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25.3 хувийг эзэлж байна. Бэлгийн замын халдварт өвчний 25.7 хувийг заг хүйтэн, 25.2 хувийг трихомониаз эзэлсэн бол тэмбүүгийнх 49.1 байна. Энэ эрчээрээ явбал өнгөрсөн жилийн “амжилтаа” хоёр дахин нугалах нь, тэмбүү тээгчид. Үүнээс аймшигтай нэг тоо байна. Он гарснаас хойш гурван сарын хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 21 хүүхэд төрсний 14 нь Улаанбаатарт. Бид жирэмсэн эхчүүдийн болон төрөлхийн тэмбүүгийн талаар дараа хөндөх учраас ингээд орхиё.

Тэмбүүгийн бактерийг антибиотикийн тусламжтайгаар, зөв эмчилгээгээр л дарна. Түүнээс өөрөөр “эмчилбэл” цайвар трепонем биеийн аль нэг хэсэгт нуугдаад, бүр тухална. Чухам хаана амьдрахаа тэр өөрөө л сонгоно. Нэвтэрч чадахгүй эд, эс, эрхтэн гэж түүнд үгүй. Эл өвчний бактери ороомог хэлбэртэй ч тархалт нь яг л долгионы урсгал шиг байдаг гэж олон улсын эрдэмтэд онцолжээ. Дуу, долгионы хурд ямар байдаг билээ. Тэмбүү таны биеийг тийм л хурдаар эзэлнэ, эдэлнэ, тархана гэсэн үг.

Тэгэхээр эл өвчний бактери биед тань байгааг мэдвэл яах ёстой талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч, клиникийн профессор М.Тунгалагаас тодрууллаа. Түүний хэлснээр, эл өвчнийг дутуу эмчлэх, эмийг зохисгүй буюу дураар хэрэглэвэл үүсгэгч нь өөрийгөө хамгаалах бүрхүүл “ургуулдаг”. Нэгэнт бий болсон бүрхүүлд эм, бэлдмэл нэвтрэхэд төвөгтэй болж, үүний улмаас хүний биед удаан оршин тогтнох таатай нөхцөл нь болдог юм байна. Эсвэл хэлбэрээ өөрчлөөд нуугдчихдаг аж. Дур мэдэн “оролдвол” далд хэлбэр рүү шилжинэ гэсэн үг. Хүний биед гаднаас өвчний үүсгэгч нэвтрэхэд эсэргүүцэх бодис ялгардаг. Үүнийг эсрэг биет гэнэ. Өвчин үүсгэгч эмчилгээ хийсний дараа устдаг ч эсрэг биет буюу тэмбүүгийн “сүнс” цусанд насан туршид нь үлддэг аюултай гэсэн. Улаан бурхан, салхинцэцэг зэрэг зарим өвчнийг ганц удаа л тусдаг. Харин тэмбүү тийм биш. Өөрөөр хэлбэл, ямар ч эмчилгээний үед дархлаа тогтохгүй буюу хэдэн ч удаа тусаж болно. Тиймээс зөвхөн эмчийн хатуу хяналтад, “хормойгоо” хумьж байгаад эмчлүүлнэ. Хоёр жилийн турш хяналтад байж, эмчлүүлэх нь бүрмөсөн эдгэрэх замын эхлэл. Эдгэрсэн ч хяналтын шинжилгээнүүд өгдөг юм байна. Антибиотикийн харшилтай хүмүүсийн хувьд гурав хүртэл жил эмнэлгийн хяналтад байх шаардлагатай.

М.Тунгалаг эмчийн мэдээлснээр, бэлгийн замаар дамжих халдварын төрөл зүйл, үүсгэгч жил ирэх тусам олширч байна. Дэлхийн нийтэд бэлгийн замын 30 гаруй төрлийн халдварт өвчнийг одоогоор бүртгээд буй аж. Манайд зонхилон тохиолддог ХДХВ/ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, мөөгөнцрийн халдварын тоон үзүүлэлтийг улсын хэмжээнд нэгтгэдэг. Сүүлийн үед бэлгийн замаар дамждаг бусад халдварт өвчин нэмэгдэж буйтай холбогдуулан албан ёсны судалгаандаа бэлгийн үү болон хомхой, хламид зэргийг нэмж оруулдаг болжээ. Монголд зонхилон тохиолддог эдгээр өвчнийг уг нь 1990 оноос өмнө бүртгэдэг байж.

Цайвар трепонем биед нэвтэрснээс хойш 20-40 хоногт цусанд ордог. Энэ хооронд дархлаа хэмээх хөөрхий хамгаалагч маань бактерийг устгахаар зогсоо зайгүй тэмцээд л байна. Нэлээд хувийг нь утсгаж дөнгөх учраас эл хугацаанд илээр ямар нэгэн шинж тэмдэг тэр бүр илэрдэггүй аж. Гэхдээ дархлаа маань тэмбүүгийн бактерийг бүгдийг нь ор үндэсгүй устгаж хэзээ ч чаддаггүй. Тиймээс л түүнийгээ дэмжээд эмчийн заавраар эмчилгээ хийлгэвэл эдгэрэх боломж 100 хувь. Гэтэл хүмүүс тэмбүү авснаа мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй явсаар дархлааны тогтолцоогоо бариулж, сульдаасны дараа ухаардаг байна. Нэгэнт тэмбүү авчихсан хүн эл бактери тээгчтэй “наадвал” дахиад л халдварлана. Түрүүн дурдсанчлан, эмчилгээний үед дархлаа тогтохгүй (Өнөөдрийн байдлаар шинжлэх ухаанд цайвар трепонемийн эсрэг вакцин бүтээгээгүй байна). Ийм тохиолдолд өвчний бактери биед илүү олноор үүрлэж, дархлааг тэр хэрээр түргэн буулгаж авна.

Хэрэв эмчилгээ хийлгэхгүй удвал цайвар трепонем цуснаас “дайжаад” эсэд үүрлэнэ. Ингэж эрхтэн, эдийг бүрдүүлэгч эсэд суугаад, бүрхүүлтэй болж нуугдсан ч идэвхтэй амьдарсаар байх тул уураг тархины бүтцэд өөрчлөлт оруулж, сэтгэцийн гажуудал үүсгэнэ. Эл бактерийн “дайралтаас” болж нугас болон мэдрэлийн үхсэн эсүүд ой ухааны доройтолд хүргэнэ гэсэн үг. Үүнийг сэтгэцийн тэмбүү гэдэг бөгөөд ийм “амжилтад” хүртлээ цайвар трепонем 10-20 жил тасралтгүй “мэрдэг” аж. (Энэ талаар бид дараагийн цувралаараа хүргэнэ). Хамгийн аюултай нь, энэ үедээ цусны шинжилгээгээр ч илрэхгүй, “бултах” талтай. Үүнийг “дүлий” тэмбүү гэж нэрлэдэг юм байна. Биед бактери амьдарсаар байгаа ч шинж тэмдэг илрэхгүй болдог учраас тэр. Энэ хугацаанд өвчний бактери дархлааны тогтолцооны эсэргүүцэлд дасаж, тухайн хүний биеийн “нэг хэсэг” болох учраас яг л эрүүл мэт амьдрах боломжтой юм байна.

Хуримын хослолоо өмсөж байгаад цавьныхаа хажууд жижгэвтэр, хатуу зүйл байгааг анзаарсан нэг орос залуу эмчид хандсанаар тэмбүүгийн халдвар авснаа мэджээ. Тэрбээр ханийн сонголтоо эргэн харахад хүрсэн тухайгаа цахим хуудсандаа сэрэмжлүүлэх үүднээс бичсэн байх юм. Ердөө 22 настай бүсгүй харах чадвараа алдсан нь тэмбүүгийн гай. Өсвөр насандаа бэлгийн харьцаанд орж, хэд хэдэн залуутай зэрэг “найзлан”, өөр хэдтэй нь салж, нийлж явсан гэх тэрбээр цайвар трепонемтой дэндүү дотноссон нь ийнхүү нүдээр нь илэрчээ. Түүний

ярьснаар, цусны шинжилгээгээр тэмбүү илэрч байгаагүйг нь эмч нар хүртэл гайхсан гэнэ. Монголд ч иймэрхүү, тодруулбал, өөр эд, эрхтнээр илэрсэн тэмбүүгийн тохиолдол гарчээ. Тухайлбал, нэг хүний хараа муудсан нь эл өвчний бактери нүднийх нь алимыг “зооглосон” байж.

“Хормойн” өвчин шүлсээр, үнсэлтээр мөн аягаар, алчуураар, гудас, орны даавуугаар гэхчлэн ахуйгаар халдах нь хорлонтойг та мэдэх үү. Тэр ч бүү хэл, шүдний, эмэгтэйчүүдийн эмнэлгийн багаж, хэрэгслээр дамжсан жишээнүүд олон улсад цөөнгүй бүртгэгдсэн байдаг. Харин Монголд насанд хүрсэн хүн ахуйн замаар халдвар авсан нь одоогоор бүртгэгдээгүй ч бага насны хүүхэд эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийнхэн анхааруулав. Тухайлбал, ийм өвчинтэй хүний өвөрт унтсан багачууд халдвар авах магадлалтайг иргэд анхаараасай. Мөн хүүхдийнхээ алчуур, сойз зэргийг байнга тусад нь байлгах, усанд ордог онгоц зэргээ сайн ариутгах хэрэгтэйг эмч нар сануулсан. 2019 он гарснаас хойш манайд хоёр хүүхэд ахуйн замаар тэмбүүгийн халдвар авсан бөгөөд ойр дотнынхонд нь тандалт судалгаа явуулахад эцэг, эхийнх нь “бэлэг” болохыг тогтоосон байна. Оросууд Францынх, францчууд харин Италийнх хэмээн өөрөөсөө зайлуулан, “шидэлцдэг” тэмбүү хэмээх өвчин ийм л аюултай байх нь.

Хэдийгээр “хормойн бузар” гэдэг ч эл өвчнийг хэн ч авахыг үгүйсгэхгүй. Бэлгийн хавьтагчийн цар хүрээг тогтоох боломжгүй учраас тэр. Хэдхэн хоромд авсан өвчнийг эмчлэх хугацаа хэдэн жил байдгийг санах ёстой. 1976 онд Америкт тэмбүү газар авч, халдвар авсан нийт хүний 46 хувь нь “цэнхэр, ягаанууд” байжээ. Германд 2003 онд тэмбүүгийн 2500 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс нь 800-гаар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд өсөх шалтгаан нь мөн л ижил хүйстэн, биеэ үнэлэгчидтэй холбоотой байв. Тэгэхээр бэлгийн замбараагүй амьдралыг тэмбүү дагадаг болохыг илтгэх захын л жишээ энэ. Манайд ч ДОХ, тэмбүүгийн халдвар авсан нийт хүний багагүй хувийг ижил хүйстнүүд эзэлдэг гэсэн.

Шинжилгээнд хамрагдсан ганц бие хүмүүсийн 34.3 хувь нь, байнгын ажилтай иргэдийн гурван хүн тутмын нэг нь, ажилгүйчүүдийн 71.5 хувь, оюутнуудын 14.6 хувь нь тэмбүүтэй гэсэн тоог ХӨСҮТ-ийнхөн өгөв.

Гэр бүлтэй хүмүүс халдвар авах нь харьцангуй бага ч эхнэр, нөхөр нь гадаадад, эсвэл орон нутаг, хил орчимд ажилладаг хосуудын дунд өвчин тусах магадлал өндөр байгаа нь тандалт судалгаагаар илэрсэн байна.

Бэлтгэсэн: Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ, О.БАТ-УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)