Дархан цаазат уулаа самарч буй самарчдын балаг

2020.10.20 Манзуширын амнаас самар түүсэн долоон отгийн 20 гаруй хүнийг байгаль хамгаалагчид саатуулав

Хүйтний ам наашлан, өвөл айлчилж буйг аравдугаар сарын жиндүү өдрүүд санууллаа. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй нийлсэн 20 гаруй хүн Богдхан уулын Манзуширын амнаас шуудай шуудайгаар нь самар түүж, цас будрахтай зэрэгцэн бууж ирэв. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Төв аймгийн цагдаагийн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хамтран Түргэн, Төрхурах, Манзуширын аманд шалгалт хийж, самар хууль бусаар түүж буй иргэдийг уулнаас албадан буулгах үедээ дээрх хүмүүсийг саатуулжээ. Тэдний цөөнгүй нь Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Төв аймгаас ирсэн эрчүүд. Эмэгтэйчүүдийнх нь дунд бие давхар нэгэн ч байв. “Хүүхдэд минь идэх хоол алга. Бид хөлсөө дуслуулж л мөнгө олж байна. Ойн дагалт баялаг чинь ард түмний өмч биз дээ” гэж гомдоллох бөгөөд “Арга ядсандаа л тогоо шиг том гэдсээ үл хайхран гэр бүлээ тэжээхийн тулд энэ хүйтэнд самар түүж явна” гэв. Гэр бүлээ тэжээх хариуцлага, хүйтнийг ажрахгүй ажиллах тэдний зүтгэлийг үнэлж болох ч дархан цаазат газраас самар түүх нь хуулиар хориотой.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувь нь ой бөгөөд үүний тавхан хувийг хуш эзэлдэг. Энэхүү ой 10 аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг аж. Дархан цаазатаас бусад газарт ургасан самрыг зөвшөөрсөн хугацаанд (Есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15 хүртэл) түүж, бэлтгэдэг. Харамсалтай нь, иргэд сүүлийн жилүүдэд хушин ойгоос самрыг зүгээр ч нэг авахгүй модыг нь гэмтээж, хог хаяж, нялх ургамлыг талхалж, хориотой хугацаанд баялгийг нь түүж, тэр ч бүү хэл дархан цаазат газрыг самрах болжээ. Өнөөдөр л гэхэд (аравдугаар сарын 20) Түргэн, Төрхурах, Манзуширын амнаас 24 отгийн 204 хүн 26 автомашинтайгаар самар түүж байсныг илрүүлж, албадан буулган, ойр орчмынх нь хогийг түүлгэв. Манзуширын амнаас долоон отгийн 40 гаруй хүн буулгасны хагас нь дээр дурдсан иргэд байв. Цагдаагийн 70, хамгаалалтын захиргааны 25, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын таван ажилтан тус амнуудад шалгалт хийсэн юм. Бидний очсон Манзуширын аманд 40 хүн хоёр хэсэгт хуваагдан шалгалт хийлээ. Нэг хэсэг нь шалгалтаа үргэлжлүүлж яваа бол нөгөөх нь “эрлээ” олж, самарчидтай тулсан нь энэ. Уг нь хушны самрыг зөвшөөрөлгүй түүх буюу байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд 5-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хорих, мөн хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах хуулийн заалттай. Гэвч шалгалтын багийнхан тэднийг торгосонгүй. Түүсэн самрынх нь хагасыг хураан авч, талыг нь самарчдад үлдээв.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Манзуширын ам хариуцсан байгаль хамгаалагч .Өнөрсайхан “Хоногийн хоолоо залгуулах гэж ядарч яваа иргэд эндээс самар түүдэг. Тэр дундаа орон нутгийнхан. Хөдөө ажлын байр хомс учир иргэд гэр бүлээ тэжээх хэдэн төгрөг олох гэсэндээ самар, жимсэнд явдаг юм. Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Төв аймгийн иргэд зөрчил гаргажээ. Бусад үед ч ялгаагүй орон нутгийнхан голдуу ирдэг. Өлгийтэй хүүхдээ тэврээд самар түүж буй хүнээс торгууль нэхэж яаж зүрхлэх билээ. Хэрэв хуш мундаж, нялх мод тайрч, хог хаяж, байгаль орчин бохирдуулсан бол торгож, шийтгэх арга хэмжээ авдаг. Нэг үеэ бодвол иргэд байгальд ээлтэй хандах болсон. Шуудайтай самраасаа гадна хогоо уутанд хийгээд аваад явдаг хүн олон. Харин эсрэгээрээ архи ууж, түүдэг асааж, агсам тавьдаг нэг нь ч бий. Тиймээс шаардлага биелүүлээгүйд нь хариуцлага тооцож, бусдад нь сануулга өгдөг. Хөлс, хүчээ шавхан байж түүсэн жаахан самрыг нь хураагаад, дээрээс нь торгож болохгүй шүү дээ. Тиймээс байгаль хамгаалагчид болон холбогдох албаныхан самарчидтай тэмцэхдээ энэ мэтчилэн уян хатан ханддаг. Дайрч давшилж, айлгаж сүрдүүлээд байвал ямар ч хүн байгалиа хамгаалъя гэж бодохгүй, сүйтгэсэн газраа хаяж зугтана. Мөн маргаан дэгдээх эрсдэлтэй” гэв.

Албаныхны шаардлагын дагуу отог, майхнаа буулгаж буй нь

Хүмүүс 1990-ээд оны үед модыг мундаж, тэр бүү хэл хөрөөдөж унагаад самрыг нь авдаг байж. Үүнээс үүдэн манай улсын нийт хушны 40 хувь нь доройтолд өртөж, устах эрсдэлтэй болсон гэнэ. Мөнгөний төлөө хуш мундаад зогсохгүй ийнхүү дархан цаазат ууланд дураараа авирлаж буй нь харамсалтай. Манзуширын аманд дээрх хүмүүсийн отоглож байсан хэсэг газар хогонд дарагдаж, түүдгийн үнс энд тэндгүй овоорсон харагдав. Тэдний нэг “Манай отог таван хүнтэй. Бид Дархан-Уул аймгаас ирээд ууланд дөрөв хоног отоглосон. Нэг хүн хоёр шуудай самар түүлээ. Нутгийнхан маань энэ амыг хүний хөлд өртөөгүй, элбэг самартай гэсэн юм. Бид нэг килограммыг нь 8000 төгрөгөөр худалддаг. Манай нутагт ажлын байр хомс учир зун самар, жимс түүж мөнгө олж амьдралаа залгуулдаг. Өнөөдөр цас орж, хүйтэрсэн учир уулнаас буух гэж байсан юм” гэсэн бол өөр нэг нь “Энэ аманд ирж байрлаад найм хонолоо. Манай отогт Сэлэнгийн голдуу долоон хүн бий. Уг нь аймгийнхаа Хүдэр сумаас самар түүдэг байв. Өнөө жил Богдхан ууланд самар элбэг ургасан гэж сонсоод наашаа ирсэн. Хэрэв иргэдийнхээ амьжиргааг бага ч гэсэн дэмждэг бол эндээс самар түүхийг нь зөвшөөрөх хэрэгтэй. Энд болц нь гүйцэж, модноосоо унасан самар маш их байна. Бид байгалийнхаа нөөцийг ашиглах эрхтэй шүү дээ” гэв. Байгаль орчин бохирдуулахгүй, дархан цаазатаас бусад газраас самар түүж, ойн дагалт баялгийг ашиглах эрх тэдэнд бий. Гэвч хаа таарсан газраа бие засаж, хогоо энд тэндгүй хаяж, түүдэг өрдөж, мод хугалж буй иргэдэд “өршөөл” үзүүлнэ гэдэг байж боломгүй. Хаясан хуванцар сав, самрыг нь авсан боргоцой, гялгар уут зэрэг нь хогийн цэгийг санагдуулам. Отог, майхнаа хаа хамаагүй барьж, хоол ундтайгаа хувцас, гутлаа нийлүүлсэн замбараагүй дүр зураг эндээс харагдсан. Зулзаган модыг гишгэлж, мундсанаа хөрөөдөн, түүдэг өрдсөн нь сэтгэл эмзэглүүллээ.

Хяналт, шалгалтын хоёр дахь өдөр (аравдугаар сарын 21) 25 отгийн 160 хүн, 17 тээврийн хэрэгслийг уулнаас албадан буулгалаа. Өмнөх өдөр буулгасан иргэдийн хажууд тэд “хүнд гар”-ууд бололтой. Хаясан хогоо түүх нь битгий хэл самрыг нь авсан боргоцойгоор түүдэг асааж, гал алджээ. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, нохой хуцсан чинээ үл тоон, хээвнэг зогсох аж. Экологийн цагдаагийн албаныхан болон байгаль хамгаалагчид галыг унтраасан ч дахин асаж магадгүйг сануулав. Учир нь цас орж, газар чийгтсэн энэ үед хөвдний түймэр гарах эрсдэлтэй гэнэ. Дээрх цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Г.Анар-Эрдэнэ “Манзуширын ам орчимд бүтэн мод алга. Огтолж, хугалснаас үүдэн их, бага хэмжээгээр гэмтжээ. Энэ удаагийн шалгалтаар илэрсэн зөрчилд арга хэмжээ авахгүй, сануулга өглөө. Энэ мэтчилэн сануулга өгсөөр атал дархан цаазат газрыг дахин зорих нь элбэг. Тиймээс тогтмол хяналт, шалгалт хийх хэрэгтэй. Хуш модны самрын энэ жилийн тархцыг аймаг, сумын Ойн ангийнхан тогтоосон. Түүнийг нь БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийнхөн үндэслэлтэй гэж дүгнэжээ. Үүнд найман аймгийн 25 сумын ойн санд хушны самар их, 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсэд дунд ургацтай гэж дурдсан. Нийт хушин ойн 39.7 хувь нь сайн, 60.3 хувь нь дунд ургацтай. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ногоон бүсэд хамаарах Богдхан уулын хушин ой дунд зэргийн ургацтай гэсэн үг. Элбэг биш ийм ургацтай үед иргэд энэ мэтчилэн дархан цаазат уулнаас самар түүсээр байвал доройтолд өртөх эрсдэлтэй” гэлээ.

1778 онд дархалсан дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар, Богдхан уулын экологийн асуудал үүгээр дуусахгүй. Самарчдаас гадна ариун цэврийн байгууламж хүрэлцээгүй, хогондоо дарагдсан гээд дурдаад байвал барагдахгүй. Иргэдийн боловсрол, ёс суртахуунгүй үйлдлийг хэлж барах юм биш. Богдхан уулын дархан цаазат газар луу нэвтрэх тасалбар 300 төгрөгийн үнэтэй. Аяга цайны ч үнэ хүрэхгүй энэ хэдхэн төгрөгийг өгөхгүй гэж маргаан дэгдээх нь түгээмэл гэсэн. Байгаль хамгаалагч Ч.Өнөрсайхан “Дархан цаазат болон түүхийн дурсгалт газар, сүм, хийдийг үзэж, сонирхох тасалбар 3000-5000 төгрөгийн үнэтэй. Манайх хамгийн бага буюу 300 төгрөгийн төлбөр хураадаг. Гэвч иргэд үүнийг өгөх дургүй, байгаль хамгаалагчдыг загнаж, маргаан дэгдээх нь энүүхэнд. Түүгээр ч зогсохгүй хаа хамаагүй бие засаж, хогоо хаях нь хэрээс хэтрээд байна. Иргэдээс гадна Манзушир хийд орчимд үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд ч ариун цэврийн байгууламж, хогийн цэгээ стандартад нийцсэнээр солих шаардлагатай. БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газрынхан түүхийн дурсгалт болон үзэсгэлэнт газруудын ариун цэврийн байгууламжийг сайжруулахад нэн даруй анхаарах хэрэгтэй байна” хэмээв. Түүний хэлсэн нь үнэний ортой. Отоглож буй самарчдаас эхлээд тэнд чөлөөт цагаа өнгөрөөж буй хүмүүс ил задгай бие засах аж. Байгаль хамгаалагчдын шахалт, шаардлагаар ойр орчимд нь үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 2-3 модон жорлон барьсан ч ихэвчлэн түгжээтэй, эсвэл иргэд бохирдуулдаг гэнэ. Биднийг очиход мөн л тийм байв.

Боргоцойн хаягдлыг шатаасны улмаас гал алджээ

1809 онд Богдхан уулын 32 амын 28-ыг нь цагдаатай болгож, нэвтрэх зөвшөөрлийг Богд хаан олгодог журамтай байжээ. Өдгөө энэ уулыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 41 ажилтан, тэр дундаа 25 байгаль хамгаалагчаас өөр хүн хамгаалдаггүй гэхэд хилсдэхгүй. 32 ам бүхий 41.6 мянган ам метр талбайг ийм цөөхөн хүн хамгаалдаг учир зөрчил гарч, болзошгүй аюулд удаа дараа өртдөг нь аргагүй биз. Иргэд байгалиа хамгаалах ухаан, экологийн боловсролд суралцахгүй бол хөхтний 54, шавжийн 1660, шувууны 194 зүйл нутагладаг, нийслэлийн ногоон бүсэд томоохон байр суурь эзэлдэг Богдхан уулаа зэрэмдэглэхэд тун ойрхон болжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)