Дархан-Улаанбаатар чиглэлийн автомашины урсгалыг хязгаарлахгүй

Улаанбаатараас Дарханы чиглэлийн 204.6 км зам барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлж, оны босгон дээр ашиглалтад өгөх Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу ирэх пүрэв гаргаас дээрх чиглэлийн замыг хэсэгчлэн хааж, зам барих ажил эхлүүлэхээр төлөвлөсөн ч хойшилжээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр уг замыг барина. Тиймээс тус банкнаас гаргасан журмаар тендер зарлажээ. 

Тендер шалгаруулалтын дүн ирэх сарын 2-нд гарна. Замын ажил эхлэхээр Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэх болжээ. Энэ нь төв замаар явахаас 27 км-ээр илүү байгаа юм. Ингэснээр Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ачаалал 30 хувиар буурна хэмээн тооцжээ. Улмаар зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хоёр талаар сайжруулсан шороон зам тавих аж. Мөн зорчигч тээврийн хөдөлгөөнийг аль болох сааруулах бодлого баримталж буй.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Тээврийн зуучийн компаниудад хандаж, овор ихтэй ачаа, чингэлгээ галт тэргээр тээвэрлэхийг уриалсан. Хүнд даацын том тэрэгний ачааг галт тэргэнд шилжүүлэхэд хүндрэл гарахгүй. Үнийн хувьд ч өөрчлөлт гарахгүй” хэмээлээ.

Дархан-Улаанбаатарын чиглэлд галт тэргээр 20 тоннын чингэлгийг 267 400, 40-ийнхийг 534 700 төгрөгөөр тээвэрлэдэг аж. Харин Дархан-Замын-Үүд чиглэлд галт тэргээр 20 тоннын чингэлгийг 814.000, 40-ийнхийг 1.629.600 төгрөгөөр тээвэрлэнэ. 

Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний хөлсийг нэмэхгүй байхаар тээврийн компанийн удирдлагатай тохирсон гэдгээ мэдэгдэв. Товчхондоо, зам барих явцад зорчигч тээврийн урсгалыг хаахгүй гэнэ. Мөн том оврын тээврийн хэрэгслийг ч хориглохгүй юм байна. Гагцхүү замын ачааллыг бууруулах арга хэмжээ авах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)