Дарханы чиглэлийн замын дийлэнхийг энэ намар нээхээр төлөвлөж байна

Монгол Улс Азийн авто замын сүлжээнд дөрвөн чиглэлээр хамрагддаг. Түүний нэг нь “АН-3” чиглэлийн Алтан-булаг-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн 1026.6 км зам.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Азийн авто замын сүлжээний “АН-3” буюу Улаан-Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн-Бээжин-Тяньжин чиглэлийн авто замыг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд ашиглах зорилт тавьжээ.

Тус чиглэлийн Улаанбаатар-Дарханы авто зам нь хөдөлгөөний эрчим хамгийн ихтэй. Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дайран өнгөрдгөөрөө онцлог. Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замын эхний хэсэг болох Төв аймгийн Жаргалант сумын салаа хүртэлх 108 км авто замыг 1943, 108-176 км-ийг 1972, 176-232 км-ийг 1974 онд барьжээ. 1974 онд нийт замыг газар дээр нь холих аргаар хөнгөвчилсөн хатуу хучилттай болгосон байна. 1996-2000 онд Азийн хөгжлийн банкны “Авто замыг хөгжүүлэх” төслийн хүрээнд хэсэгчилсэн байдлаар их засвар, шинэчлэлт хийсэн байдаг.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар хоногт 5802, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд 12 389 машин зорчдог. Өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний эрчим, замын ашиглалтын байдлаас шалтгаалж нэвтрүүлэх чадвар нь маш мууджээ. Нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлага гарсан байна.

Тус авто зам нь огцом эргэлт, тойруу, өгсүүр, уруу болон үзэгдэх орчин хангалтгүй хэсгүүд ихтэй бөгөөд осол ихээр гардаг есөн цэг бүртгэгдсэн байдаг.

Засгийн газрын шийдвэрээр ашиглаж байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар, арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгөөр нэмж хоёр эгнээ авто зам барихаар төлөвлөжээ.

Азийн хөгжлийн банкны МОН-3679/3786 зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар, арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хэрхэн өрнөж, ямар шатандаа явааг газар дээр нь үзэв.

Улаанбаатараас баруун аймгууд руу салах тойрог уулзвараас эхэлж буй тус замын нийт урт нь 204.11 км. Төсөл хэрэгжүүлэх хугацаа нь 365 хоног. Зам тавих гэрээг 2019 оны зургадугаар сарын 21-нд байгуулж, 2020 оны зургадугаар сарын 21-нд дуусгахаар төлөвлөжээ. Хучилтын давхарга нь таван үеэс бүрддэг байна. Эдгээр нь:

•Далан

•Суурийн доод үеийн 30 см шороон давхарга

•Гурван хувийн цементээр бэхжүүлсэн 20 см хөрсөн суурь

•Зургаан хувийн цементээр бэхжүүлсэн 20 см буталсан чулуун суурь

•Асфальт бетон таван см хучилт аж.

ТАВАН БАГЦ ХЭСГЭЭР БАРИНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг таван багц хэсгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

I багц-Баруун аймгууд руу салах тойрог уулзвараас Хар модот (52-ын даваа) давааны ар хүртэлх 37.26 км

II багц-Хар модот давааны араас “Урьхан” хүртэлх 45.5 км

III багц-“Урьхан”-аас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км

IV багц-Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км

V багц-Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км

Зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу олон улсын өрсөлдөөнт тендерээр зохион байгуулж дараах зөвлөх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулжээ.

Зөвлөх компаниар БНЭУ-ын “Интерконтинентал консалтантс энд технократс”, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Ай Си Ти сайн консалтинг” компани шалгарсан. Гүйцэтгэгчээр I багцыг БНХАУ-ын “Хэйлонжиан Жиньеи рөүд энд бридж”, II багцыг БНХАУ-ын “Чайна стэйт Шинжаан констракшн инженеринг”, III багцыг БНХАУ-ын “Гуйжоу Хайвэй инженеринг групп”, IV багцыг БНХАУ-ын “Чайна стэйт Шинжаан констракшн инженеринг”, V багцыг “Чайна жео-инженеринг корпорац” хариуцан ажиллахаар тендерт шалгарсан байна.

ЯАГААД МОНГОЛЫН КОМПАНИАР ХИЙЛГЭЖ БОЛДОГГҮЙ ВЭ

Ийм асуулт үргэлж гардаг. “Монголын компаниуд Азийн хөгжлийн банкнаас тавьсан шалгуурын босгыг давж чаддаггүй. Түүнээс биш тендерт оролцох бүрэн боломжтой” гэж зөвлөх компанийн захирал С.Очирбат өгүүлэв. Мөн монгол ажилчид “Хүүхдийн сургууль эхэллээ, хадлан тэжээлээ бэлдэхгүй бол болохгүй нь” гээд ажлаа орхиод явчихдаг тухай тэрбээр хэлсэн.

2019 онд замын ажлын 70 орчим хувийг гүйцэтгэхээр төлөвлөсөн ч 24.86 хувийн ажил хийжээ. Багц бүрээр задалж үзвэл I багц 45.52, II багц 9.49, III багц 3.27, IV багц 5.3, V багц 24.6 хувийн ажлыг тус тус гүйцэтгэсэн байна. График, төлөвлөгөөнөөс хоцорсон шалтгаан нь цаг агаарын хүндрэл (нийт барилгын ажлын хугацаанд 28 хоног үргэлжилсэн бороотой байсан), зарим гүйцэтгэгч байгууллагын ажлын удирдлага, зохион байгуулалт, менежментийн хангалтгүй байдал (II багц болон IV багцын ажил дөнгөж 8.9 хувьтай), нүүлгэн шилжүүлэлтэд ихээхэн хугацаа зарцуулсан (зарим гүйцэтгэгч байгууллагын машин, техник, тоног төхөөрөмж есдүгээр сард ажлын талбайд ирсэн), карьерын зөвшөөрөл хугацаа алдаж гарсан (зарим карьерын байршил нь усны урсац бүрэлдэх эх хилийн заагтай давхацсан шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй), II багц, IV багцын барилгын ажлын гэрээний өртөг хэт бага тул дотоодын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй байсан зэргээс болжээ.

Өвлийн улиралд түр замаар хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй (даваа, гүвээтэй хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх тул) тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс төслийн үндсэн авто замын хөдөлгөөнийг нээх зайлшгүй шаардлагатай байсан. Тиймээс 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд авто замын хөдөлгөөнийг нээсэн байна.

2020 ОНЫ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ

2020 оны замын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлж, үндсэн ажлыг гуравдугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн боловч “Ковид-19” цар тахлын улмаас гадаадын ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадаагүйгээс төлөвлөсөн хугацаандаа эхлээгүй байна. Цар тахал зам барилгын ажлын хэрэгжилтэд нөлөөлсөн учир АХБ-наас зам барилгын ажлын гэрээг 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах зөвшөөрөл олгож, гурван багц хэсгийн гэрээг сунгажээ. Зам барилгын ажлын явцын мэдээллийг хүргэе.

I багц

Гүйцэтгэгч компани нь дотоодын туслан гүйцэтгэгчээр түр замын засварыг 2020 оны гуравдугаар сарын 22-ноос, үндсэн замын ажлыг дөрөвдүгээр сарын 25-наас эхлүүлжээ. Тусган гүйцэтгэгчээр “Эсто”, “Болорболд зам”, “Дойч роуд”, “Нарны үүсгэл” ХХК ажиллаж байна. 2020 оны есдүгээр сарын 10-ны байдлаар ажлын талбайд нийт 244 хүн (үүнээс гадаадын долоо, дотоодын 237 хүн), 108 машин механизм ажиллаж байгаа аж. Ажлын гүйцэтгэл 68.5 хувьтай. Ирэх аравдугаар сард багтааж хучилтаа дуусгах төлөвлөгөөтэй юм байна.

III багц

Гүйцэтгэгч компани нь түр замын засварыг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ноос, үндсэн замын ажлаа тавдугаарын сарын 23-наас эхлүүлжээ. 2020 оны есдүгээр сарын 10-ны байдлаар нийт 133 хүн (үүнээс гадаадын 27, дотоодын 106), 86 машин механизм ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл нь 53 хувьтай. Хучилтыг ирэх аравдугаар сард багтааж дуусгах төлөвлөгөөтэй.

V багц

Гүйцэтгэгч нь түр замын засварын ажлыг 2020 оны гуравдугаар сарын 10-наас, үндсэн замын ажлаа дөрөвдүгээр сарын 2-ноос эхлүүлжээ. Энэ сарын 10-ны байдлаар нийт 144 хүн (үүнээс гадаадын 17, дотоодын 127), 93 машин механизм ажиллаж байгаа гэнэ. Ажлын гүйцэтгэл 50.9 хувьтай бөгөөд хучилтыг аравдугаар сард багтааж дуусгах төлөвлөгөөтэй юм байна.

II, IV багцыг яах вэ

Дээрх хоёр багцын гүйцэтгэгч байгууллага 2020 оны замын ажлыг дотоодын туслан гүйцэтгэгчээр эхлүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ажээ. Гүйцэтгэгч компанийн байрладаг БНХАУ-ын Шинжаан мужид “Ковид-19” цар тахал гарч, хорио цээр тогтоосноос гадаад ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадахгүй болжээ. Үүнтэй холбогдуулан гүйцэтгэгч байгууллагаас 2020 оны наймдугаар сарын 16-нд гэрээ цуцлах хүсэлтээ ирүүлсэн байна. Ийнхүү хоёр багцын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах шаардлага гарчээ. Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу дахин тендер зарлахаар болсон аж. Дараагийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг өвлийн улиралд зохион байгуулж, замын ажлыг 2021 оны гуравдугаар сард багтаан эхэлж, 2021 оны арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байгааг холбогдох байгууллагын хүмүүс хэллээ.

Бэлтгэсэн: Ц.Галаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)