“Даруухан” гэр бүлийн далд амьдрал

Рита, Жерри хоёрыг олны нүдэнд өртөлгүй, хөршүүдтэйгээ найрсаг сайн харилцаатай, хэзээ ч хууль зөрчдөггүй, Америкийн бөглүү нутгийн жирийн багш нар гэж хүмүүс үздэг. Гэтэл энэ бүхний цаана дэлхийгээр хэрэн хэсчихсэн, адал явдал эрэлхийлэгч, 100 сая ам.доллароор үнэлэгдэх алдартай зураг хулгайлсан байж болох хүмүүс нуугдаж байсан юмсанж.

Тэд 1985 оны арваннэгдүгээр сарын 29-ний өглөө хулгай хийжээ. Аризоны их сургуулийн урлагийн музейн ажилтны араас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дагаж орсон байна. Музей нээх тун дөхсөн байсан тэднийг хэн ч саатуулсангүй.

Эмэгтэй нь 50 гарсан, эрэгтэй нь түүнээсээ 30 насаар дүү нэгэн байв. Тэд цув өмсөж, өргөн хүрээтэй шил зүүсэн байлаа. Музейн захирал Жош Голдберг “Би тэднийг хармагцаа этгээд байдлыг нь анзаарсан. Эрэгтэй нь маш туранхай, сахалтай, үхэр долоочихсон юм шиг үстэй, эмэгтэй гэж андуурмаар, харин эмэгтэй нь эр хүн шиг байсан” гэж ярьжээ.

Хачирхалтай энэ хоёр хүн шулуухан шат руу чиглэв. Хамгаалагч араас нь алхтал эмэгтэй нь зам хөндөлслөө. Тэрбээр хамгаалагчтай яриа өдөж бараг 10 минут саатуулах хооронд эрэгтэй нь хоёрдугаар давхарт ажлаа амжуулсан байлаа. Түүнийг ирмэгц тэд хурдан гарч оджээ. Тэд музейн дэргэд хүлээж байсан улаан өнгийн машинд сууж алга болов.

Хамгаалагчид сая л сэжиг төрлөө. Тэр хоёр музейд 15 минутаас илүүгүй хугацаа өнгөрөөсөн, эмэгтэй нь зураг, үзмэр рүү ер хараагүй. Яагаад ийн яарав? Эрэгтэй нь музейд чухам юу хийв. Хамгаалагчид хоёрдугаар давхарт гараад л юу болсныг мэдмэгцээ хашхирч орхилоо. Түүний дууг Голдберг сонсоод туслахаар гүйж ирэв. “Түүнийг шатнаас ойчив уу, эсвэл зүрх нь зогсчихов уу гэж бодсон чинь өөр шалтгаан байсан” гэж музейн эрхлэгч ярьжээ.

Музейн ховор үзвэр болох Голландын зураач Виллем де Кунингийн “Шар хувцастай эмэгтэй” гэдэг зураг алга болсон байв. Де Кунинг нь экспрессионизмийг үндэслэгчийн нэг гэгддэг. Зураг цуглуулагчид түүний бүтээлийг өөрийн болгохын тулд асар их мөнгө төлөхөөс буцдаггүй. 2006 онд де Кунингийн зурсан нэг зураг 137.5 сая ам.доллароор зарагдсан байна. Хулгайлагдсан зураг түүнээс доош үнэлэгдэхгүй аж.

Уг зургийг хулгайлагчид яаран сандран салгаж авахдаа ёрог даавууны хэсэг бүхий хоосон жааз л үлдээснээс өөр ул мөргүй ч гэлээ Холбооны мөрдөх товчооныхон болон цагдаа нар ямар нэг баримт олохыг хичээж байв. Гэтэл хурууны хээ ч олсонгүй, унаж явсан машины дугаар ч байдаггүй. Тухайн үед музейд хяналтын камер байсангүй, зургийг хулгайд алдсаны дараа сая ийм төхөөрөмж суурилуулжээ. Тэгээд де Кунингийн бүтээл хар зах дээр зарагдахыг л хүлээж суухаас өөр аргагүй болов.

Энэ явдлаас 32 жилийн дараа Нью-Мексико мужийн жижиг хотод эртний эд зүйл цуглуулагч Дэвид Ван Окер иржээ. Олон жил аж төрсөн нэг айлын байшинг тэрбээр үзэх ёстой байлаа. Уг айлын эзэн таван жилийн өмнө өөд болж, гэргий нь саяхан хорвоог орхижээ. Тэдний үлдээсэн хөрөнгийг үнэлүүлэх гэж ач хүү нь хуучны эд зүйл цуглуулагчийг авчирсан байна.

Байдлаас ажихад талийгаачид урлаг сонирхдог улс байж. Хаа сайгүй зураг өлгөөстэй, зарим газар уран барималч тавьсан харагдана. Нэг өрөөнд Бетховен, Мольер нарын цээж баримал хэд хэдээрээ байх жишээтэй. Ван Окер энэ бүхний төлөө 2000 ам.доллар санал болгоход ач хүү өчүүхэн ч тээнэгэлзэлгүй зөвшөөрөх нь тэр.

Цуглуулагчийн анхаарлыг нэг зураг гойд татжээ. Унтлагын өрөөний хаалганы ард, нүдэнд өртөхөөргүй газар зургийг нуусан янзтай байлаа. Уг өрөөнд орж хаалгыг нь хааж байж л олж харж болохоор. Ван Окер тэр зургийг дэлгүүртээ аваачиж өлгөхөөр шийдсэн байна.

Дэлгүүрт нь орж ирсэн эхний хүн л зурагнаас хэдэн минут холдолгүй сонирхож гарав. Тэрбээр ихэд анхааралтай харж, гараа хүргэж үзсэнээ “Энэ бол де Кунингийн бүтээл эх хувиараа байна” гэж дуу алдлаа. Ван Окер эхлээд мушийх төдий байтал өөр дөрвөн ч хүн уг зургийг гайхан бахдав. Тэгээд хэн нэг нь зургийг 200 мянган ам.доллороор авъя гэхэд л Ван Окер мушийх мантай болоод явчихжээ. Тэрбээр компьютероо асаан мэдээлэл хайж гарлаа. “Шар хувцастай эмэгтэй” зургийг хулгайд алдсан түүхийг хэдхэн мөчийн дараа интернэтээс олов. Унтлагын өрөөнөөс олсон мөнөөх зургийг ч үзжээ.

Аризоны их сургуулийн музейн утсыг Ван Окер олж, утасдлаа. Ван Окер уг зургийг хадгалж байсан байшингийн гадаа хэдхэн өдрийн дараа баахан машин давхиж ирлээ. Алдагдсан үнэт бүтээлийг олж авах сураг дуулмагцаа музейн ажилтан Оливер Миллер болон бусад хүн өөр мужаас ирцгээжээ. Миллер зургийн өмнө очоод өвдөг дээрээ сөхрөн байж харлаа. Де Кунингийн бүтээл яах аргагүй мөн байв. “Зургийг үзээд Миллер болон их сургуулиас ирсэн хүмүүсийн царайг энэ үед харсан агшнаа би хэзээ ч мартахгүй. Тэд ёстой магнайгаа хагартал баярлаж байсан” гэж Ван Окер ярьсан байна.

Зургийг нямбайлан боож савлаад музей рүү илгээв. Маш нарийн аргаар шалгахад эх бүтээл мөн гэдэгт эргэлзэх зүйл байсангүй. Зургийг хулгайлаад ердөө нэг л удаа жаазалсныг мэргэжилтнүүд тогтоолоо. Үүгээр бол өнгөрсөн хугацаанд зураг нэг л хүний эзэмшилд байжээ гэж хэлж болохоор. Тийм бол нас бартлаа унтлагынхаа өрөөнд түүнийг нуусан хижээл насны хос л түүнийг хулгайлсан баймаар. Ван Окер ч “Зураг музейгээс шууд энд ирж, бидний гарт ортлоо тэндээ байжээ” гэж үзэж байлаа.

Де Кунингийн зураг олдсон айлын эзэд болох Жерри, Рита нар нам гүм, хөл хөдөлгөөн багатай амьдардаг, тэгсэн хэрнээ маш дэг журамтай хүмүүс байсан аж. Тэд 1970-аад оны эцсээр Нью-Йоркоос энэ бөглүү нутагт 50-иад настайдаа ирсэн байна. Эндхийн цагдаагийн байгууллагын туслахын ярьснаар бол Жерри, Рита нар эелдэг даруу, зожигдуу амьдрахыг эрмэлздэг, ямар нэг зөрчил гаргадаггүй байж. Өөрсдийнхөө тухай ярих дургүй, хэнийг ч гэртээ урьдаггүй, тэгсэн хэрнээ хөршүүддээ нэр хүндтэй улс байлаа.

Тэд аялж жуулчлах их дуртай. Рита нь эндхийн сургуульд багшилдаг, зун амралтаа эхлэхээр Жерритэйгээ хилийн чанад руу аялна. Нас барсных нь дараа бэлтгэсэн гашуудлын үгэнд Жерриг адал явдалт аялалд их дуртай, бүх тивийн 140 гаруй оронд болон хоёр туйлд очсон гэж бичсэн байжээ. Харин энэ аяллын зардлаа яаж олдогийг нь ойр тойрны нь хэн ч үл мэднэ. Багшийн цалингаар бол гадаад битгий хэл Америк дотроо ч хол явж чадахгүй. Гэтэл тэднийг нас барсны дараа хадгаламжид нь сая гаруй ам.доллар байсан аж. Юун ийм их мөнгө байдаг билээ?

Жорж, Рита хоёрын гэрт байсан тэдний хуучин фото нь зураг хулгайчдынхтай нэлээд төстэй харагдана. Магадгүй тэд зураг хулгайлах үедээ гэрчүүдийн толгойг эргүүлэхийн тулд зориуд хувцсаа сольж өмссөн байж болно гэж зарим хүн үзэж байв. Энэ таамаглалаар бол Жерри эмэгтэй хүний дүрд “тоглож”, зургийг хүү нь юм уу, хиймэл сахал “ургуулсан” Рита авсан байж болох.

Төрөл төрөгсөд нь үүнд итгэхгүй байв. Жерри, Рита хоёр ийм солиотой, эрсдэлтэй үйлдэл хийхээр, зориглож хулгай хийсэн байлаа гэхэд тэд шоронд орж болзошгүй шүү дээ. Тэд ингэх учиргүй хэмээн Жерригийн 81 настай эгч нь хэлсэн байна. Ритагийн ач нь “Зургийг тэд хулгайлаагүй, худалдаж авсан л байх” гэсэн бодолтой байв.

Фото зураг болон цахим бичлэгээс үзвэл энэ айлд спорт загварын улаан өнгийн “Ниссан” машин байжээ. Түүгээр ч барахгүй, музейд очсон эмэгтэйн өмсөж байсантай ижил цув бас олдож. Алчуур, өргөн, зузаан хүрээтэй шил ч гэрт нь байсан гэнэ. Өөр нэг сэжигтэй зүйл гэвэл хулгайн хэрэг гарсан 1985 оны тэр өдөр дээрх хүмүүс хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэлдээ юу ч бичээгүй орхисон байв.

Сүүлчийн баримтыг Ритагийн ач нь саяхан олжээ. Зураг хулгайлахын өмнөх өдөр авхуулсан зургийг тэр олсон аж. Рита, Жерри нар Талархлын өдрийг Аризонад ах дүү нартайгаа тэмдэглэж байх үед тэр зургийн татуулсан байна. Тэгэхээр хулгайн хэрэг гарах үед мань хоёр музей байдаг хотод байсан байх нь. Гагцхүү чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөх л үлдээд байв. Гэтэл тэд хэргээ хүлээчихсэн ч юм шиг. Жерри нас барахаасаа нэг жилийн өмнө музей дээрэмдсэн тухай ярьсан бөгөөд тэр нь “Шар хувцастай эмэгтэй” зургийг хулгайлсан түүхтэй их төстэй байжээ. Түүний ярианд зураг биш эрдэнийн чулууг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн биш 14 настай охин эмээтэйгээ хулгайлсан тухай өгүүлсэн байв.

Ярианы гол баатар нь музейн хамгаалагч Лу эмгэн, охин хоёрыг музейгээс гарч явахад нь тэрбээр “Яасан ч яаруу явах юм бэ дээ. Ийм газраас ингэж хурдан явдаггүй л юм сан” хэмээн бодож байжээ. Лу музейгээ эргэн тойрч яваад үнэт чулуу алга болсныг анзаарав. Энэ үед эмгэн, охин хоёр хэдийнэ машинд суучихсан байлаа. Музейн хамгаалагч ухасхийн өмнө нь гарч ирэхэд эмгэн хийн шахуургаа (хаазаа) нэмэн түүнийг хайр найргүй дайрч орхив. Тэгээд ямар ч баримт, ул мөр үлдээлгүй давхин одлоо. Олзоо гэртээ нууж, хэзээ ч, хэнд ч үзүүлсэнгүй. Үнэт чулууг өнөөг болтол олоогүй аж…


Бэлтгэсэн: Р.Жаргалант


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)