Дарлагдаж, доройтсон ХӨВСГӨЛ

“Уур амьсгалын өөрчлөлтийн уршиг, үр нөлөөг хүмүүс төдийлөн мэдрэхгүй, ойшоохгүй байх шиг. Тэгсэн атлаа “Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэслээ, ган гачиг, зуд турхан нүүрлэлээ, малын бэлчээргүй боллоо, өвс ногоо ургахгүй байна” гэж түмэн зовлон тоочдог. Үнэндээ энэ бүх үйл явцын цаад шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт” хэмээн ахмад судлаач хэлэв. Түүний үг маргаангүй үнэн. Дэлхий сөнөх нь гэсэн мэдээлэл түгэхэд үнхэлцгээ хагартлаа айж, лаа, шүдэнз базаан, орон хотоосоо дайждаг монголчууд уур амьсгалын өөрчлөлт хэмээх жинхэнэ аюул дэргэд ирснийг, газар нутгийг нь хэмлэн доройтуулсаар буйг анзаарах сөхөөгүй амьдарч байна.

...Цаг уур, орчны шинжилгээний газрынхан онцоллоо. 2015 онд цаг агаараас үүдэлтэй аюулт болон гамшигт үзэгдэл зургаан удаа бүртгэгдсэн бол 2018 онд 12, 2019 онд 14 удаа тохиожээ. Энэ шалтгаанаар хоёр жилийн хугацаанд таван хүн нас барж, 1200 гаруй толгой мал хорогдож, дөрвөн тэрбум төгрөгийн шууд хохирол учруулсан гэнэ...

Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86 градусаар нэмэгдлээ хэмээн улс орнууд сандралдаж, Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө тууштай зүтгэж байхад үүнээс 2.5 дахин өндөр үзүүлэлттэй Монгол алгуурласаар л сууна. Монголын “Швейцар”, хоймор нутаг, аялал жуулчлалын гол бүс гэх тодотголтой Хөвсгөл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дарамтад хамгийн их өртөж, жилээс жилд доройтсоор байгааг мэргэжлийн судлаач, биологичид хөндөх боллоо. Тэдний үгийг салбарынхнаас нь өөр сонсож, хүлээж авч, тоож буй хүн ер алга.Дэлхийн биологийн түүхэнд хамгийн эртнийхэд тооцогдох, цэнгэг уст Хөвсгөл нуур олон зүйлийн амьтан, ургамалтай, мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн хөвч тайга, гол, мөрний өргөн хөндий гээд үзэсгэлэнт тогтоцтой учраас тус бүс экосистемийн хувьд дахин давтагдашгүй, өндөр ач холбогдолтойд тооцогддог. Энэхүү нуурын ай сав, уулархаг нутгийн агаарын температур сүүлийн 50 жилд тасралтгүй өсөж, олон жилийн дунджаас 0.9-1.2 дахин нэмэгджээ. Зөвхөн наймдугаар сарын үзүүлэлтийг авч үзэхэд, 1981 оноос хойш 0.5-1.6 дахин нэмэгдсэн байна. Үүний улмаас олон сөрөг нөлөө ажиглагдаж, цаг агаараас үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж ихэссэнийг “Хөвсгөл далай ээж нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюумаа онцлов. Тэрбээр “Агаарын температур нэмэгдэж, уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр хур тунадас багасах хандлагатай байна. Үүний нөлөөгөөр ургамал ургаж, төлжих хугацаа уртсаж, хортон шавж ихэссэн. Хөрсний хуурайшилт нэмэгдэж, ургамалгүй хэсгийн хөрс суларч, элэгдэж, дийлэнх нутаг гандуу байх боллоо. Хөвсгөлийн уулархаг нутгийн цэвдэгт хөрс Монголын бусад газрынхаас эрчимтэйгээр хайлж эхэлсэн. Би тус аймагт сүүлийн 20 гаруй жил ургамлын судалгаа хийж байна. 1997 оноос хойших төлөвийг харахад, ургамлын тархац 30 хувиар буурсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн ч уур амьсгалын өөрчлөлтийнх зонхилсон” гэв. 

Түүний хэлсэнчлэн, цаг агаарын гаралтай “онцгүй” үзэгдэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн, үүнд байгаль, цаг агаарын өөрчлөлт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрынхан онцоллоо. 2015 онд цаг агаараас үүдэлтэй аюулт болон гамшигт үзэгдэл зургаан удаа бүртгэгдсэн бол 2018 онд 12, 2019 онд 14 удаа тохиожээ. Энэ шалтгаанаар хоёр жилийн хугацаанд таван хүн нас барж, 1200 гаруй толгой мал хорогдож, дөрвөн тэрбум төгрөгийн шууд хохирол учруулсан гэнэ.ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид БОАЖЯ-ны захиалгаар хийж буй Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын экосистемийн үнэ цэнийг тодорхойлох, үйлчилгээний төлбөрийг тооцох судалгаа ч биологичийн мэдээллийг батлав. Төслийнхөн “Манай орны байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарт үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам даамжирч байна. Уур амьсгалын зэргийг температур, хур тунадас, салхи гэсэн гурван хүчин зүйлээр тодорхойлдог. Эдгээр үзүүлэлтээр уур амьсгалын нөлөөнд хамгийн их автсан нь Хөвсгөл нуурын ай сав, Дархадын хотгор хэсэг. Хөрсний чийгийн хэмжээ эрс буурч, мөсөн голууд татарсны улмаас тэндээс тэжээгддэг гол, горхины урсац багассан. Бэлчээрийн ургамлын төрөл зүйл хумигдсанаас үүдэн малын ашиг шим буурах, цэвдэг хайлснаас байшин, барилга, зам, гүүр “суух”, эвдрэх үзэгдэл элбэгшсэн” гэж ярилаа.

Монголын “Швейцар”-т ийм аюул нүүрлэснийг судлан тогтоож, урьдаар мэдсэн эрдэмтэд ядахдаа цэнгэг уст нуураа хамгаалъя гэж зорихдоо Хөвсгөлийг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэхээр хөөцөлдөж, энэ асуудлыг сүүлийн жилүүдэд Улаанбаатарын утаанаас дутахгүй ярьж байгаа. Гэвч холбогдох яам, тамгын газрынхан үүнд төдийлөн анхаарахгүй, санаачилгагүй хандаж ирснийг судлаачид хэллээ. Хэдхэн хоногийн өмнө болсон “Хөвсгөл нуурын ашиглалт, хамгаалалт” хэлэлцүүлгийн үеэр Хөвсгөлтэй холбоотой “ноцтой” баримт, судалгааг эрдэмтэд танилцуулахад ч ийм байдлаар ханджээ. Шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшний хүмүүс чухал дүр эсгэж, нээлтийн үеэр үзэгдээд “арилсан” гэнэ. Засгийн газар Хөвсгөл аймгийг Эко аялал жуулчлалын бүс болгохоор зорьж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн, ТЭЗҮ-ийг боловсруулж байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан Дэлхийн аялал жуулчлалын өдөр (өнгөрсөн сарын 27) мэдээлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилээс жилд доройтон буй Хөвсгөлийн ай савыг хамгаалахын тулд түүний “нуруун дээрх” аялал жуулчлал хэмээх хүнд ачаанаас хөнгөлөх, цаашлаад нуурын орчимд нэмж газар олгохгүй байх шаардлагатайг хэлж байна. Биологич Ж.Оюумаа “Байгаль, цаг уурын болон хүний нөлөө аль аль нь Хөвсгөлд гаарсан. Бидний хийж чадах зүйл бол нэмж дарамт үзүүлэхгүй байх. “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах шаардлага”-д тусгаснаар бол гэр буудал, жуулчны бааз хоорондын зай нэг км-ээс доошгүй байх ёстой. 

Гэтэл Жанхайн 6.8 км газарт 37 бааз, 26 гэр буудал үйл ажиллагаа явуулдаг. Хүзүүвчийн шилд гурав, Өвөр бунхантаас Их хар ус хүртэл долоо, усан зам орчимд 30 дахин гэхчлэн Хөвсгөлд хаа сайгүй газрын даац хэтэрсэн” гэв. “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “Аялал жуулчлал нэрийн доор цэцэглэсэн газрын наймааг цэгцлэх нь Хөвсгөл нуур, түүний ай савыг хамгаалах хамгийн эхний алхам” гэв. БОАЖЯ-ны Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд нэгэн анхаарал татсан мэдээлэл байна. Ус, амьтан, байгалийн ургамал, ой гэсэн бүлэг тус бүрт Хөвсгөл “улаанаар” тэмдэглэгджээ. Тодруулбал, байгалийн нөөц нь хамгийн их багассан аймгуудын гуравдугаарт Хөвсгөл эрэмбэлэгдсэн. Цэнгэг уст нуур төдийгүй, Хөвсгөлийн ай сав, байгалийн цогцолборт газрыг бүхэлд нь анхааралдаа авч, хамгаалах шаардлага тулгарсныг энэ баримтууд сануулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)