Даргын дургүй “code of conduct”

Манай зарим дарга сүүлийн хэд хоногт маш их ууртай байна. Өнөөх муусайн “дүлий сонгогчид”, “хар масс” чинь юм мэддэг, сонсдог болчихсон. Янз бүрийг шалгааж, зүсэн зүйлийг сонирхдог болчихсон. Энэ хэд хоногт ууртай байлгаад байгаа нэг зүйл бол Засгийн газар санаачилж, иргэд нэхээд байгаа улстөрчид, дарга нарын ёс зүйн асуудал юм. Албаны машин амин хувийн ажилдаа ашигласан албан тушаалтнуудын нэрсийг Засгийн газар, зарим хэвлэл зарлажээ. Үүнд зарим дарга маш ихээр уурлажээ. Юу нь буруу байна вэ. Олон жил төрийн хангамжид тарвалзаж ирсэн хүмүүст таатай байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид тусгаар улсын хувьд төр нь төрдөө, хувь нь хувьдаа байх ёстой юм. Төр нь төр шиг байхын тулд ёс зүйн дүрэм буюу Code of Conduct-ийг нэвтрүүлэх цаг нэгэнт болжээ. 

Code of Conduct гэдгийг маш энгийнээр тайлбарлавал үүрэг хариуцлага, зөв зохистой дадлын тодорхойлолт л гэсэн үг. Товчхондоо, шударга бай гэдэг зарчимтай яг ижил юм. Бүр ойлгомжтой болгох гэж энгийнээр тайлбарлавал Code of Conduct-ийг Зөрчлийн тухай хууль гээд л ойлгочиход болно. Уг нь манай улсад, Монголын төрд Хуульчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн ал ба хаагчийн ёс зүйн дүрэм, Шүүгчийн ёс зүйн дүрэм, Нотариадчын ёс зүйн дүрэм, Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, Багшийн ёс зүйн дүрэм, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм гээд бүгд бий. Гэсэн атлаа л өнөөдөр тэд албаны машиныг сургууль, цэцэрлэгийн үүдэнд дугаарлуулж байгаа нь дээрх олон ёс зүйн дүрэм үйлчлэхгүй байгаагийн илрэл шүү дээ. Засгийн газар, Ерөнхий сайд Монголын төрд ажиллаж буй эрхмүүд, албан тушаалтнуудыг мөрийтэй тоглохыг хориглосон.

УИХ-ын гишүүд ч ийм “дүрэм”-тэй болох ёстой. Ер нь тэгээд яаж ийгээд машин унасан, тамгаатгасан төрийн албан тушаалтан, эсвэл УИХ-ын гишүүн болчихоод ард түмнээсээ тасарсан ахуй хангамж эдлээд явах нь, тэгээд бүр хуулиар хориотой бүхнийг хийгээд явах нь монголчууд бидний уламжлалт ёс зүйн “дүрэм”-д ч харш бус уу. Бид чинь буяныг үйлдэх, хүчийг үл хэрэглэн эвийг хичээх, сэтгэлийг ариусгах, шударгыг эрхэмлэх зэрэг суурь ёс суртахууны уламжлалтай ард түмэн шүү. Тийм болохоор Монголын төр маш ойрын хугацаанд Code of Conduct-ийг нэвтрүүлэх хэрэгтэй юм. Тэгж чадаж гэмээнэ, албаны машинаар амины ажлаа амжуулж, цалингаасаа үнэтэй тансаг эд хэрэглэж ард түмнийг басамжлах, эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөөр гадаадад казиноддог үзэгдэл алга болно гэсэн үг.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэж нэг үйлтэй нөхөр байх аж. Бүсгүйг таван секунд ширтвэл бэлгийн дарамт болно гэж хэлээд баахан хүн инээлгэв. Албаны машинаар хүүхдээ зөөж байгаа хэдэн тохиолдлыг ил болгосны дараа “Албан үзгээр хувийн зүйл бичиж болохгүй” гэж хэлээд бас элэг доог боллоо. УИХ-ын гишүүдийг казино тоглоод байгааг хориглоход дэмжлэг үзүүлээч гэж яриад бас даапаалуулав. Энэ инээдэм биш л дээ. Яг үнэндээ инээж байгаад нь ханиадам юм. Ерөөс Code of Conduct-ийг нэвтрүүлэх хамгийн том шалтгаан бол бидэнд энэ байхгүй учраас л парламентын засаглал маань муухай харагдаж байгаа юм. Code of Conduct байхгүй учраас л Үндсэн хуулиар засаглалын хэлбэр өөрчлөх тухай яриад байгаа юм. Энэ бүх гацаанаас гарахын тулд дэлхийн хамгийн сонгодог парламентын ёс зүйн кодыг үг үсэг гээлгүй аваад нэвтрүүлчих хэрэгтэй юм. Ингэж чадвал УИХ-ын гишүүд нь жирийн иргэдийнхээ боломжоос хулгайлж ЖДҮчин болох, гишүүний дүү төрийн цагдааг доромжилчихоод ямар ч хариуцлага хүлээдэггүй, “Гардуулаагүй л бол гүрийнэ” гэдэг алтан дүрэм алга болно. Ийм л юм.

Бэлтгэсэн: Б.Магнай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)