Даралт хэмжүүлэх гэж өрхийн эмнэлэгт даатгал төлөөгүй

Манай улс хөгжиж буй орнууд дундаа эрүүл мэндийн салбарын тогтолцоогоороо тийм ч доогуур үнэлэгддэггүй. Учир юу гэвэл хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг анхан, дунд, нарийн мэргэжлийн гэхчлэн шатлалаар хүргэж ирсэн нь авууштай. Гэвч төр, засгаас өнгөрсөн хугацаанд зохион байгуулалт, төлөвлөлтөө оновчтой хийж чадаагүй, санхүүжилтээ бодитой хуваарилаагүйгээс салбарын бүтэц эдүгээ алдагдчихаад буйг иргэд шүүмжилдэг. Тодорхой хэлбэл, тархины харвалт, зүрхний шигдээс, мэс засал, дотор, гэмтэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой III шатлалын эмнэлгүүд өрхийн буюу анхан шатны үзлэг, шинжилгээ мэтхэн хийсээр байгаа нь үүнийг гэрчилнэ.

...Тушаал, шийдвэрийг нь хэрэгжүүлэх боломжгүй төсөв хуваарилчихаад түүнээс давсан үйлчилгээ нэхэх эрх ЭМДЕГ-т ч алга. Даатгуулагчид ч өрхийн эмнэлгийнхнийг цалинжуулж, даралт хэмжүүлэх гэж татвар төлөөгүй байлтай...

Анхан, дунд, нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг холбогдох хууль, дүрэм, журмаар зохицуулсан байдаг ч хаана хаанаа үүнийг мөрддөггүй нь хачирхалтай. Эрүүл мэндийн тухай хуульд “Өрхийн эмнэлгүүд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх, дэмжих, хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан үзүүлнэ” гэж заасан. Уг нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг эл үүргийг нь л биелүүлдэг болгочихвол иргэд шатлал алгасаж үйлчлүүлэх нь багасаж, нарийн мэргэжлийн төвүүд бусад эмчилгээ, үйлчилгээгээ сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх, дийлддэггүй өвчний “учрыг олох” зэрэгт цаг зав гаргах юм. Харамсалтай нь, III шатлалын эмнэлгүүдэд хэсэгтээ л ийм “аз завшаан” тохиохгүй бололтой.

Учрыг одоо сийрүүлье. Манай улс 2002 онд өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжсэн. Аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийг долоогоос доошгүй тусламж, үйлчилгээ үзүүлэхийг холбогдох хуульд заасан байдаг бол Өрхийн эрүүл мэндийн төв нь дөрвөн төрлийн үйлчилгээг иргэдэд даатгалаар үзүүлэх үүрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан “Өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох санхүүжилтийг 2020 онд хоёр дахин нэмснээр даатгалтай иргэд хуульд заасанчлан дөрвөн төрлийн эмчилгээ, үйлчилгээг “хаалгаа онгойлгоод” авах боломж бүрдлээ” гэж мэдэгдсэн нь саяхан. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны 23 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний нэг иргэнд ногдох зардлыг 16 200 төгрөг байсныг 30 000 болгон нэмсэн. Энэ журмыг он гарснаас хойш хэрэгжүүлж буй.

ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмснээр иргэд тухайн өвчний оношийн бүлэг, төрлөөр өдрөөр, гэрээр, сэргээн засах зэрэг эмчилгээ, үйлчилгээ авна. Иргэн огт төлбөр төлөхгүйгээр, тухайн өдрийн эмчилгээнд хэрэглэх, эм, тариа, ороох боох материалыг өрхийн эмнэлгээс гаргах юм. Түүнчлэн даатгуулагчид эдгээрээс гадна 20 хүртэлх мянган төгрөгт тааруулан, шээс, цусны зэрэг шинжилгээ хийлгэж болно. Даатгуулагч жилд хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Энэ мөнгө нь дуусаагүй л бол өрхийн эрүүл мэндийн төвөөсөө дээрх үйлчилгээг хэдэн ч удаа хүртэх эрхтэй” гэсэн юм.

Үүний дагуу өрхийн хэд хэдэн эмнэлгээр орж, санхүүжилтийнх нь хувь хэмжээ, даатгалтай иргэдэд албаныхны хэлсэн шиг тусламж, үйлчилгээ үзүүлж буй, эсэхийг тодрууллаа. Нөхцөл байдал төсөөлснөөс эсрэгээр угтав. Өрхийн эмнэлгийн санхүүжилтийн 40 хувийг төсвөөр, үлдсэнийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрдүүлдэг аж. Гэвч ачир дээрээ эмчилгээ, үйлчилгээнд нь хаанаа ч хүрэхээргүй төсөв хуваарилдаг юм байна. Улсаас сард олгодог санхүүжилтээрээ эмч, ажилчдынхаа цалинг арайхийн өгдөг эмнэлэг ч цөөнгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, даатгуулагчдын төлсөн татвар тусламж, үйлчилгээ үзүүлэхэд биш, өрхийн эмнэлгийнхнийг цалинжуулахаас хэтэрдэггүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.

Баянзүрх дүүргийн VI хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Балжинням “Өрхийн эмнэлэг нэг иргэнийхээ зардлаар санхүүждэг. Статус нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй хувийн хэвшлийн байгууллага. Тэгсэн хэрнээ хувийн эмнэлэг шиг төлбөртэй үйлчилгээ үзүүлж, ашиг олж, ажилтнуудаа цалинжуулах эрхгүй. Энэ оноос өрхийн эмнэлгийн нэг иргэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг 30 мянган төгрөг болгож нэмсэн. Энгийнээр тайлбарлавал, та жилд 30 мянган төгрөгийн л анхан шатны эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй гэсэн үг. Өрхийн эмнэлгүүд эл санхүүжилтэд тааруулан нийгмийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээтэй. Жишээлбэл, манай хороо 10 000 хүнтэй. Сард 20 сая төгрөгийн санхүүжилт авдаг. Үүний 80 хувийг эмч, сувилагч, ажилчдын цалин, цахилгаан, дулаан, бусад зардалд, үлдсэн 20 хувийг нь л эмчилгээ, үйлчилгээнд зарцуулдаг. 2018 оны аравдугаар сараас өрхийн эмнэлгүүд хорооныхоо нийт хүн амын 20 хувьд даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэх болсноор санхүүжилт тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Гэвч энэ нь мөн л хязгаартай. Манайх дөрвөн төрлийн эмчилгээ, үйлчилгээг сард 2.9 сая орчим төгрөгөөр үзүүлэх гэрээтэй. Үүнд нь өдрийн, гэрээр, сэргээн засах тусламж, үйлчилгээ, оношилгоо, шинжилгээ багтана. Журамд даатгуулагчид бүх төрлийн оношилгоо, шинжилгээг 20 хүртэлх мянган төгрөгөөр хийлгэх эрхтэй ч энэ мөнгөөр ганцхан ЭХО-д л “хардаг”. Манай эмнэлэг цусны бүрэн автомат аппараттай ч 100 хүнд шинжилгээ хийгээд төсөв дуусчихдаг. Даатгуулагч өвчний төрөл, оношийн бүлгээс хамаарч, өрхийн эмнэлэгтээ 70 мянган төгрөгт багтаан өдрөөр эмчилгээ хийлгэж болно. Гэхдээ ЭМДЕГ-ынхан энэ үйлчилгээг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй болон тэтгэврийн хүмүүст үзүүл гэж журамласан. Санхүүжилт нь ч сард 10 хүнд уг эмчилгээг хийхээр хуваарилдаг. 10 000 хүнтэй хорооны эмнэлэгт өдрийн эмчилгээг 10-хан хүнд хий гэх. Даатгалаар үзүүлдэг дөрвөн багц үйлчилгээг шаардлагатай тохиолдолд нэгийнх нь зардлыг нөгөөд шилжүүлж, хөрвүүлж тооцоод ч хүрдэггүй” хэмээсэн.

Даатгалаас олгодог санхүүжилт өрхийн эмнэлгүүдэд 10 хонохгүй дуусдаг. Ингэхдээ дээр дурдсан дөрвөн төрлийн тусламж, үйлчилгээг 10-100 хүнд л үзүүлнэ. Нэг хүнд 35 мянган төгрөгийн шинжилгээ хийгээд, зардлыг нь ЭМДЕГ-аас нэхэмжлэхэд “20 мянган төгрөгт барь” гэж лүндэн буулгадаг аж. Төсвөөс өгдөг мөнгө нь ажилчдынх нь цалингаас хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгал төлдөг хөдөлмөрийн насныханд өрхийн эмнэлгийн үйлчилгээ, санхүүжилт зориулагдаагүй нь ийнхүү нотлогдов. Дээрээс нь магадлан итгэмжлэгдээгүй буюу хуульд заасан анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжгүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, эмнэлгийн байр нь стандарт хангаагүй өрхийн эмнэлэг даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхгүй юм байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төвийн 90 хувь нь магадлан итгэмжлэлтэй байхад Чингэлтэй, Сонгинохайрханых гэхэд 40-50 хувь нь шаардлага хангаагүй гэх юм.

Улсын хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн 220 гаруй төв үйл ажиллагаа явуулж буйн 120 орчим нь нийслэлд байдаг. Үүний 64 нь ЭМДЕГ-тай гэрээтэй гэхээр тэн хагас нь магадлан итгэмжлэлгүй болж таарна. Шаардлага хангасан байртай, тоног төхөөрөмжтэй нь эм, урвалж бодисгүйгээс техник хэрэгслээ бүрэн ашиглаж чадахгүйн зовлон их бий гэнэ. Өрхийн эмнэлгүүд асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдэд өдөр бүр сэргээн засах болон гэрээр сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой ч төсөвгүйгээс хэвтрийн өвчтөнийг сард нэг удаа эргэж тойрдог аж. Үнэгүй үйлчлээд ч ихдээ л хоёр очдог байна.

Харин албаныхан энэ талаар юу гэж ярьсан бэ. ЭМДЕГ-ынхан Өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмснээ сайрхаж, иргэдэд мэдээлэл өгөхдөө “Өрхийн эмнэлэгт даатгалаар хийх цус, шээс, биохимийн шинжилгээг гардан, хурдавчилсан, бүрэн, хагас автомат анализатор ашиглан хийх ёстойг журамласан. Түүнчлэн иргэд тэмбүү, ХДХВ-ийн сорил, ханиад, томуу, суулгалт өвчний үүсгэгчийг илрүүлэх, чихрийн шижин, хеликобактери, цагаан хорхой, хавдрын маркер тодорхойлох, хөх, умайн хүзүүний эсийн шинжилгээ, үтрээний арчдас, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, рентген шинжилгээг (тус бүрийн жишиг үнэ 1100-17 100 төгрөг) даатгалаараа үнэгүй хийлгэх эрхтэй. Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээнд нь хүнд, хэвтрийн өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамаарах бөгөөд тарилга, шээлтүүр, бургуй, хаймсуур тавих, боолт солих, зөөврийн шинжилгээ, биеийн угаалга, жин тавих, утлага хийх, арьсыг холгож, цоорохоос сэргийлэх, хөдөлгөөн засах зэрэг үйлчилгээ үзүүлнэ” гэж сурталчилсан.

Мөн мэдрэл, зүрх, судасны тогтолцооны, амьсгал, шээс, бэлгийн замын, хоол боловсруулах, арьс, дотоод шүүрэл ба бодисын солилцооны, яс, үе, булчин, холбох эдийн, нүд, чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчний үед өдрөөр эмчилгээ хийлгэж болно. Үүнд даатгалаас тус бүрт нь 51-81 мянган төгрөг төсөвлөсөн. Эдгээр бүлэг өвчин дотроо 5-10 төрөл задарч, ерөнхийдөө хүн амын дунд зонхилон тохиолдох 50 орчим эмгэгийг өрхийн эмнэлэгт өдрөөр эмчилнэ гэж “мөрөөдсөн” байв. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний төрлийг олшруулсан нь сайн хэрэг. Гэвч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй, санхүүжилт нь аманд ч үгүй, хамарт ч үгүй. Үнэхээр л анхан шатны эмнэлгүүдийнхээ чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлье, хуульд заасан дөрвөн төрлийн тусламж, үйлчилгээг даатгуулагчдад үзүүлье гэвэл санхүүжилтийг нь судалгаатай нэмэх шаардлагатай аж. Тушаал, шийдвэрийг нь хэрэгжүүлэх боломжгүй төсөв хуваарилчихаад түүнээс давсан үйлчилгээ нэхэх эрх ЭМДЕГ-т ч алга. Даатгуулагчид ч өрхийн эмнэлгийнхнийг цалинжуулж, даралт хэмжүүлэх гэж татвар төлөөгүй байлтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)