"Даншиг наадмын-Хүрээ цам" ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Хүй долоон худагт зохиосон “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Хүчит бөхийн барилдаанд хүчит 256 бөх оролцсоноос Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн тэс сумын харъяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ нар тав давж начин цолны болзол хангалаа. Уг наадамд хүчит бөхийн барилдаанд Даншигийн 8, улсын 33 цолтон хүч үзэн барилджээ.

Жороо морины уралдаанд: Нийт 22 уран явдалтай жороо морь оролцсоноос Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатрын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг айргийн тавд хурдаллаа.

Лам нарын дунд балин болон тосон урлалын тэмцээнд: Нийслэл болон хөдөө орон нутгийн сүм хийдийн 9 лам оролцсоноос Улаанбаатар хотын Жүд дацны балинч лам Д.Баасанжаргал, Дэчингалалба дацны балинч лам Д.Цэндбаяр, Нархажид хийдийн балинч лам Х.Амбасэлмаа нар эхний гурван байрт шалгарсан юм. Арвайн гурил, шар тос, бурам, элсэн чихэр, сүү, тараг, зөөхий, зөгийн бал, эмийн ургамал зэрэг балингийн орц тухайн хурал болон балин өргөж буй бурханаас хамаарч өөр өөр байдаг.

“Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагын 1200 гаруй алба хаагч наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэв журмын явган, автомашинтай, нохойт, морьт эргүүл ажиллажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)